Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 11

 

Д.Э-, Б.Ж- нарт холбогдох

захиргааны зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:                        

Зөрчил гаргагч                                Б.Ж-

                                    Гомдол гаргагч                                Г.Б-

                                    Гомдол гаргагчийн өмгөөлөгч     П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Г.Б-ын давж заалдах гомдлоор Даваадоржийн Э-, Банзрагчийн Ж- нарт холбогдох /Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл/ захиргааны зөрчлийн тухай материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т заасныг баримтлан иргэн Г.Б-ын ирүүлсэн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн 9-р тойрогт Дархан-Уул аймгийн МАН-ын намаас нэр дэвшигч Даваадоржийн Э-, Банзрагчийн Ж- нарын Сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хэрэгсэхгүй болгож, Д.Э-, Б.Ж- нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлөхөөр... зааж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Г.Б- миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Сонгуулийн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох үндсэн эрхийг ноцтойгоор зөрчөөд байна. Гомдлын дагуу зөрчлийг шалгасан материалаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Э-, Б.Ж- нар Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байхад шүүх гомдлыг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргахдаа гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан этгээдүүд хууль тогтоомжинд заасан зохих хариуцлагаас мултрах боломжийг олгож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай “Гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргагч Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дахин сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Э-, Б.Ж- нарт зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү.

Гомдол гаргагч Г.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.Э-, Б.Ж- нар зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад хэргийг шийдэхгүй байх гэсэн байдлаас хандсан. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4, 70.14.1, 70.14.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авч өгнө үү. Уг хэргийн сүүлчийн шат нь давж заалдах шатны шүүх учраас гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Зөрчил гаргагч Б.Ж- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бүрэн эрх хэрэгжиж байх хугацаанд дээврийн ажил гэлтгүй олон ажил явагдаж байсан. Би компанитай холбоотой асуудлыг мэдэхгүй. Компанитай холбоотой хариуцлага хүлээх боломжгүй” гэв.

Тодорхойлох нь:

Гомдол гаргагч Г.Б-ын “...Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дахин сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргагч Д.Э-, Б.Ж- нарт зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу зөрчлийн материалтай танилцахад уг зөрчил 2016 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд үйлдэгдсэн байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан уг зөрчил гарснаас хойш захиргааны хариуцлагад татах 3 сарын хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүх 87 дугаартай “Гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “...Б.Ж-, Д.Э- нараас чиптэй хаалгыг үнэ төлбөргүй хийж өгөхийг амлаж, өөрсдийн сонирхолд нийцүүлэн сонгогчийн санал өгүүлэхэд нөлөөлөл үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” хэмээн дүгнэж Б.Ж-, Д.Э- нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                     Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                   Б.МАНЛАЙБААТАР