Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 23 210/МА2024/00364

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй ******* шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* *******ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 335,492,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК нь ******* *******ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* ******* ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон 3,300 тн эрчим хүчний нүүрсийг Дорноговь аймгийн Говьсүмбэр сумын Чойр өртөөний ачилтын цэг /Патрикайн гаалийн хяналтын талбай/-т ******* *******ХХК-д нийлүүлэх, ******* *******ХХК нь 1 тн нүүрсний үнийг 196,660 төгрөгөөр тооцож нийт 648,978,000 төгрөгийг зээлийн гэрээний дүнгээс тооцож төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. ******* ******* ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 630,403,463 төгрөгийн үнэ бүхий нийт 3,205.55 тн эрчим хүчний нүүрсийг ******* *******ХХК-д Дорноговь аймгийн Говьсүмбэр сумын Чойр өртөөний ачилтын цэгт шилжүүлж, улмаар уг нүүрсийг ******* *******ХХК 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлосон.

1.3. ******* *******ХХК нийт 294,911,400 төгрөгийг төлсөн ба гэрээнд зааснаар нүүрсний төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс тооцож суутгах хэлцэл байгуулагдаагүй тул ******* *******ХХК-аас үлдэх 335,492,063 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үүднээс мөн 22/12 дугаар гэрээг гаргаж өгсөн. Энэ гэрээний 3.3-т төлбөрийн урьдчилгаа 300,000,000 төгрөгийг төлөх ба 338,978,000 төгрөгийн төлбөрийг "DAMAOQI MENGHEERDUN ENERGY" компани болон захирал Цэцэгмаагийн санхүүгийн хамаарал бүхий Булган говь орд ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлнө гэж *******гасан.

2.2. Булганговь орд ХХК нь ******* *******ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 005 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, Эрдэнэс таван толгой ХК-ийн, 10,000 тн, 5600 (+400:-400) ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий эрчим хүчний нүүрс нийлүүлэхээр тохирсон. Тухайн үед Монгол Улсаас нүүрс тээвэрлэх вагон тээвэр зогссон, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хятад тал хилээ хаасан, Булганговь орд ХХК-ийн захирал Т.Хүүбаяр тээврийн төлбөр байхгүй зэрэг шалтгаанаар нүүрсээ Хятад Улс руу ачуулаагүй тул 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 005 дугаар гэрээгээр урьд байгуулсан 10,000 тн нүүрсээс 3,300 тн-оор дахин гэрээ байгуулсан. Гэвч тухайн нүүрсийг ачих вагон дахин олдоогүй.

2.3. Булганговь орд ХХК-ийн захирал Т.Хүүбаяр манай компани өр төлбөр ихтэй байна, ээжийн компани болох ******* ******* ХХК-тай гэрээ байгуулчих, уг компани нүүрсийг чинь гаргаад өгнө гэснээр ******* *******ХХК нь ******* ******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22/12 дугаар Нүүрс, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр ******* ******* ХХК нь 3,300 тн нүүрсийг 1 тн-ыг 196,600 төгрөг, нийт 648,978,000 төгрөгөөр тохирч 2023 оны 01 дүгээр сард Хятад Улс руу явуулсан.

2.4. Энэ нүүрсийг ******* *******ХХК-ийн нүүрс гэж нэг талаар үзэж болохгүй. БНХАУ-ын "Damaoqi mengheerdun energy" компани болон Булган говь орд ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 100 тн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. "Damaoqi mengheerdun energy" компани нь ******* *******ХХК, түүний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага Н.Уранчимэг нарт Монгол Улсад нүүрс худалдан авах худалдааны үйл ажиллагааг явуулах бүрэн эрх олгосон итгэмжлэл өгсөн байдаг.

2.5. ******* *******ХХК-аас нийт 294,911,400 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ нь 3,300 тн нүүрсний төлбөр биш юм. Учир нь Евро ази бид ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22/0301 дугаар гэрээний төлбөр юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* *******ХХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл 335,492,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,835,410 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* *******ХХК-иас 1,835,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 648,978,000 төгрөгөөр тодорхойлж үүнээс 294,911,400 төгрөгийг авсан, үлдэгдэл 335,492,063 төгрөг гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал 294,911,400 төгрөг нь тухайн нүүрсийг хадгалах, буулгах, ачих хөлсөнд зарцуулагдсанд маргаагүй атлаа нүүрсний үлдэгдэл төлбөр 335,492,063 төгрөг нэхэмжилж буй нь ойлгомжгүй, нийт нүүрсний төлбөр 648,978,000 төгрөгөө нэхэмжлэхгүй байгаа нь хардалт төрүүлдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой биш.

4.2. Мөн гаалийн байгууллагад буй, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Уг гэрээний дугаар нь 22/12 гэж бүртгэгдсэн. Хариуцагч талын гаргаж өгсөн гэрээ нь мөн адил 22/12 гэж дугаарлагдсан, талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээг хүчин төгөлдөр, үнэн гэж дүгнэх боломжгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Гэрээнүүдийн шалтгаант холбоо чухал, хариуцагчийн өгсөн гэрээ мөн адил хүчин төгөлдөр юм. Бичгээр байгуулах шаардлагыг аль аль гэрээ хангасан.

4.3. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч байгууллагыг мэдэхгүй, Т.Хүүбаярын хэлснээр, түүнд итгэснээр нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулсан, Булган говь орд ХХК-ийн үүргийг ******* ******* ХХК гүйцэтгэсэн байхад гүйцэтгээгүй мэтээр дүгнэх боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32023/08408 дугаар захирамжаар хариуцагч байгууллагын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нүүрсний төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс тооцож суутгахаар тохиролцсон боловч уг хэлцлийг талууд байгуулаагүй. Байгуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан ******* *******ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50,000,000 төгрөг болон 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 244,911,400 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаас харагдана. Өөрөөр хэлбэл талууд нүүрсний төлбөрийг зээлийн гэрээний төлбөрийн дүнгээс биш, мөнгөөр төлөхөөр тохиролцсон.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийн гаргаж өгсөн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй мэт боловч хуульд зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй, уг гэрээгээр нүүрсийг шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.3. Нэхэмжлэгч тал үүргээ тогтоосон газар, хугацаанд нь биелүүлээгүй, Булган говь орд ХХК-ийн үүргийг ******* ******* ХХК шилжүүлэн авсан, Евро ази бид ХХК-ийн захирал Д.Мөнхбатын дансанд шилжүүлсэн 244,000,000 төгрөг нүүрсний төлбөр биш гэж маргасан. Хэргийн баримтаар Булган говь орд ХХК нь үүргээ ******* ******* ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогддоггүй. ******* ******* ХХК нь Евро ази бид ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 220301 дугаар Гаалийн хяналтын бүсэд нүүрс буулгах, хадгалах, ачих, үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө төлсөн нь тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* *******ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 335,492,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ******* ХХК, ******* *******ХХК-ууд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ******* ХХК нь 5300 (+400:-400) ккал/тн илчлэгтэй, 3,300 тн эрчим хүчний нүүрсийг нийлүүлэх, худалдан авагч ******* *******ХХК нь 1 тн нүүрс 196,660 төгрөг нийт 648,978,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч 3,205.55 тн нүүрс нийлүүлсэн, хариуцагч 294,911,400 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, салбар лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар зөв тогтоосон байна.

5. Дээрх гэрээний 3.3 дахь заалтад Төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс төлнө гэж *******гасан.

5.1. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч компанийн захирал С.Цэцэгмаагийн хамаарал бүхий Булган говь орд ХХК болон БНХАУ-ын хуулийн этгээд Damaоqi mengheeridun energy ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдсөн гэж маргаж, нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй огноо, дугаар, үнийн дүн нь адил нөхцөл бүхий гэрээг шүүхэд гаргаж мэтгэлцжээ.

Уг гэрээний 3.3 дахь заалтад Төлбөрийн урьдчилгаанд 300,000,000 төгрөг төлөх ба үлдэгдэл 348,978,000 төгрөгийн төлбөрийг Damaоqi mengheeridun energy ХХК болон захирал С.Цэцэгмаагийн санхүүгийн хамаарал бүхий Булган говь орд ХХК хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө гэж заажээ.

5.2. Хариуцагч талын гэрээний огноо, дугаар, үнийн дүн зэрэг нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гэрээнд заасантай адил хэдий ч гэрээний гол нөхцөл болох нүүрсний гарал үүсэл Эрдэнэс таван толгой ХК, илчлэг 5800 (+100) ккал/тн гэж *******гасан нь зөрүүтэй болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5.3. Үүний зэрэгцээ хариуцагчийн татгалзалд дурдсанаар нэхэмжлэгч нь Булган говь орд ХХК-ийн өрийг гүйцэтгэхийн тулд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр эзэмшигч Damaоqi mengheeridun energy ХХК-тай харилцан тохиролцох журамтай ба дээрх 3.3 дахь заалтаар өр шилжсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан бөгөөд Булган говь орд ХХК болон Damaоqi mengheeridun energy ХХК-ийн хоорондын зээлийн гэрээ нь хэзээ, хэрхэн байгуулагдсан, Булган говь орд ХХК ямар үүрэг хүлээсэн, үүргээ гүйцэтгэсэн эсэх зэрэг нь тодорхойгүйгээс гадна Damaоqi mengheeridun energy ХХК-ийг ******* *******ХХК төлөөлөх агуулга уг заалтад илэрхийлэгдээгүй байна.

Түүнчлэн Булган говь орд ХХК-аас ******* *******ХХК-тай, Damaоqi mengheeridun energy ХХК-тай ******* ******* байгуулсан гэх нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн талаар энэ хэрэгт буюу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******ХХК-д холбогдох хэрэгт дүгнэх боломжгүй.

5.4. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр нь нэхэмжлэгч компанийн захирал С.Цэцэгмаагийн хамаарал бүхий Булган говь орд ХХК болон БНХАУ-ын Damaоqi mengheeridun energy ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдсөн гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримтыг үнэлээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан нүүрсийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 335,492,063 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,835,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт ******* ******* зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА