Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 261

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н.А.М” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Н.А.М” ХХК-ийн эзэмшдэг МV-01******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Н.А.М” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Д*******гийн ******* тоот хаягтайгаар анх байгуулагдсан. Одоо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, *******, ******* тоотод үйл ажиллагаа явуулж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдлийг А.Б нь авчирч өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч татгалзсан хариуг өгсөн. Манай компани уг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхийг сануулсан мэдэгдлийг огт хүлээн аваагүй. Уг мэдэгдлийн араас эрэн сурвалжлахад уг мэдэгдэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас гарч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эргэж “М Ш” ХК-ийн 36 дугаар салбараас Ашигт малтмал, газрын тосны газарт очсон байна. Манай компани төлбөрийг төлөх бүрэн чадамжтай, одоо ч төлөхөд бэлэн байна. Тус талбайд 790 гаруй сая төгрөгийн хайгуулын ажил хийгдсэн. Мөн уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан. Нийт 1 тэрбум орчим төгрөгийн зардлыг гаргаад байгаа. Бид өөрсдийн хүч, чармайлтаар өдийг хүртэл босгосон, ашиглах эрхтэй төмрийн орд газраа алдах нь маш их хохирлыг учруулж байна. 
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасан. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж заасны дагуу манай компанийн Хэнтий аймгийн Ө******* суманд орших ашигт малтмалын ашиглалтын 01******* дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсан. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Н.А.М” ХХК нь анх миний амьдарч буй хаяг дээр байгуулагдсан. Хайгуулын ажил явуулахын тулд 2 хөрөнгө оруулагчийг татан оруулж, компанийг 50, 50 хувиар эзэмших болсон. Гүйцэтгэх захирлаар Н.Н гэх хүн компанийг байгуулагдсан цагаас 2016 оны 02 дугаар сарыг хүртэл ажилласан. Тус компани зөвхөн 2 хөрөнгө оруулагчтай, төсвийг уг 2 хөрөнгө оруулагчаас тавьж өгдөг. Үүний дагуу үйл ажиллагаа явагддаг байсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсанН.Н нь хүндэтгэн үзэх шалтгаан, эрүүл мэндийн улмаас шалтгаалан 2016 оны 02 дугаар сард үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. 
Энэ үед хөрөнгө оруулагч нар хоорондоо тохиролцон хөрөнгө оруулагч н.А*******ын хүү А.Бийг гүйцэтгэх захирлаар томилсон. 2015 оныг дуустал бүх ажил алба, төлбөр тооцоогН.Н явуулдаг байсан. Өнөөдрийн маргаантай холбоотой 10 дугаар сарын үеэрН.Ныг биеийн байдал муудан, ухаан алдаж, тархины хүнд хагалгаанд орж 10 дугаар сарын 20-ны өдрийн үеэс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Энэ хугацаанд албан бичиг төөрч, ийм нөхцөл байдал үүсээд байна. 
Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэл манай хаягаар, манай гэрт ирсэн. Өмнөх төлбөр төлөх ёстой гэсэн мэдэгдэл хаачсан бэ? гэж сурвалжлахад хаяг тогтоогдохгүй, утас нь холбогдохгүй байна гэсэн шалтгаанаар буцаад Ашигт малтмал, газрын тосны газарт очсон байдаг. Үүний улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн. Манай гэрийн хаяг компанийг анх байгуулагдахад бүртгэгдсэн хаяг учраас энэ хаягаар мэдэгдэл ирж байсан байх. Гэхдээ манай гэр байнга хүнтэй байсан. Учир нь манай охин 2016 оны  04 дүгээр сард төрсөн учраас нялх хүүхэдтэй байгаа гэрт байсан. Тэгэхээр төлбөр төлөх мэдэгдэл манайд ирээгүй.” гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А.М” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хэнтий аймгийн Ө******* сумын нутагт орших “Т*******” нэртэй 297.06 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын орлон гүйцэтгэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр “Н.А.М” ХХК-д 30 жилийн хугацаагаар олгосныг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдээллийн системд бүртгэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг. 
Үүний дагуу “Н.А.М” ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлөх үүргийг хуулиар хүлээсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд ашигт малтмалын ашиглалтын 1******* дүгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл төлөх хуулийн боломж олгогдсон байсан. 
Гэтэл нэхэмжлэгч “Н.А.М” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулиар олгосон дээрх боломжит хугацааны аль, алинд ч төлбөрөө төлөөгүй. Энэ талаарх баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгнө гэж заасан. Үүний дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 дүгээр мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн системд бүртгэлтэй хаягаар явуулсан. 
Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу “Н.А.М” ХХ-д олгосон дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр цуцалсан. Цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг тус байгууллагад бүртгэлтэй хаягаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч хаягт хүн байхгүй, утас нь байгаа авахгүй байгаа учраас буцаалаа гэсэн албан бичгийн хамт буцаалтаар ирсэн. 
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Кадастрын системд бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч хаягийн бүртгэлээ хийлгээгүйгээс буцаалт хийгдэж ирсэн нь тухайн компанийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. 
Төрийн захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу ажиллаж, процесс ажиллагааг хийсэн. Мэдэгдлийг манайх бүртгэлд байгаа хаягаар явуулдаг. Үүний дагуу хүргүүлсэн мэдэгдэл буцаалт хийгдэж ирсэн тохиолдолд утсаар холбогддог. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компани хаягийн шинэчилсэн бүртгэлээ хийлгээгүй учраас цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа. Иймд “Н.А.М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №148 дугаар шийдвэр -ээр Хэнтий аймгийн Ө******* сумын нутагт орших Төгс-Өндөр нэртэй 297.06 га талбай бүхий № MV-01******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төлбөр төлөхийг сануулсан мэдэгдэл болон тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдэл хүргүүлээгүй гэж тодорхойлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д “хуулийн,,,,,,,, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Мэдэгдлийг хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 тоот албан бичиг -ээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Д*******гийн 05-09 тоот хаягаар хүргүүлсэн болох нь хариуцагч байгууллагын явсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар , хариуцагчаас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шуудангийн дугтуй  зэргээр нотлогдож байна.
Харин дээрх хаягт хүнгүй, утас нь зөрүүтэй шалтгаанаар мэдэгдлийг буцаажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Н.А.М ХХК нь 2012 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо *******, ******* тоот хаягт үйл ажиллагааг явуулж байгаа, мөн тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нармандах нь 2016 оны 10 дугаар сард тархины хүнд хагалгаанд орсон тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй” гэж мэдүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх хаягын өөрчлөлтөө эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “албан ёсоор мэдэгдээгүй, гэхдээ уг хаягаас тайлан мэдээг ашигт малтмалын газар луу явуулж байсан, мөн тус компани нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэс бүртгэлтэй хэвээрээ байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нармандах нь 2016 оны 10 дугаар сард тархины хүнд хагалгаанд орсон гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаараа эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар А.Б томилогдсон  болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Н.А.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Н.А.М” ХХК-ийн эзэмшдэг МV-01******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ