| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/04026/И |
| Дугаар | 210/МА2024/00452 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/00452
2024 03 04 210/МА2024/00452
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04470 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 35,830,593 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржзовд, О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 23/01/01 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу CaseCX 500 маркийн, 4674 УН улсын дугаартай экскаваторыг нэг сарын 55,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. ******* ******* ******* ХХК нь экскаваторыг 2023 оны 01 дүгээр сарын 04-27-ны өдрийн хугацаанд түрээслэсэн бөгөөд төлбөр нь 20,313,093 төгрөг болсон.
1.2. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт Хэрэв түрээслэгч нь түрээсийн төлбөрөө нэхэмжлэх ирсний дараа ажлын 10 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрийн үндсэн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх төлбөрийг зогссон хоногт үржүүлэн алданги тооцно гэж заасан. Талууд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 185 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа ба алданги 1,017,500 төгрөг (55,000,000*0,01%*185) болно. Мөн гэрээний 4.8 дахь хэсэгт заасны дагуу техникийн тээвэрлэлтийн зардал болох 14,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд ******* ******* ******* ХХК-аас түрээсийн төлбөр 20,313,093 төгрөг, алданги 1,017,500 төгрөг, тээвэрлэлтийн зардал 14,500,000 төгрөг, нийт 35,830,593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ******* ******* ХХК нь Универсал рент майнинг сервис ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22/09 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр CaseCX500 маркийн, 9405 УБ улсын дугаартай экскаваторыг нэг сарын 55,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, Галын Овоо-1 нүүрсний уурхайд ажиллуулсан.
2.2. Универсал рент майнинг сервис ХХК нь 2023 оны 01 дүгээр сард дээрх 9405 УБ улсын дугаартай экскаваторыг уурхайгаас түр хугацаанд гаргаж, Улаанбаатар хотод авчирч засварлах, энэ хугацаанд адил маркийн болон хүчин чадалтай экскаваторыг гэрээний нөхцөлийн дагуу түр ажиллуулах хүсэлт гаргасныг зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9405 УБ улсын дугаартай экскаваторыг уурхайгаас гаргаж, оронд нь 4674 УН улсын дугаартай экскаваторыг уурхайд оруулж ажиллуулсан. 4674 УН улсын дугаартай экскаватор эвдэрч, 22/09 дугаар гэрээний түрээслүүлэгчийн хүлээх эрх, үүрэг буюу 2.7-2.10, 2.12, 2.13, 2.18 дахь заалтуудыг зөрчиж техникийн бэлэн байдлыг 85-90 хувьд хангаж ажиллахгүй байсан. Үүнээс болж дээрх экскаваторыг дагалдан ажиллах ёстой 4-5 хүнд даацын түрээсийн автосамсовал ажилгүй зогсож, уулын ажлын бүтээмжид асар их хохирол учруулж, манай компани алдагдалд орж эхэлсэн.
2.3. Бид Универсал рент майнинг сервис ХХК-ийн холбогдох хүмүүст эвдэрсэн 4674 УН улсын дугаартай техникийг буцааж, өмнөх 9405 УБ улсын дугаартай техникийг ажиллуулах талаар удаа дараа албан бичиг, имэйл, утсаар холбогдон мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан ч тус компани эс биелүүлж, тэр ч байтугай Универсал рент майнинг сервис ХХК нь 4674 УН улсын дугаартай техник манай компанид хамааралгүй, охин компани ******* ХХК-ийн техник гэдэг хариулт өгсөн.
Тиймээс манай компанийн зүгээс ******* ХХК-тай холбогдож гэрээ байгуулах, эвдэрсэн техникийг бүрэн ажиллагаатай экскаватороор солих, хэрэв тус экскаваторыг солих боломжгүй бол техникийг талбайгаас татан авахыг шаардсан.
Улмаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 21 минутад 03/06 дугаартай албан бичгийг [email protected] xаягт илгээснийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 46 минутад хүлээн авлаа гэсэн хариу ирүүлж, 4674 УН улсын дугаартай техникээ 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр уурхайн бүсээс гаргасан. Ингэхдээ Универсал рент майнинг сервис ХХК-ийн мэйл хаягаар тус компанийн ажилтан нь холбогдож байсан.
2.4. Мөн Универсал рент майнинг сервис ХХК нь техникийг уурхайгаас гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны үед 23/01/01 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний төсөл үйлдэж огноог нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр бичиж өмнөх гэрээтэйгээ яг ижил түрээсийн төлбөр 55 сая төгрөг гэж намайг итгүүлж төөрөгдүүлэн уг гэрээг байгуулсан. Гэтэл өмнөх гэрээнээсээ өөрөөр тэр байтугай өмнөх гэрээний зарим нэг заалт болох гэрээний гол нөхцөл буюу төлбөр тооцон төлөх нөхцлийг өөртөө ашигтай байдлаар өөрчлөн улмаар нэмэлт заалт оруулсан байсан байдаг. Тухайлбал төөрөгдүүлж бичсэн гэрээний 4.2-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гүйцэтгэлээр төлнө, 4.3-д түрээслүүлэгч нь техникийн гүйцэтгэл буюу бэлэн байдлыг 90 хувь хангах ба (хуанлийн хоногоор өөрчлөгдөнө 31 хоногтой сар 620 мото цаг, 28 хоногтой сар 560 мото цаг, 30 хоногтой сар 600 мото цаг байна) тухайн хувиас доош орсон тохиолдолд түрээсийн төлбөрөөс хасаж тооцно. (Хоногт 20 мото цаг ажиллах) уулын мастераас тайлбар авч тэр нь хасагдах үндэслэл болно гэх мэт байна.
2.5. Мөн уурхайд солигдож очсон 4674 УН улсын дугаартай экскаватор нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 83 хоног уурхайн талбайд байж, нийт 1660 мото цаг ажиллахаас 214.1 мото цаг ажиллаж, 1445.9 мото цаг эвдрэлтэйгээр сул зогсож, техникийн бэлэн байдлыг 11.6 хувь хангаж байсан нь уурхайн техникийн цагийн бүртгэл, уулын ажлын хөдөлгөөний мэдээ зэргээр тогтоогдож байгаа.
Иймд Универсал рент майнинг сервис ХХК нь бүрэн бус техник өгч уурхайн уулын ажлыг доголдуулснаас болж манай компанид маш их алдагдал, хохирол учирсан, мөн ******* ХХК нь 23/01/01 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг огноог нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр урагшлуулан бичиж, өмнөх гэрээтэйгээ яг ижил гэж итгүүлэн төөрөгдүүлж байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 35,830,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 459,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үүдэн хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг буруугаар дүгнэсэн. Учир нь хариуцагчаас Универсал рент майнинг сервис ХХК-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22/09 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний 5.2-т Түрээслүүлэгч болон түрээслэгч нар холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж дуусгах хүртэл хугацаанд энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ, 5.5-т Түрээслүүлэгч болон түрээслэгч талаас гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар аль нэг талдаа мэдэгдээгүй тохиолдолд мөн гэрээг хэвийн үргэлжлүүлж байгаа тохиолдолд гэрээнд заасан хугацаагаар цаашид сунгагдсанд тооцно гэж тус тус заасан ба дээрх гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд үргэлжилж байсан юм.
Түрээслүүлэгч Универсал рент майнинг сервис ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж чадаагүй боловч талууд гэрээг цуцлах, дуусгавар болгох тухай хэн алиндаа мэдэгдсэн зүйл огт байхгүй. Тийм ч учраас бид гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлж, түрээслүүлэгч Унирверсал рент майнинг сервис ХХК-ийн зүгээс түрээсийн зүйл болох экскаваторын хэвийн ажиллагаа, техникийн бэлэн байдлыг 85-90 хувь хангах үүргээ биелүүлэх үүднээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эвдрэлд орсон, Худалдаа хөгжлийн банкны өмчлөлийн 9405 УБ улсын дугаартай Case СХ500С маркийн экскаваторыг уурхайн талбайгаас гаргаж, оронд нь нэхэмжлэгч Универсал жойнт ХХК-ийн өмчлөлийн 4674 УН улсын дугаартай Case СХ500с маркийн экскаваторыг уурхайн талбайд нэвтрүүлэн ажиллуулсан. Түүнээс хойш ч Унирверсал рент майнинг сервис ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн экскаваторын засвар үйлчилгээг хариуцах, ээлжийн оператор, сервис координатор зэрэг ажиллах хүчээр хангах үүргээ биелүүлж ирсэн нь талуудын харилцсан имэйл зурвасуудаар тодорхой харагдах ба тус баримтууд нь шүүх хуралдааны тэмдэглэл, имэйлд хийсэн үзлэг зэрэг нотолгооны хэрэгслээр бүрэн тогтоогдсон.
Ийм байтал анхан шатны шүүх шийдвэртээ дээрх бүх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй (дурдаагүй) байхаас гадна ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулж, үгүйсгэсэн тухай үндэслэлийг ч заагаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг шууд зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ (бодит) нөхцөл байдалтай үл нийцэж байгаа бөгөөд зохигчдын гаргаж өгсөн онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад чухам алийг нь үндэстэй гэж, бусдыг нь ямар үндэслэлээр үгүйсгэсэн тухай заагаагүй байгаа нь тус шүүхийн шийдвэр үйл баримтын буюу нотлох баримтын талаас үндэслэлгүй болохыг илэрхийлж байна.
4.2. Шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд. Дээр дурдсанчлан шүүх цугларсан нотлох баримтанд хууль зүйн үүднээс үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хариуцагчаас гаргаж өгсөн онцгой ач холбогдол бүхий баримтуудын агуулга, шалтгаант холбоог анхаарч үзээгүйгээс шалтгаалж хэргийн үйл баримтыг буруугаар дүгнэж, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн.
Учир нь шүүх хэргийн талаар материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдана. Гэтэл шүүх процессын хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн байна.
4.3. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт... заасан түрээсийн гэрээ байгуулагджээ хэмээн дүгнэжээ.
Гэвч зохигчдын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар огт хэлцэл хийгдээгүй бөгөөд тус гэрээний харилцааг бодит амьдрал дээр үүсгэх гэсэн хүсэл зориг талуудын хэн алинд нь анхнаасаа огт байгаагүй, тус харилцаа бодит амьдрал дээр биеллээ олоогүй юм. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/01 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ нь 2023 оны 03 дугаар сард байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Универсалжойнт ХХК болон Универсал рент майнинг сервис ХХК-ууд нь ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сосорбарамыг хууран мэхлэх, дүр үзүүлэх замаар хариуцагчийн Универсал рент майнинг сервис ХХК-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22/09 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг халхавчлах зорилгоор, тус харилцааг хууль бусаар үгүйсгэж байгаа зүй бус явдал юм. Д.Сосорбарамын хувьд энэ талаар анхны тайлбартаа ч дурдсан байдаг бөгөөд хариуцагч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлж, тайлбарласаар ирсэн.
Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01/01 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний харилцаа бодитой үүсээгүй ба хэрэгт үүнээс өөр шууд нотлох баримт авагдаагүй.
4.4. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тухайд. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл автомашин, мотоцикл, техник хэрэгсэл зэргийг зөвхөн ашиглах тохиолдолд энэ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ болдог онцлогтой. Энэ тохиолдолд эд хөрөнгийг зөвхөн хэрэглэх тухай гэрээнд заасан бол гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэснээс үл хамааран бодит хэрэг дээрээ эд хөрөнгө хөлслөх гэрээ байдаг. Харин түрээсийн гэрээний хувьд түрээслэгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглаад зогсохгүй түүний үр шим, ашиглалтын давуу талыг өөртөө авч үлдэх, тухайн эд хөрөнгө нь үр шим өгөхөд тохирсон байх ёстойг шаарддаг.
Гэтэл тус гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн экскаваторын засвар үйлчилгээ, оператор (жолооч)-оор хангах, уурхайн талбайн дүрэм, журмыг дагаж мөрдөх, бусад шаардлагыг хангаж ажиллах зэрэг эрх, үүргийг нэхэмжлэгч бус Унирверсал рент майнинг сервис ХХК нь манай компанийн өмнө хүлээж ажилласан бөгөөд энэ нь зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг давхар илэрхийлж байгаа юм.
Тодруулбал түрээслэгч нь экскаваторыг ашиглах нь гэрээний гол зорилго уу, эсхүл эксвкаваторыг ашигласны үр дүнд бий болсон үр шимийг хүртэх нь гэрээний гол зорилго байсан уу гэдгийг шүүх анхаарч үзээгүйгээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг түрээсийн гэрээ хэмээн тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
4.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй тооцооны үлдэгдлийн баталгаанд ******* ******* ******* ХХК нь 20,313,093 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гээд зохигчид гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх хэдий ч Энэхүү өр нь сэлбэг захиалгын буцаалт болно гэснийг шүүх огт анхаарч үзээгүй, мөн тэр талаар огт дүгнэлт хийгээгүй нь зөвхөн нэг талд үйлчилж хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэхэд хүргэж байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх зохигчдын болон Универсал рент майнинг сервис ХХК-ийн хооронд үүссэн харилцаа болон хариуцагчийн гуравдагч компанитай харилцан эрх эдэлж, үүрэг хүлээж байсан тэрхүү нотлох баримт, үйл баримтыг буруу, дутуу тогтоожээ. Угтаа бол шүүх дээрх 3 компанийн аль, ямар гэрээ, хэлцэл хуульд нийцсэн эсэхийг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн үүднээс нэг бүрчлэн дүгнэснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх, хариуцагчийн татгалзал үндэстэй эсэхийг тодорхойлох учиртай юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан машин түрээсэлсэн гэрээ болон тооцоо нийлсэн акт, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоно.
5.2. Мөн хууран мэхэлж хэлцэл хийсэн зүйл байхгүй. Хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно.
5.3. Манай техник анхнаасаа бүрэн ажиллаж байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д ...анх түрээслүүлэгч тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авсан тохиолдолд түүнээс хойш өөрсдийн ажлыг хийж байгаад тоног төхөөрөмж эвдэрсэн эвдрэл, гэмтлийг өөрөө хариуцна гэж дурдсан. Хэрэгт төлбөрийн тооцооны үлдэгдлийн баталгаа авагдсан бөгөөд үүнийг хариуцагч талаас тайлбарлахдаа сэлбэг захиалгын буцаалт гэдэг. Үүнд нэхэмжлэгч талаас тодруулга өгсөн. Тус тооцоог нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын нягтлан бодогч нар нийлж баталгаажуулсан.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх хуульд заасны дагуу үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,830,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь CaseCX 500 маркийн, 4674 УН улсын дугаартай экскаваторыг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 55,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Дээрх экскаваторыг Универсал рент майнинг сервис ХХК-аас гэрээгээр ашиглуулж байсан 9405 УБ улсын дугаартай экскаваторын оронд түр хугацаагаар шилжүүлсэн учир ******* ХХК-тай гэрээний харилцаа үүсээгүй гэж хариуцагч маргасан нь нотлогдоогүй байна. Тодруулбал Универсал рент майнинг сервис ХХК-тай хариуцагчийн байгуулсан машин механизм түрээслэх тухай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ, мөн Универсал рент майнинг сервис ХХК-тай цахим шуудангаар харилцсан зурвасууд, уурхайн үйл ажиллагааны баримтууд нь нэхэмжлэгч ******* ХХК-тай хийгдсэн дээрх тохиролцоог үгүйсгэсэн агуулга илэрхийлээгүй байна.
3.2. Мөн талуудын гэрээ нь Универсал рент майнинг сервис ХХК-тай байгуулсан гэрээний харилцааг хууль бусаар үгүйсгэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бодитоор хийгдээгүй, 2023 оны 03 дугаар сард нөхөж хийсэн, хэлбэрийн хувьд хийгдсэн боловч эрх, үүрэг үүсгэх зорилгогүй дүр үзүүлсэн, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандсан, мөн Универсал рент майнинг сервис ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас зайлсхийх зорилгоор халхавчилж хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч маргажээ.
3.3. Нэг талаас түрээслүүлэгч ******* ХХК нь CaseCX 500 маркийн, 4674 УН улсын дугаартай экскаваторыг түрээслэгчийн аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулан ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч ******* ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 55,000,000 төгрөг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн түрээслэгч экскаваторыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түрээслүүлэгчээс хүлээн авсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
3.4. Универсал рент майнинг сервис ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр огноог нөхөн бичиж өмнөх гэрээтэй ижил гэж хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Д.Сосорбарамд итгүүлж төөрөгдүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүйг анхан шатны зөв дүгнэсэн байна.
3.5. Хариуцагч болон Универсал рент майнинг сервис ХХК-ийн хоорондын гэрээ нь нэхэмжлэлийн үндэслэл болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Универсал рент майнинг сервис ХХК оролцоогүй тул түүнтэй байгуулсан гэрээний талаар энэ хэрэгт дүгнэлт өгөх боломжгүй. Анхан шатны шүүх Универсал рент майнинг сервис ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан талаар дүгнэсэн нь алдаатай болсныг залруулна.
Иймээс нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус, мөн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон гэж маргасан хариуцагчийн татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 4674 УН улсын дугаартай экскаваторыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн, мөн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буцаан авсан болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
5. Талууд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 20,313,093 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Уг баримтад хоёр байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан, хүчин төгөлдөр баримт байна.
5.1. Хариуцагч нь энэхүү өр нь сэлбэг захиалгын буцаалт болно гэж баримтад тусгасан тул нэхэмжлэлд хамааралгүй гэж маргасан боловч сэлбэг захиалгатай холбоотой харилцаа талуудын хооронд үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
5.2. Түүнчлэн хариуцагчийн техник ашиглалтын тайлан баримтад 4674 УН улсын дугаартай экскаваторыг 2023 оны 01 дүгээр сард нийт 232.5 мото/цаг, 03 дугаар сард нийт 4 мото/цаг тус тус ажилласан гэж тусгасныг түрээсийн гэрээний 4.3 дахь заалтад 31 хоногтой сард 620 мото/цаг гэж зааснаар тооцоход түрээсийн төлбөр 20,979,838 (55,000,000/620*236.5) төгрөг байхаар байна.
Ийм анхан шатны шүүх дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 20,313,093 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Түрээсийн гэрээний 4.6 дахь заалтад Хэрэв түрээслэгч нь түрээсийн төлбөрөө нэхэмжлэх ирсний дараа ажлын 10 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрийн үндсэн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх төлбөрийг зогссон хоногт үржүүлэн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн агуулгад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгосны үр дагаврыг анхаараагүй нь алдаатай болжээ.
6.1. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан гэрээг талууд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр цуцалж дуусгавар болгосон ба гэрээний хугацаанд түрээслүүлэгчээс дээрх заалтын дагуу төлбөрийн нэхэмжлэхийг түрээслэгчид илгээсэн талаар баримт авагдаагүй тул хариуцагчийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч энэ үндэслэлээр алданги төлөхийг шаардаагүй болно.
6.2. Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсанаар хариуцагчийн алданги төлөх үүрэг дуусгавар болсон тул үүнээс хойшхи хугацаанд алданги тооцогдох үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 1,017,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
7. Гэрээний 4.8 дахь заалтад Түрээслэгч нь түрээсийн техникийг өөрийн ажлын талбайд аваачих тээвэрлэлтийг аваачих тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцна гэж заасан ба экскаваторыг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн *******тэс суманд хүргэх тээвэрлэлтийн зардал 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Харин экскаваторыг буцаан тээвэрлэх зардлыг түрээслэгч хариуцах үүрэг гэрээгээр хүлээгээгүй тул нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн зардал 6,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Анхан шатны шүүх гэрээний нөхцөлийг буруу тайлбарлаж хариуцагчаас 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 28,313,093 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг буруу тусгаж техникийн алдаа гаргасныг зөвтгөх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...35,830,593... гэснийг 28,313,093 гэж, ...олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,517,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 299,515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,103 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА