Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2016/00292

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Д -д холбогдох

 

    Зээлийн гэрээний үүрэгт 4,012,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Тэмүүжин, хариуцагчийн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан нэхээжлэлдээ:  О.Д нь 2015 оны 11 сарын 09-ний өдөр Г-104  дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, Митсубиши делика маркийн ** улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан. Зээлдэгч О.Дгаас үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 175,000 төгрөг, алданги 1,337,500 төгрөг нийт 4,012,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Д гаргасан тайлбартаа: Э ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч  байна. 2015 оны 11 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээл авсан. Нэг сарын хүүгийн төлбөрт 210,000 төгрөг, үндсэн зээлээс 710,000 төгрөг төлсөн. Одоо үлдэх 2,290,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь Э ХХК-иас 2015 оны 11 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээг сунгаагүй. Иймд  зээлийн төлбөрт төлсөн 902,500 төгрөгийг хасч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2,307,500 төгрөг, алданги 1,153,750 төгрөг нийт 3,461,250 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч О.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,012,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 902,500 төгрөг төлсөн, Зээлийн гэрээг сунгаагүй  гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч О.Дд 2015 оны 11 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгтэй нийцсэн байна.

Хариуцагч О.Д үндсэн зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, нэг сарын хүүгийн төлбөрт 210,000 төгрөг бүгд 3,210,000 төгрөгийг төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч О.Д зээлийн гэрээний үүрэгт 902,500 төгрөг төлснийг хасч тооцож, үлдэх 2,307,500 төгрөг, зээлийн гэрээний 6.1-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 2,307,500  төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 1,153,750 төгрөг нийт 3,461,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 551,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь зээлийн гэрээний 7.2.Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгаж болно гэж зааснаар зээлийн гэрээ 2 сарын хугацаагаар сунгагдсан гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагчийн зээлийн гэрээг сунгаагүй гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй, зээлийн гэрээг сунгасан баримаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч О.Дгаас 3,461,250 /гурван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавин/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 551,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн               79,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,330 төгрөгийг  гаргуулж Э ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ