Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00024

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа, С.Сувдаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хб, Э.Об нарт холбогдох 1832002320016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, * оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Бямбадоржийн Хб. /РД:*/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин  овогт Эрдэнэбаярын Об. /РД: */

 

           Шүүгдэгч Б.Хб, Э.Об нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хбын өгсөн ….... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.Об бид хоёр хоорондоо ярилцаад тэр мансууруулах төрлийн ургамлыг түүж хэрэглэж үзье гэж ярилцаад элсний ам гэх газраас хоёр атга орчим хатсан ургамлыг түүж бэлтгэсэн. 2017 онд би Элсний ам гэх газраас элс авч байхдаа тэр ургамал тэнд ургадаг гэдгийг мэдсэн. Тэгээд гэртээ ирээд хотод байдаг Хиаа гэдэг охинтой чатаар холбогдоход гэрээсээ гараад хэд хонож байна очих газаргүй байна гэхээр нь ирээд манайд ганц нэг хоновол хоно гэхэд Хиаа найзтайгаа очъё гэхээр нь би тэг гэсэн. Орой нь Хиаа найзтайгаа таксигаар хотоос гарсан гэхээр нь би Обаар тосуулж авчруулсан. Тэгээд Об, Хиаа, Мц бид дөрөв пиво уусан. Тэгээд бид хэд нөгөө ургамлаа хэрэглэж үзэх гээд интернэт рүү орж савыг нь олж хараад дуурайлгаж сав хийж байгаад үнэртэж үзэхэд гаж нөлөө илрээгүй. Тэгээд бид хэд унтсан. Маргааш нь Обын найз Хл ирсэн. Би тэр хоёр охины буцах зардлыг нь олох гэж Зүүнхараад гэртээ ирчихээд буцаад очсон. Тэгээд Обынд ороход Об, Хл хоёр гаднаас пиво ундаа аваад орж ирсэн. Гэрт нь Хиаа, Мц хоёр сууж байсан. Тэгээд тэр орой нь нөгөө ургамлаа дахин хэрэглэж үзсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Обын өгсөн ...... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хб манай гэрт фейсбүүкээр нэг бичлэг үзсэн. Тэгээд тийм ургамал байдаг талаар бид хоёр ярилцаад нөгөө ургамлыг Элсний ам гэх газраас очиж түүсэн. Тэгээд бид хоёр манайд ирээд фейсбүүкэд ороход Хбын найз Хиаа чат бичсэн. Хиаа орох газаргүй байна гэхээр нь манайд ир гэж чат бичсэн. Тэгээд хотоос Хиаа найзтайгаа ирэхээр нь би Хэрлэн-2 дэлгүүрийн тэндээс тосч авсан. Тэгээд тэр хоёр охинтой нийлээд бид дөрөв пиво хувааж уусан. Тэр орой нь нөгөө ургамлаа хэрэглэж үзэхэд нөлөөлөөгүй. Маргааш нь манай найз Хл хотоос ирсэн байна намайг дуудаж мах зөөлгөсөн. Тэгээд Хл тэр орой бид дөрөвтэй нийлээд пиво уусан. Тэгээд тэр орой нөгөө ургамлаа дахин хэрэглэж үзэхэд нөлөөлж байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч О.Хлгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэнд хамт байсан нөгөө хоёр охин болон нөгөө зүс таних залуу бас тэр зүйлээс сорж хэрэглэсэн. Би тэр зүйлээс нь хэрэглээгүй. Уг зүйлийг хэрэглэсний дараа тэр хэд сонин болоод инээд алдаад байсан. Тэнд байсан хоёр охин Укагийнд өнөө шөнө нийлээд 4 хонож байгаа, одоо буцмаар байна гэж ярьж байсан. Дараа нь намайг гадаа жорлонд сууж байхад Укагийн ах, эгч, дүү гурав нь ирсэн. Намайг жорлонгоос гараад тэднийд ороход Укагийн ах нь шалдан нүцгэн шахуу нэг охин гүйгээд гараад явчихлаа наадах чинь хөлдлөө оруулж ирээч гэхээр нь би гараад тэр хавиар хайсан чинь олдохгүй байсан. Тэгсэн чинь нөгөө гарч гүйсэн охин Үтрэмийн тэнд явсныг хүн олоод гэртээ оруулаад цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд цагдаа нар бид нар дээр ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Хиы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Мц бид  хоёрын ам руу нөгөө ундааны савтай зүйлээ дөхүүлээд өгөхөөр нь би түүнээс нь хоёр удаа сорсон. Тэгэхэд дахиад толгой эргээд толгой өвдөөд босохоор хөл дээрээ тогтвортой байж чадахгүй байсан. Мөн дээрээс нь би пивоноос нилээн уусан байсан болохоор согтоод зарим зүйлээ санахгүй байсан. Тухайн үед Хл уг зүйлийг сорж хэрэглээгүй. Тэгээд Об бид хоёр дэлгүүр явж замын эсрэг талд байсан хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад буцаж ирсэн. Бид хоёрын араас тун удалгүй Хб 0.5 литрийн архи авчихсан орж ирсэн. Тэгээд бид 5 архиа уусан. Бид нарыг архи ууж байхад Обын ах, эгч хоёр нь орж ирсэн. Үүний өмнөхөн Мц бөөлжинө гээд гарч явсан байсан. Тэгээд Хб бид хоёр Мцийг хайхаар Обын гэрээс гарч явснаа санаж байна. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Мцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд бид нар пивоо уугаад сууж байхад дотор муухай оргиод байхаар нь би гарч бөөлжих гээд гарч явснаа санаж байна. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би танихгүй айлд орчихсон тэр айлын хүмүүс намайг элдвээр хэлээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан.... Тэдгээр залуучуудын зүгээс Хиаа бид хоёрт хүч хэрэглэж архи согтууруулах ундаа өгөөгүй. Бид хоёр өөрсдийн сайн дураар архи согтууруулах ундааг хэрэглэсэн. Мөн  мансууруулах төрлийн зүйлийг бид хоёр сайн дураараа сонирхоод хэрэглэж үзсэн. Тэрнээс биш хүч хэрэглэсэн зүйл болоогүй гэх мэдүүлэг /Хх-н 40-41 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр № 12887...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

4. Манай лабораторийн хүрээнд хамаарахгүй болно.

5. Гялгар ууттай нойтон жин нь 21 грамм байна. Цэвэр жин нь 8,8953 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8,7538 грамм болов.

6. Манай лабораторийн хүрээнд хамаарахгүй болно гэх /Хх-н 44 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12896 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Хб УЦ98030433 гэж хаягласан цус, Хб 2018.11.26 гэж хаягласан шээс тус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Хб 2018.11.26 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол, tetrahydrocannabinol илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэх /Хх-н 52 дугаар хуудас/

 Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12898 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Э.Об МИ98070216 гэж хаягласан цус, Об 2018.11.26 гэж хаягласан шээс тус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Об 2018.11.26 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол, tetrahydrocannabinol илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэх /Хх-н 57 дугаар хуудас/

 Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12901 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Хи УЦ03263006 гэж хаягласан цусанд 1,4 промилли, Б.Хи 2018.11.26 гэж хаягласан шээсэнд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Шинжилгээнд илэрсэн 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Б.Хи 2018.11.26 гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна /Хх-н 62 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 12914 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Мц УЦ03250161 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Мц гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх /Хх-н 67 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-6 дугаар хуудас/

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 24-26 дугаар хуудас/

            Э.Обын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 87 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн засаг даргын Э.Об нь ам бүл 5, Намгийн 10 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 89 дүгээр хуудас/

            Э.Об нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 92 дугаар хуудас/

            Б.Хбын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /Хх-н 93 дугаар хуудас/

            Б.Хбын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 95 дугаар хуудас/

            Б.Хб нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 99 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.Хб, Э.Об нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Хб, Э.Об нар нь Элсний ам гэх газраас сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэж, хадгалсан бөгөөд уг ургамал нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Б.Хб, Э.Об нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хб, Э.Об нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 70 грамм ургамал, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, Бонго буюу дээд доод хоёр хэсэг газар цоолж нүхэлж нүхэнд нь 100 төгрөгний дэвсгэртийг хуйлж шургуулж гадна амсар талд нь гялгар цаас тогтоож холбосон, ёроолд нь шаргал өнгийн шингэнтэй кока кола гэсэн бичээс бүхий улаан тагтай 2 литрийн багтаамжтай ундааны сав 1 ширхэг, Сэрүүн гэсэн бичиг бүхий саарал өнгийн бөглөөтэй 2.5 литрийн багтаамжтай савттай тал пиво зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овогт Бямбадоржийн Хб, Боржигин овогт Эрдэнэбаярын Об нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хб, Э.Об нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Хб, Э.Об нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хб, Э.Об нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 70 грамм ургамал, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, Бонго буюу дээд доод хоёр хэсэг газар цоолж нүхэлж нүхэнд нь 100 төгрөгний дэвсгэртийг хуйлж шургуулж гадна амсар талд нь гялгар цаас тогтоож холбосон, ёроолд нь шаргал өнгийн шингэнтэй кока кола гэсэн бичээс бүхий улаан тагтай 2 литрийн багтаамжтай ундааны сав 1 ширхэг, Сэрүүн гэсэн бичиг бүхий саарал өнгийн бөглөөтэй 2.5 литрийн багтаамжтай савттай тал пиво зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Хб, Э.Об нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хб, Э.Об нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН