Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1300

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Хариуцагч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХ” ХХК нь 2012 онд ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХ байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл захиалагч, хөрөнгө оруулагч юм. Уг байрны ХХ тоот, 48.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “ХХ” ХХК бөгөөд улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХХ тоот гэрчилгээтэй болно. Одоо уг орон сууцыг ХХХХ нь хууль бусаар эзэмшиж ашиглаж, компаниас 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ХХХ 2011 оны 12 дугаар сард “ХХХХХ” ХХК-ийн захирал ХХХ-тэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ байрны 48.04 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авахдаа урьдчилгаа төлбөр болох 20 050 000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “ХХХХХ” ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн ба үлдсэн 40 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 403590 тоот гэрээ байгуулан төлсөн.

Миний бие эцэг ХХХн хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж “ХХХХХ” ХХК, Орон сууцны санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу зээлийн төлбөр төлж байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 48.04 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч ХХХн ХХХ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХХээс тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

“ХХХХХ” ХХК болон А.ХХХ нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ”, байрны урьдчилгаа төлбөр төлсөн тухай санхүүгийн анхан шатны баримт, Орон сууцны санхүүжилтийн корпораци болон А.ХХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” болон байрны үлдэгдэл төлбөр төлсөн тухай санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна

... Миний аав А.ХХХ “ХХХХХ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 08 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулж, уг орон сууцыг худалдаж авах захиалга өгсөн ба миний бие захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан.  Гэрээнд зааснаар урьдчилгаа 20 500 000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээлд хамрагдан “ХХХХХ” ХХК-д төлж барагдуулсан.

Энэхүү орон сууцанд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байна. Харин өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч бидний нэр дээр гаргаж өгөөгүй. Миний бие энэ орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Гэтэл шүүх орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг нотлох 2011 оны 12 дугаар сарын 24-ний “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ”, байрны урьдчилгаа төлбөр төлсөн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ... Өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй. Миний бие хүчин төгөлдөр гэрээний дагуу эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “хууль бус эзэмшил” гэдэгт хамаарахгүй. Хэргийг шийдвэрлэхдээ намайг орон сууцыг хууль ёсны болон хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухай дүгнэлт хийгээгүй атлаа орон сууцыг миний “хууль бус эзэмшилд байна” гэж чөлөөлөх шийдвэр гаргасанд эргэлзэж байна.

Мөн хариуцагч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдсан талаар хуульд заасан журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, товыг миний нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа бичиж тэмдэглэсэн утасны дугааруудаар надад огт мэдэгдээгүй. Манай гэр байнгын хүнтэй байдаг учир анхан шатны шүүхийн “шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч эзэнгүй байсан” гэсэн гүтгэлэгийн шинжтэй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас хариуцагч ХХХ-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тухайн орон сууцыг “ХХХХХ” ХХК-д захиалга өгч гэрээ байгуулж, төлбөрийг гэрээний дагуу төлж барагдуулсан тул шударга эзэмшигч гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Шүүх уг хэргийг хариуцагч талын эзгүйд хэлэлцэн шийдвэрлэж, түүнд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн гэж дүгнэжээ. Хуулийн дээрх заалтаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх журмыг тогтоон, шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болохоор зохицуулсан.

 

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан боловч “ХХХ-ийн гэрийн хаягаар очиход хүнгүй байв” гэсэн тэмдэглэлийг хэн үйлдсэн талаар нэр, гарын үсэггүй бичвэр байгаагаас үзэхэд хариуцагчид хуралдааны тов мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна. Шүүх мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал баримтаар хангалттай нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхгүй.

/хх-ийн 30, 31 дүгээр тал/

 

Ийнхүү хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдал, тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА