Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 190

 

 

Х.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогч М.Болдбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 458 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Х.С-д холбогдох 2034000000558 дугаартай хэргийг хохирогч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Х.С- нь Төв аймгийн Батсүмбэр сум Баянгол 3 дугаар багийн нутаг “Оросын хонхор” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн М.Болдбаатарыг “агсарч дайрлаа” гэх шалтгаанаар толгой руу усны гутал болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хохирогч М.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Болдбаатарын нэхэмжлэлээс 1.676.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Болдбаатар гаргасан гомдолдоо “... Х.С-д зодуулж толгойдоо хүнд гэмтэж хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Х.С- нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүй амь насанд халдаж онц хэрцгийгээр зодсон. Улмаар анхан шатны шүүхийн хуралдаанд ухаан санаа орон гаран байхдаа орж шүүгдэгчийн болон ар гэрийнх нь ятгалгаар гомдолгүй гэж мэдүүлснээ мэдээгүй ухаан балартан унасан. Сайнзаяа нь хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлснийг шүүх хуралдаан бүрэн төлж барагдуулсан мэт тооцсон болох нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөлд хүргэсэн төдийгүй давж заалдах шатны шүүхэд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх дээр хэрэгтэн болон түүний өмгөөлөгч илтэд худал мэдүүлж хохирогчийн үг хэлэх, мэдүүлэг өгөх боломжийг хаагдуулж илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна. Энэхүү байдлыг харгалзан үзэж уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан гомдолдоо “... Х.С- нь согтуурсан үедээ хохирогчийг ямарч шалтгаангүй зодож амь насанд аюултай гэмтэл учруулсан бөгөөд үүнийгээ “унтахгүй байсан учраас унтуулах гэж цохьсон гэж мэдүүлсэн байна.

Энэ хэргийн улмаас хохирогчийн биед “тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд хүнд зэрэгт хамаарна, гээд “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт гарчээ.

М.Болдбаатар нь гэмтэл авснаасаа хойш Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 гаран хоног хэвтэн эмчлүүлж, тархины хүнд хагалгаанд орсон. Одоо маш их ядардаг, удаан ярьж алхаж зогсож чаддаггүй, толгой байнга өвддөг, эм тогтмол ууж байгаа, заримдаа ухаан санаа орж гаран элдэв зүйл ярьж хөгшин настай эх, гэр бүлээ айлгаж сандаргадаг болсон. Хөдөлмөр эрхэлж ар гэр, ахуй амьдралаа авч явах ямарч боломжгүй болсон, эхээрээ түшүүлэн явж арай гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.

Х.С- нь шүүх хуралдаанд “ярих зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж байгаа боловч гэмт хэрэг гарснаас хойш огт уулзаагүй, эмнэлэгт 20 гаран хонож хүнд хагалгаанд орж байхад нэг ч удаа ирээгүй, манай гэр бүлийн утсыг залгахаар огт авдаггүй, өөр дугаараас залгахаар авдаг байсан хүнд торгох ял оногдуулж байгаа нь түүний гэм буруу, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохироогүй гэж хохирогч одоог болтол гомдолтой байна.

Энэ хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндээрээ хохирч цаашдын хөдөлмөр чадвар алдалт эдгэрэлтээс шалтгаална гэсэн дүгнэлттэй байхад урьд нь мөн эхнэрийнхээ толгойд гэмтэл учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан Х.С- засарч хүмүүжилгүй дахин хүнд гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байтал 10 сая төгрөгөөр торгуулан өнгөрч байгаа нь шударга бус байна гэж хохирогч тал үзсээр байна.

Х.С-г нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Энэ хэргийн тухайд хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байдаг. Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тусгаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг, “Оросын хонхор” гэх газарт хамт архидан согтуурсан М.Болдбаатарыг “агсарч дайрлаа” гэх шалтгаанаар толгой болон бие рүү нь усны гутал, гараараа цохиж “... тархи духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуулиар зөвшөөрсөн арга, хэрэгслээр цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтыг эргэлзээгүй байдлаар тогтоосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.С-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, үр дагавар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шинээр тогтоож, түүнийгээ нотлогдсон гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахдаа хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон эсэх, хуулийг зөв хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдвол шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүй болгож дахин хэлэлцүүлдэг болно.

  

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байх тул “илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан, торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөдсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий хохирогч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 458 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                          С.БАТДЭЛГЭР

 

                                                                           Ч.ХОСБАЯР

 

                                                                           Б.ЦОГТ

 

                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН