Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2016/00264

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М -ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул,  хариуцагчийн төлөөлөгч Г.Оюунсүрэн, Д.Мөнхзул, өмгөөлөгч С.Сувдмаа, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.М түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ”Б” ТӨҮГ-ын үйлдвэрийн удирдлагууд бүх оёдолчдоос шалгалт авахдаа цэргийн цол, зэрэг дэв, цэрэг армийн холбогдолтой мэргэжлийн бус асуулга тестээр авч шалгалтын дүн материалыг танилцуулаагүй, мэргэжлийн шалгалт авах стандарт шаардлагыг хангаагүй. Миний бие шалгалтад тэнцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. ”Б” ТӨҮГ-ын Хүний нөөцийн ажилтан Оюунцэцэг 2016 оны 02 сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд оёдлын дамжаанд суугаад үнэмлэхээ авч ирээд ажилдаа эргэн ор гэсэн өргөдөл бичүүлж ажлаас чөлөөлсөн. Чухал амжилт сургалтын төвд оёдлын курст 2016 оны 2 сарын 24-нд орж суралцан 3 сарын 15-нд төгсөөд гэрчилгээгээ аваад очиход ажилд аваагүй. Дахин шалгалт авч ур чадварыг чинь шалгаж байж авна утсаар дуудна гэж хэлээд одоо болтол дуудаагүй. 2016 оны 2 сарын 21-ний өдөр амралтаа авах хүсэлтээ хэлэхэд хүний нөөцийн ажилтан түр чөлөө авч амраад энэ хооронд мэргэжлээ дээшлүүл гэсэн. Үүний дагуу түр чөлөө авах хүсэлт захиргаанд гаргасан. 2016 оны 2 сарын 22-нд ажлаас халах тушаал гарсан байсан. Иймд ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан  хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Б” Төрийн өмчийн үйлдвэрийг газар шүүхэд болон түүний төлөөлөгч Г.Оюунсүрэн, Д.Мөнхзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 2 сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. М.М өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг 2016 оны 2 сарын 20-ны өдөр үйлдвэрийн захиргаанд өгсөн. Гэтэл М.М нэхэмжлэлдээ шалгалтанд тэнцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн, өргөдлийг бичүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. М.М нь мэргэжлийн шалгалтанд тэнцээгүй бөгөөд шалгалтын дагуу тушаал, шийдвэр, мэдэгдэх хуудас гараагүй байхад өөрийн хүсэлтийн дагуу өргөдлөө өгсөн. Уг шалгалт нь Батлан хамгаалах яамны харьяа “Б” ТӨҮГ нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг аж ахуйн тооцоотой үйл ажиллагаа явуулахаас гадна үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад оёдолчдын ур чадвар, мэргэжил, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэхээр ШУТИС-ийн Хувцас судлалын төвтэй хамтран оёдолчдын мэргэжил ур чадварыг сайжруулах, сургалт зохион байгуулах, сургалтын үр дүнд аттестачлал явуулах зорилготой ажиллагааны гэрээ байгуулан, тус төвийн багш Л.Наранцэцэг, Р.Юмжирмаа нартай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн. Хөдөлмөр хамгаалалын тухай, техник төхөөрөмж ашиглалтын сургалт, оёдлын технологи, үлгэр загварын ойлголт, хүний биенээс хэмжээ авах арга, пиджак өмдний гологдол засах хялбар арга, сунгалт хийх технологи ажиллагааны горим /өмд пиджак/, оёдлын хатгац үүсэх горим /стандарт/ зэрэг сэдвүүдээр 2015 оны 12 сарын 09-нөөс 12 сарын 16-ны өдрүүдэд сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд 5 тасгийн нийт 136 ажилтан хамрагдсан. Сургалтын явцад шулуун оёдлын машины хатгацын техникийн шаардлага, чийглэн индүүдэх ажиллагаагаар хэлбэржүүлэх, хувцасны размер, чанар нормчлол стандарт зэрэг сэдвүүдээр 298 хуудас бүхий 4 гарын авлага бэлтгэн тарааж сургалтын өмнө дадлага хийлгэж ур чадварын шалгалтанд бэлтгэх нөхцөл боломжоор бүрэн гаргаж өгсөн. Сургалтын үр дүнгээр дээрхи сэдэв, гарын авлагаар тест боловсруулан шалгалт авч М.М ур чадварын шалгалтанд тэнцээгүй бөгөөд өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул  нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Гэрч  тоотод оршин суух, ТӨҮГазрын хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай,  Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ хүнийг түр чөлөөлөөгүй. М сургалтад сууж гэрчилгээгээ аваад, манайх дахин шалгалт авч түүний дагуу буцааж ажилд авч болно гэж хэлсэн. Манайх түр чөлөөлнө гэж байхгүй, тухайн үедээ өөрөө тушаалаа хүлээн зөвшөөрч байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 
 
Нэхэмжлэгч М.М хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.М “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт оёдолчноор ажиллаж байгаад ажил олгогч  2016 оны 2 сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг баримтлан оёдолчин М.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь захирлын тушаал /хх-ийн 15 талд/, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.  
 “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2015 оны 12 сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 сарын 16-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургууль Хувцас судлалын төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу ажилтнуудын дунд мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг тогтоох, олгох шалгалт зохион байгуулж оёдолчин М.М тэнцээгүй болох нь Шалгалтын комиссын тайлан, шалгалтын материал /хх-ийн 25, 33 талд/-аар тогтоогдож байна. 
Ажилтан М.М 2016 оны 2 сарын 22-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргаж ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, өөрөө бичиж үйлдсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба Хөдөлмөрийн  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. заалтыг үндэслэн “ажилтан санаачилсан” гэх үндэслэлээр М.Мийг ажлаас чөлөөлсөн үндэстэй байна.
  Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасан зохицуулалттай нийцсэн байна. 
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлөөр бичсэн болохыг нотолж чадахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд   М.М ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 2 сарын 22-ны өдөр гардаж авсан, ээлжийн амралтын олговор авсан талаар маргахгүй байна. 
        Нэхэмжлэгч М.М нь 2016 оны 5 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ажилд авахыг хүлээж хугацаа алдсан гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:  
          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,223,256 төгрөг гаргуулах тухай М.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэггийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НАРАНГЭРЭЛ