Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0270

 

 

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 111/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 111/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр:

1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-г Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай” гэж,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Аймгийн Засаг даргын захирамжийн нэг үндэслэл нь: Д.Ц-г санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн. Харин анхан шатны шүүхээс санхүүгийн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас баталсан хичээлийн хуваарийг дур мэдэн өөрчилсөн зэрэг нь тогтоогдсон байхад хууль бусаар захиргааны акт гаргасан гэж үзэж хүчингүй болгосон. Сургуулийн захирлын хувьд ажиллаж байх хугацаандаа санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан боловч гомдлоос зөвхөн нэг зөрчлийг шалгаад эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн шийдвэр гарсантай өнөөг хүртэл танилцаагүй байгаа. Бид энэ прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргасан байгаа. Д.Ц нь ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрийнхөө аж ахуйн нэгжийн данс руу мөнгөн гүйлгээ хийж байсан, тендерт шалгаруулсан зэрэг зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад удирдах албан тушаалтан санхүүгийн зөрчил гаргах нь зөв гэж ойлгогдохоор дүгнэсэн байна.

2. Д.Ц нь ажлаас чөлөөлөх тухай захиргааны актын сонсох ажиллагааны үед өөр ажилд томилогдох хүсэлт гаргаснаар хүсэлтийн дагуу өнөөг хүртэл багшийн ажил хийж байгаа.

3. Анхан шатны шүүхээс Д.Ц-г ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй нь хууль зөрчсөн байна гэжээ. Захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-г хэрэглэсэн нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албаны албан тушаалтан тул хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрхлэх ажил албан тушаал, хөдөлмөрийн хөлс, ажиллах нөхцөл, гэрээний хугацаа зэрэг нь зохицуулагддаг тул хөдөлмөрийн хуулийн заалтыг хэрэглэсэн нь зөв гэж үзэж байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд албан тушаалтан санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 д “ТАХ-ын хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулагдаагүй асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн заалтыг баримталсан.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар аймгийн Засаг даргын б/130 тоот захирамжийг хүчингүй болгож Д.Ц-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсугай гэжээ. Дээрх үндэслэсэн хуулийн заалтаар шүүх зөвхөн 106.3.1 захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгож, харин эгүүлэн томилох эрх нь Д.Ц-г томилох эрх бүхий албан тушаалтанд хадгалагдаж байгаа гэж ойлгож байна. Иймд шүүхээс Д.Ц-г Гурванбулаг сумын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээрт: Засаг даргын Б/130 тоот захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-г эгүүлэн томилохдоо Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг удирдлага болгосон байна. Төрийн албаны тухай хуучин хууль нь 40 зүйлтэй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа хуулийн 48 дугаар зүйл төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсэн заалт байгаа нь Д.Ц-г эгүүлэн тогтоох хуулийн зохицуулалт биш бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4-д зааснаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 111/ШШ2019/0003 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан Гурванбулаг сумын 9 жилийн сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар захирамжаар Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Цэцгээг “2015-2016 оны хичээлийн жилд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт аудитын албаны дүгнэлтээр тогтоогдсон, батлагдсан орон тоо бүтцэд дур мэдэн өөрчлөлт оруулсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тогтоосон хичээлийн хуваарийг өөрчилсөн зэрэг зөрчил гаргасан” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр зохицуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн боловсролын газраас Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлаар санал гаргаагүй болох нь тогтоогдсон, нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ц-г ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар аймгийн боловсролын газраас саналыг аваагүй байхад нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн нь дээрх хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ц-ийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх асуудлыг аймгийн боловсролын газрын саналыг авалгүйгээр буюу хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тиймээс анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” Б/130 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Гэтэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Сургуулийн захирлын хувьд ажиллаж байх хугацаандаа санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан боловч гомдлоос зөвхөн нэг зөрчлийг шалгаад эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн шийдвэр гарсантай өнөөг хүртэл танилцаагүй байгаа. Бид энэ прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргасан байгаа. Д.Ц нь ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрийнхөө аж ахуйн нэгжийн данс руу мөнгөн гүйлгээ хийж байсан, тендерт шалгаруулсан зэрэг зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй ч хууль хэрэглээний болон үгийн алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 111/ШШ2019/0003 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-г Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж тус тус өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР