Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00094

 

 

 

 

 

 

 

 

   2024          01            08                                            210/МА2024/00094               

 

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.*******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 19,970 стэбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих үед цахим мөнгөний арилжааны биржэд байршуулсан 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдсан.

Э.*******ий төрсөн ах болох, миний багын найз Э.******* нь миний эзгүйд компьютер дээр хортой программ суулгаж, миний бүх мэдээллийг хуулбарлаж аваад, дүүгийнхээ нэр дээр шинэ данс нээж миний мөнгийг авсан. Э.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгүүлсэн.

1.2. Э.*******ий данс руу 19,970 ******* койныг шилжүүлсэн. Байненс биржээс ирсэн албан мэдэгдэлд шүүхийн захирамж, шийдвэр, тогтоолыг үндэслэн хохирогчид мөнгийг буцаан өгөх боломжтой талаар дурдсан тул шүүхэд хандсан.

Миний олох ёстой байсан ашиг 19,970 ******* койн буюу 19,970 ам.доллар, монгол мөнгөөр 68,956,410 төгрөгийг хариуцагч Э.*******өөс нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдсаны улмаас Э.*******, Б.******* нар нь гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Э.*******ий нэр дээр төрсөн ах нь болох Э.******* нь 3 удаагийн гүйлгээгээр 19,970 ******* койныг шилжүүлсэн байсан.

2.2. Нэхэмжлэгч нь 1 ******* койн 1 ам.доллартой тэнцэх талаар баримтыг шүүхэд өгөөгүй. Койн нь байнга хэлбэлзэж байдаг зүйл. Эрүүгийн хэргийн анхан шатны хурлын үеэс авахуулаад ******* койн нь нэг төгрөгтэй тэнцсэн байдаг. Тэгэхээр 19,970 ам.доллар биш 19,970 төгрөгийг нэхэмжлэх боломжтой юм.

2.3. Э.******* нь Б.*******ын хохирлыг 100 хувь төлж барагдуулсан. Түүний нэхэмжилсэн 19,970 ******* койн нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын орлого болохоор заасан байхад Э.*******ийг хариуцагчаар татаж, мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ 19,970 ******* койныг улсын төсөвт оруулахаар ажиллаж байна гэсэн тайлбар өгсөн.

Иймд Э.*******ийг хариуцагчаар татаж, 68,956,410 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан 19,970 стэбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан үндсэн хохирол төлөгдснөөр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хэмээн дүгнэж, хэт нэг талыг барьж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй.

4.1. Цахим мөнгөтэй холбоотой хэргийг Монгол Улсад анх удаа эрүүгийн болон иргэний шүүх шийдвэрлэсэн. Энэ нь тухайн маргаан бүхий виртуал хөрөнгө, ханш, солилцооны арга хэрэгсэл, данс нээх, хаах, арилжаанд оролцох, учирсан хор уршиг, хохирлын талаарх нэгдсэн ойлголт, туршлага шүүх, хуулийн байгууллага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хэн алинд байхгүй.

4.2. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Койн гэдэг зүйл нь байнга дээшээ доошоо хэлбэлзэж байдаг зүйл, эрүүгийн хэргийн анхан шатны хурлаас эхлээд стебл койн нь нэг төгрөгтэй тэнцсэн. Иймд 19,970 ам.доллар биш 19,970 төгрөг нэхэмжлэх боломжтой ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ 19,970 ******* койныг улсын төсөвт оруулахаар тайлбар өгсөн” гэж илтэд худал тайлбар гаргаж, шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдүүлэх, хоорондоо илтэд авцалдаагүй тайлбар өгч байхад шүүх анхаараагүй.

Шүүх 19,970 төгрөгийн ханш бүхий төлбөрийг барагдуулахаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулж байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан арга хэмжээ аваагүй.

4.3. Мөн Э.******* нь хариуцагч Э.*******ий данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19,970 стебл койн шилжүүлсэн гэх боловч Э.*******ий нэр дээрх******* ******* арилжааны биржийн /Binance/ данс нээх хаах, ажиллах нөхцөл шаардлагын талаар, тухайн эзэмшигчийн нэрийн өмнөөс өөр этгээд гүйлгээ хийх боломжтой эсэх талаар шаардагдах нөхцөл байдлыг тодруулсангүй. Дээр дурьдсанаар энэ талаарх нэгдсэн ойлголт, туршлагагүй юм.

Анх миний дансанд байсан виртуал хөрөнгийг Э.******* нь дүү Э.*******ий данс руу шилжүүлсэн, эсвэл энэ хууль бус ажиллагаанд Э.******* хамааралтай эсэхийг тодруулах нь зайлшгүй шаардлагатай.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.*******өөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2023/07098 дугаар захирамжид гомдол гаргасан. Гэтэл тухайн гомдлоос татгалзах тухай нотлох баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг үндэслэн Гомдол хэлэлцэхээс татгалзах тухай тогтоол гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан журам алдагдсан гэж үзэж байна.

4.5. Өмгөөлөгч авах тухай сайн ойлгуулж, тайлбарлаж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх зүйч, хуульч атал надад энэ талаар ойлголт өгч, өмгөөлүүлэх эрхийг хангах талаар арга хэмжээ аваагүй.

Миний хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон, хуулийн мэдлэггүй,  мөн хэрэг хэлэлцэх үед Э.*******тэй холбоотой тайлбар, нотлох баримт шинжлэн судлагдсан, магадгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байснаас үүдэн тодруулах зайлшгүй шаардлагын улмаас хариуцагчийг солих тухай зөвшөөрлийг асуух, шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн бодит байдлыг тогтоох, үндэслэлтэй байх шаардлагыг хангана.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.1. Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь танилцуулж, гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар нэхэмжлэгч өөрөө илэрхийлсэн. Миний бие хуульч, эрх зүйч биш, мэргэжлийн нягтлан бодогч мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас өмгөөлөгч оролцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1590 дугаар шийдвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1356 тоот хариу мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүх хэргийг хянан шийдвэрлэх туршлагагүй гэх гомдол үндэслэлгүй.

5.3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1590 дугаар шийтгэх тогтоолд Б.*******, Э.******* нараас гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж тусгасныг нэхэмжлэгч нь ойлгохгүй байна.

Мөн тогтоолд койны хөрөнгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд 184,000,000 төгрөгийг бэлнээр авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 19,970 стэбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Э.*******ий төрсөн ах болох, миний багын найз Э.******* нь миний компьютер дээр хортой программ суулгаж, бүх мэдээллийг хуулбарлаж аваад дүүгийнхээ нэр дээр шинэ данс нээж миний мөнгийг авсан. Э.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгүүлсэн .... миний олох ёстой байсан ашиг 19,970 ******* койн буюу 19,970 ам.доллар, монгол мөнгөөр 68,956,410 төгрөгийг Э.*******ий данс руу шилжсэн ...” гэх агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч  эс зөвшөөрч, “...1 ******* койн 1 ам.доллартай тэнцэх талаар баримтгүй, тус койныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн хохирлыг Э.******* барагдуулсан, би хариуцагч биш ...” гэх үндэслэл заан, маргажээ.

 

3. Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1590 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дугаартай магадлал зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Уг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******, Б.******* нар Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял сонгож оногдуулсан, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас Б.*******ын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ. /хх-7-22, 32-42/

3.1. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Баянзүрхийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурорын зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс *******валют арилжааны биржийн 198487907 тоот, шүүгдэгч Э.*******ийн төрсөн дүү Э.*******ий эзэмшлийн дансны 19,970 стэбл /Stable/ койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тус данснаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл, хариуцагч Э.*******ий эзэмшлийн дансны 19,970 стэбл койны хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Түүнчлэн, хариуцагч Э.*******ий хууль бус гэм буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч Б.*******ын эд хөрөнгөд гэм хор учирсан, уг гэм хорыг хариуцагч Э.******* хариуцан арилгах үүрэгтэй, мөн энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тус тус дүгнэх хуулийн үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Мөн шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч тал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

6.1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар Э.*******ийг тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад иргэний хэрэг үүсгэсэн, тэрээр хэргийн оролцогчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулжээ. /хх25/

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шүүх, нэхэмжлэгчийн хүсэлт, эсвэл түүний зөвшөөрлийг үндэслэн хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг явуулдаг. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, мөн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  Иймээс “... би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ..., ... шүүх хариуцагчийг солих тухай зөвшөөрлийг асуух, шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн бодит байдлыг тогтоох байсан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                         Д.ЗОЛЗАЯА

 

      Ч.ЦЭНД