| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00048/Э |
| Дугаар | 00049 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 00049
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч А.Б, А.Бд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Б, А.Бд нарт холбогдох 1932000270050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Шарын гол суманд 1968 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Азарсүрэнгийн Б. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1968 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 01 жил 01 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Агвааны Бд. /РД:*/
Шүүгдэгч А.Б, А.Бд нар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суиын Хэрх 4 дүгээр багийн нутаг Нарийн даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр 45 см урттай 12 ширхэг буюу 0.406 м3 нойтон хус мод, 1 метр 45 см урттай 17 ширхэг буюу 0.516 м3 хуурай хус мод, нийт 29 ширхэг буюу 0922 м3 хус модыг бэлтгэж тээвэрлэн ойн санд 141315 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын өгсөн…... 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Мандал сумын нутаг Нарийн даваа гэх газраас хуурай, нойтон нийлсэн 29 ширхэг хус мод бэлтгэсэн. Ээжийндээ галын түлээ бэлтгэж өгөх гэж байсан юм. Эхлээд өөрийн машинтай явж байгаад эвдрэхээр нь найзынхаа машиныг гуйж аваад ачиж явж байгаад цагдаад баригдсан. Буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бдийн өгсөн ....... 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай найз Б хүрч ирээд ээжийнх модгүй болчихож чи найздаа хэдэн хус мод ачилцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч хамт яюсан. Б эхлээд өөрийнхөө машинтай явсан боловч машин нь эвдэрсэн. Тэгээд Б найзынхаа машиныг гуйж авчраад модыг ачиж явж байгаад цагдаатай таарч баригдсан. Би өөрийн бурууг хүлээж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Э.Тмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадамын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № 18-04-340/02 тоот хохирол тооцсон актаар бодит хохирол болох 47105 төгрөгийг 3 дахин нугалж тооцсон хохирлын мөнгөн дүн болох 141315 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ А.Б нь байгаль орчинд учирсан нийт хохирол болох 141315 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Надад болон манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал өөр нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 38 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Т.ГОын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ……. Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн иргэн А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад манайд ирээд миний машин эвдэрчихлээ чирээд ирье гэж хэлээд миний 35-24 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан. Тэгсэн чинь миний машинаар мод ачиж яваад тэр өдөртөө цагдаад саатуулагдсан байсан. Хэрвээ цаашид миний машиныг улсын орлого болговол би А.Баас өөрийн портер маркийн машинаа нэхэмжлэх болно. Би Баас портер машинаа буюу эсхүл мөнгөн дүн болох 3 сая төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 2019/03 …….. Хариулт:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр нь 3 дугаар мужид хамаардаг. Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай 394 дугаартай тушаалд 3 дугаар мужийн ойд 1 шоометр хус мод нь 57000 төгрөг, бүх төрлийн хуурай мод28500 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд: Түлээ /нойтон/- 1.4, Түлээ /хуурай/ - 1,0 байна.
Нойтон хус мод: 0.406 м3 х 57000 төг х 1.4 = 32399 төг
Хуурай хус мод : 0.516 м3 х 28500 төг х 1.0 = 14706 төг
Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 47105 /дөчин долоон мянга нэг зуун таван/ төгрөг болж байна гэх /Хх-н 52 дугаар хуудас/
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № 18-04-340/02 .........
1.Нойтон хус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 32399 төгрөг, хуурай хус модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 14.706 төгрөг нийт 0922 метр куб модны хохирол нь 47.105 төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт ой түүний нөөцөд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 47105 х 3 = 141315 төгрөгийн хохирол ургамал түүний нөөцөд учирсан байна гэх /Хх-н 54 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-09 дүгээр хуудас/
35-24 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-13 дугаар хуудас/
65-47 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 14 дүгээр хуудас/
3524 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 19 дүгээр хуудас/
Хятад улсад үйлдвэрлэсэн улаан шаргал өнгийн хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол /Хх-н 32 дугаар хуудас/
А.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 70 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 81, 97 дугаар хуудас/
А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 82 дугаар хуудас/
А.Бдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 91 дүгээр хуудас/
А.Б нь ойн санд учруулсан хохиролд 141400 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 114 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Б, А.Бд нар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суиын Хэрх 4 дүгээр багийн нутаг Нарийн даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр 45 см урттай 12 ширхэг буюу 0.406 м3 нойтон хус мод, 1 метр 45 см урттай 17 ширхэг буюу 0.516 м3 хуурай хус мод, нийт 29 ширхэг буюу 0922 м3 хус модыг бэлтгэж тээвэрлэн ойн санд 141315 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Б, А.Бд нарын зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 141315 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.
Иймд шүүгдэгч А.Б, А.Бд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна гэж үзэв
Шүүгдэгч А.Б нь ойн санд учруулсан хохиролд 141315 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б, А.Бд нарын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэхдээ хэрэглэсэн Портер маркийн 34-25 СЭА улсын дугаартай автомашин нь иргэн Т.ГОын эзэмшлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон бөгөөд уг авто машиныг эзэмшигч Т.ГО нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдон тогтоогдсон байна.
Иймд уг авто машиныг хурааж улсын орлогод оруулах боломжгүй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож авто машиныг эзэмшигч Т.ГО-д буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч А.Б нь өөрийн эзэмшлийн портер маркийн 65-47 СЭҮ улсын дугаартай автомашинаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тээвэрлээгүй байх тул уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан шаргал өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 12 ширхэг нойтон хус мод, 17 ширхэг хуурай хус мод, нийт 29 ширхэг хус модыг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, А.Бын № 594159 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэг, 65-47 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн № 01278914 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, 35-24 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн № 02195312 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Бд буцаан олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Азарсүрэнгийн Б, Боржигон овогт Агвааны Бд нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б, А.Бд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан шаргал өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 12 ширхэг нойтон хус мод, 17 ширхэг хуурай хус мод, нийт 29 ширхэг хус модыг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, А.Бын № 594159 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэг, 65-47 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн № 01278914 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, 35-24 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн № 02195312 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Бд буцаан олгосугай.
4. А.Б, А.Бд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас А.Бын эзэмшлийн 65-47 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, Т.ГОын эзэмшлийн 35-24 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б, А.Бд нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН