Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00025

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Хохирогч О.Бдгийн өмгөөлөгч И.Атарбямба

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мб-д холбогдох 1832002420008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Тосонцэнгэл суманд 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Охот ХХК-д компьютерийн мэргэжилтэн ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөөжин овогт Отгончулууны Мб.   /РД:*/

 

Шүүгдэгч О.Мб нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Мицибуши Пусо загварын 27-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Булган аймгийн Хангал сум орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгийн чиглэлийн төв засмал замын 150-151 дэх километрийн заалтын орчимд Тоёота приус 20 загварын 73-65 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын багаажийг онгойлгон ослын гурвалжин тэмдэг гаргах гээд зогсож байсан иргэн О.Бдг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мбын өгсөн ……  2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оройн 18 цагийн үед Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд гарсан. 27-70 БУА улсын дугаартай Мицибуши пусо маркийн ачааны машин жолоодож дүү Бгийн хамт явсан. Тэгээд явсаар байгаад Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт байрлах Сод монгол шатахуун түгээх станц өнгөрч явж байгаад зөрж өнгөрөх машины гэрэл хурц байснаас гэрлийн гялбаанд орж машин зөрж өнгөрөх агшинд миний урд талд машины багаажны хаалга гэнэт харагдсан. Тоормоз гишгэсэн боловч очоод наалдсан. Машинаас буугаад харахад замын хажуу талд приус 20 маркийн машин байсан. Уг машин дээр гүйгээд очиход урд талын суудалд нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй сууж байсан. Надаас манай нөхөр хаана байнаа гэж асуухаар нь би нөхөр чинь хаана байсан юм бэ гэж асуухад машиныхаа ард байсан гэж хэлэхээр нь машиных нь багаажийг онгойлгож үзэхэд ухаан санаа нь орж гарсан эрэгтэй хүн байсан. Тэгээд би яаралтай түргэн дуудсан. Тэгээд байж байтал цаанаас нэг хүн гүйж ирээд яасан бэ гэсэн. Удалгүй түргэн ирээд хохирогчийг аваад явсан. Хэргийн газарт би үлдсэн. Хохиролд нийт 10392000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч О.Бдгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тухайн орой машинаа жолоодоод явж байсан чинь машины хянахын гэрлүүд асаад машин хүчгүй болчих шиг болохоор нь баруун гар тийш замаа чөлөөлж зогсоогоод машинаа унтраасан юм. Тэгээд тэр дор нь старт /асаах товч/ дээр дарж машинаа асаах гэсэн боловч асахгүй гаднах гэрлүүд болон машины бүхээг доторх гэрлүүд ч асахгүй болчихсон юм. Тэгэхээр нь гайхаад за ямар ч байсан багааж тээшнээсээ ослын зогсолтын гурвалжин тэмдгээ гаргаж зам дээр тавья гэж бодоод эхнэртээ хэлээд машинаасаа гарч тээшний хаалгыг онгойлгоод тээшний хэсэгт байсан юмнуудыг авч газар тавиад ослын гурвалжин тэмдгээ авах гэж байтал осол болсон. Би эдгээр зүйлийг одоо санаж байгаа боловч машин ирээд араас мөргөсөн эсэхийг огт санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн юм.... Эмчилгээний зардалд 4300000 төгрөг, ер нь ослын улмаас хохирсноос шалтгаалаад бусад 15700000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. Цаашид ажилгүй үеийн цалингийн зөрүүг нэхэмжлэх болно. Би нэг сард дунджаар 2 сая төгрөгийн цалин авдаг. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх юмаа. Яллагдагч талаас хагалгааны хадаасны үнэ 1950000 төгрөг, ор хоногийн мөнгө 410000 төгрөг, асаргааны үнэ болох 450000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 192000 төгрөг, үнэлгээний үйлчилгээний хөлс 40000 төгрөг, нийт 3142000 төгрөг өгсөн байгаагаас гадна автомашины зээлийг дарж 5 сая төгрөг өгсөн. Мөн эмчилгээ асаргаанаас гадна 1500000 төгрөгийг хохиролд тооцуулахгүйгээр сэтгэлийн тусламж болгон өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 18-20 дугаар хуудас/

Гэрч Ц.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Би жолоочид данхраад олдохгүй байна гэж хэлээд зогсож байтал зам дээр гэрэл гэгээгүй зогсож байсан машины зүгт түсхийх чимээ гарахаар нь харахад зам дээр зогсож байсан нөгөө машин замын хажуу руу шидэгдэж байгааг эсрэг урсгалд явж байсан машины гэрэлд харсан юм. Тухайн машины зүгээс хүн орилоод байхаар нь гүйгээд очиход уг машины ард нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай ухаан санаа нь орж гарч байгаа юм уу гэлтэй ёолоод хэвтэж байсан. Би түүнээс яасан бэ юу болсон бэ гэж асуухад хариу дуугарахгүй зөвхөн амнаас нь уур гарч байгаа нь тус замаар явж өнгөрч байгаа машины гэрэлд харагдсан. Би машинд сууж байгаа хүн дээр очиход нэг эмэгтэй утсаар ярьчихсан уйлаад байж байсан... Би Баянгол сумын цагдаа руу болсон ослын талаар 00:13 цагт утсаар дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 35-36 дугаар хуудас/

Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Баруунхараагийн Сод монгол ШТС-ын хажуугаар өнгөрөөд явж байхад эсрэг талаас ирж явсан машины гэрэл нүд гялбуулахаар нь суудал дээрээ хэвтчихсэн ба эргээд бостол тасхийгээд явчихсан. Юу болсныг мэдээгүй бөгөөд харсан чинь машины салхины шил хагарчихсан байсан. Тэгэхээр нь Мб ахын хамт буугаад харсан чинь жалга дотор приус-20 маркийн машин зогсож байсан. Тэгээд тэр машины араас мөргөсөн байна гэж ойлгосон. Бид хоёр хамт гүйгээд тухайн машин дээр очиход урд суудал дээр нь манай нөхөр хаана байна гээд нэг эгч уйлаад сууж байсан. Бид хоёр тухайн машины багааж руу очиж хаалгыг гүйцэд дээш нь өргөхөд дотор нь жолооч залуу ухаангүй байдалтай байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 37-38 дугаар хуудас/

Гэрч Ц.Эчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Бид гурав явсаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу дөхөж сумын гэрэл гэгээ ороод ирэх үед манай машины хянахын гурвалжин гэрэл ассан. Манай нөхөр машинаа замын хажуугийн шороон хэсэг рүү шахаж зогсоогоод тээшнээс ослын гурвалжин тэмдэг гаргаж зам дээр тавиадахъя гэж хэлээд машинаас буусан юм. Би утасныхаа гэрлийг асааж машин доторх орчныг гэрэлтүүлсэн ба нөхөр маань багаажны хаалгаа онгойлгож байсан юм. Би нөхрөөсөө хайраа тэмдгээ олсон уу гэж асуухад хайр нь одоохон гэж хэлээд амандаа асаагуурын гэрэл зуугаад гэрэлтүүлж байсан. Би тэрхэн зуур хүүгээ хөхүүлтэл гэнэт тасхийгээд манай машин нэг тийш шидэгдсэн. Би тэр зуур шоконд орсон бөгөөд араас гэрэлгүй машин ирээд мөргөчихлөө дөө гэж таамагласан. Энэ үед 2 залуу гүйж ирээд тусалсан. Тэр хоёр хүнээс нөхрөө асуухад гайгүй байнаа машины ард байна гэж хэлсэн. Буугаад харахад манай машины арын хэсэг чихэгдээд нөхөр маань машины ард хэвтэж байсан. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 41-42 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр № 01 ....... Дүгнэлт:

1.О.Бдгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн цусархаг няцрал, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.3, 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. О.Бдгийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй гэх /Хх-н 46 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр № 36 .........Хариулт:

1.Мицибуши пусо загварын 27-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Мб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч О.Мб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Тоёота приус-20 загварын 73-65 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Бд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.4. харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын в, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Мицибуши пусо загварын 27-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Мб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч О.Мб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна гэх /Хх-н 89 дүгээр хуудас/

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийх үед хийсэн схем зураг /Хх-н 04-11 дүгээр хуудас/

О.Мбын согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 12 дугаар хуудас/

Хохирогч О.Бдгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 26-33, 139-154 дүгээр хуудас/

Тоёота приус-20 загварын 73-65 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 3267000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1290000 төгрөгөөр, нийт 4557000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 94-96 дугаар хуудас/

О.Мбын № 841905 дугаартай ВСЕ ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /Хх-н 108 дугаар хуудас/

О.Мб нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 111 дүгээр хуудас/

Хохирогч О.Бд болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохиролд  17652000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн хохирлын 03 хуудас баримт 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч О.Бдд хохирлын мөнгө шилжүүлэн төлсөн 06 хуудас банкны баримт, мөн шүүгдэгчийн ам бүл болон хувийн байдлын талаарх 04 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Мб нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Мицибуши Пусо загварын 27-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Булган аймгийн Хангал сум орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгийн чиглэлийн төв засмал замын 150-151 дэх километрийн заалтын орчимд Тоёота приус 20 загварын 73-65 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын багаажийг онгойлгон ослын гурвалжин тэмдэг гаргах гээд зогсож байсан иргэн О.Бдг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.Мб нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч О.Бд нь хадаасны үнэ 1950000 төгрөг, ор хоногийн 410000 төгрөг, хагалгааны төлбөр 360000 төгрөг, асаргаа сувилгааны хүний байрны зардал 450000 төгрөг, приус-20 машины үнэлгээний хөлс 192000 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд дуудлагаар ирсэн хүний зардал 49000 төгрөг, приус-20 машиныг ломбарданд тавьж зээл авсан 5 сая төгрөг, цалингийн зээлийн эргэн төлөлтийн нэг сард төлсөн 750000 төгрөг, Дарханаас Эрдэнэт явсан зардал 100000 төгрөг, имрай зураг авахуулсан 264000 төгрөг, хөлний зураг авахуулсан 314000 төгрөг, нийт 9830000 төгрөгийг шүүгдэгч О.Мб төлсөн, шүүгдэгчийн төлсөн хохирлоос гадна нэмж 2018 оны 12 дугаар сарын болон 2019 оны 1, 2 дугаар сарын цалин 5850000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 4557000 төгрөг гарсан боловч уг машиныг засч унах ямар ч боломжгүй тул машиныг О.Мбад өгч түүнээс машины 10 сая төгрөг нэхэмжилнэ, би өөрөө явж чадахгүй хэвтэрт байгаа тул өмгөөлөгчийн хөлс 850000 төгрөг, эмнэлэгт болон эмнэлгээс гарсны дараах эмчилгээний зардал 792174 төгрөг, автомашинд ачиж явсан 2 ширхэг толь 80000 төгрөг, хүүхдийн ванн 20000 төгрөг, хэвтрийн хүний бие засах суултуур 42000 төгрөг, асаргааны зориулалтын хийлдэг ивүүр 18000 төгрөг, нийт 17652000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч О.Мбаас хохирогч О.Бдд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэг сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хоёр сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гурван зуун мянган төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг зуун мянган төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр таван зуун мянган төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр таван сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хоёр зуун жаран мянган төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хоёр зуун гучин хоёр мянган төгрөг,  2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр долоон зуун тавин мянган төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гурван зуун мянган төгрөг, нийт 10397700 төгрөгийг Төрийн болон ХААН банкаар шилжүүлэн төлсөн байна.

Хохирогч О.Бдгийн шүүгдэгч О.Мбын өгсөн 5 сая төгрөгийг приус-20 машиныг барьцаалж зээл авсан ломбарданд өгсөн гэснийг шүүгдэгч тал хүлээн зөвшөөрөхгүй уг мөнгийг автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр гарсан 4557000 төгрөгөнд тооцуулна гэснийг шүүх хүлээн авч приус-20 автомашины эвдрэл хохирлын үнэлгээнд тооцох нь зүйтэй гэж үзэн  хохирогч О.Бдгийн приус-20 машины үнэнд нэхэмжилсэн 10 сая төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 850000 төгрөгийн хамт хэрэгсэхгүй болгох, харин хохирогч О.Бд нь приус-20 маркийн автомашиныг ломбарданд барьцаалж зээл авсан талаар зээлийн гэрээ болон холбогдох баримтууд байхгүй байгаа тул ломбардны зээл гэх 5 сая төгрөгийг хэлэлцэхгүйгээр орхих үндэслэлтэй байна.

Мөн хохирогч О.Бд нь сард 1950000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг гэж 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01, 02 дугаар сарын цалинд 5850000 төгрөг нэхэмжилсэн ба хуульд заасан ёсоор бол хохирогч О.Бд нь цалин, листний мөнгө хоёрын зөрүүг шүүгдэгч О.Мбаас нэхэмжлэх ёстой боловч шүүгдэгч тал уг 3 сарын цалингийн мөнгийг нэхэмжилсэн үнийн дүнгээр буюу 5850000 төгрөгөөр нь одоо төлөөд дараа нь хохирогч О.Бд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал илүү төлсөн хэсгээ хасч тооцуулъя гэсэн тул шүүх хохирогч О.Бдгийн нэхэмжилсэн 3 сарын цалин 5850000 төгрөгийг шүүгдэгч О.Мбаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч О.Бд нь нийт 27482174 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч О.Мбын бэлнээр төлсөн 10397700 төгрөгийг хасч тооцоход 17084474 төгрөгийн хохирол үлдэж байх ба үүнээс приус машины үнэнд нэхэмжилсэн 10 сая төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлс 850000 төгрөг, нийт 10850000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хасч үлдэгдэл 6234474 төгрөгийг шүүгдэгч О.Мбаас гаргуулж хохирогч О.Бдд олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Мб нь 6234474 төгрөгийн хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 20 минутын хугацаагаар хойшлуулах завсарлага авч 6234474 төгрөгийг хохирогч О.Бдгийн данс руу бэлнээр шилжүүлэн төлсөн тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч О.Мбын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 27-70 БУА улсын дугаартай Мицибуши Пусо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 108 дугаар талд шүүгдэгч О.Мбын № 841905 дугаартай ВСЕ ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар авагдсан боловч О.Мбын жолоочийн үнэмлэх прокуророос холбогдох хавтаст хэргийн хамт шүүхэд хүрэлцэн ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч О.Бд нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Бөөжин овогт Отгончулууны Мбыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Мбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мбад хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Мб нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, О.Мбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хавтаст хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч О.Бдгийн нэхэмжилсэн хохирлоос 16632447 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, 10850000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, автомашин барьцаалж зээл авсан гэх 5 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

6. Энэ хэргийн улмаас О.Мбын эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэсэн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн гэх 27-70 БУА улсын дугаартай Мицибуши Пусо загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хохирогч О.Бд нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Мбад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.ХЭРЛЭН.