Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00042

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Хрд холбогдох 1932000110035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Тариалан суманд 1990 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын харьяа Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Барилга орон сууцны 1 дүгээр ангийн 1 дүгээр уурын зууханд галч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурд овогт Үрчээгийн Хр.  /РД:*/

 

Шүүгдэгч Ү.Хр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-10 загварын 24-06 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын № № 412а тоотод байрлах гэртээ очихоор замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлах Формула авто угаалгын урд талын төв засмал замаар зорчин явахдаа эсрэг урсгалд орж засмал зам хөндлөн гарч явсан иргэн Н.Эрдэнийг мөргөн зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон, мөн  гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Хргийн өгсөн ……  2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цагт ажлаасаа буучихаад гэр лүүгээ явсан. Би приус-10 маркийн 24-06 УНГ улсын дугаартай машиныг жолоодож явсан. Вест дэлгүүрийн тэнд явж байгаад хамт ажилладаг Аюур гэдэг ахтай таараад Аюур ахыг шаар авах газарт нь хүргэж өгөөд тэндээсээ Аюур ахыг Сансарын гудамжинд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Аюур ах гэртээ ороод нэг шил 0.5 граммын архи гаргаж ирээд задлахаар нь 2 хундага архи уучихаад гэр лүүгээ харихаар явсан. Тэгээд гэр лүүгээ харих замдаа Формула авто угаалгын газрын тэнд хүн мөргөсөн. Тэгээд би сандарсандаа шууд зугатсан. Гэртээ ирээд эхнэр лүүгээ утасдаж хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд машинаа орхиод хэргийн газарт алхаад ирэхэд цагдаа хэмжилт хийж байсан. Тэгээд би хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад манай эгч Гэрэлтуяа миний гар утас руу залгаад Н.Энэ зам дээр явж байгаад машинд дайруулчихлаа ухаангүй эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаа тараад ярьтал Мандал сумын нэгдсэн эмнэлгээс Н.Эн ахыг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явж байна яаралтай яв гэсэн гэж хэлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр очоод Н.Эн ахыг харсан чинь аппаратанд залгасан ухаангүй байдалтай хэвтэж байсан. Ингээд биеийн байдал нь сайжрахгүй байсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 23 минутанд нас барсан.... 1959 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Багадаа цэцэрлэгт явж байгаагүй, мөн сургуульд явж байгаагүй, багаасаа сэтгэцийн хувьд эмнэлгийн хяналтанд байдаг юм. Би яг ямар оноштойг нь мэдэхгүй байна гэхдээ зүгээр ярина энгийн хэвийн хүн шиг л байдаг. 1982-1985 онд Барилга ашиглалт үйлчилгээ БААМ-д ажилладаг байсан. Гэр бүлийн хувьд эхнэр хүүхэд байхгүй гэр бүл зохиож байгаагүй одоогоор Нарангийн 17 тоотод өөрийн дүү Энсувдтай амьдардаг байсан юм. Зан байдлын хувьд хүнтэй эвсэг, хүнд тусархуу, олонтойгоо тийм хүн байсан, өдрийн цагаар худалдааны гудамжинд гурил зөөр зэргээр хар бор ажил хийж өнгөрөөдөг байсан юм.... Яг нарийн бэлдэж гаргаагүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр талийгаачийг нутаглуулсан, барагцаагаар 8 сая орчим төгрөг болсон байхаа би баримтыг бүрдүүлээд тулгаж үзэж байгаад хэрэгт хавсаргахаар өгье гэх мэдүүлэг /Хх-н 30-31 дүгээр хуудас/

Гэрч П.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн............. Би худалдааны захын урд талд нүүрс шуудайлж зардаг ажил хийдэг юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 46 минутын орчимд ажлынхаа гадаа байж байтал Н.Эн ах Нарангийн гудамжнаас гараад нааш алхаж явсан. Тэгээд Н.Эн ах ирж байна даа гэж харчихаад Тод дэлгүүрийн зүгээс машин ирэх нь үү гээд хараад байж байтал гэнэт ар талд тас няс гээд явчихаар нь эргээд хартал зам дээр Н.Эн ах машинд дайруулж байсан. Дайрсан машин нь хар хөх өнгөтэй тоёота приус 10 эсвэл 11 загварынх байсан. Тэгээд дугаарыг нь харах гэсэн чинь харагдахгүй нөгөө Н.Эн ахыг дайрсан машин шороо татуулаад Цант-Орхоны чиглэлд яваад өгсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс болон машинууд зогсоод эмнэлэг, цагдаа дуудаарай болоод л явсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/

Гэрч Н.Смийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.... Манай нөхөр Ү.Хр нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангид галчийн ажил хийдэг юм. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагт ээлжтэй ажилдаа явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цагт буух ёстой байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад би нөхөр Ү.Хр руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь 11 цаг өнгөрч байхад залгасан чинь утас нь холбогдоод ажлаасаа гараад гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгээд 13 цаг өнгөрч байхад манай эгч Гэрэлмаа миний утас руу залгаад над руу банк бусаас залгаад цагдаа нар машины талаар асуугаад байна хүн мөргөчихөөд зугатсан гэж байна Ү.Хр машин барьж яваа юм уу гэхээр нь Ү.Хргийн гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгэхээр нь дахин дахин залгаж байж холбогдсон тэгсэн чинь Ү.Хр би хүн мөргөөд тэгээд зогсохгүй явсан гэхээр нь би чамайг цагдаагаас хайгаад байгаа юм биш үү гэсэн чинь тийм ээ би архи уусан болохоор чигээрээ явчихсан юм машинаа хашаанд тавьчихсан одоо цагдаа руу явлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

Гэрч Ш.Аюын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд байхаа би шаар захиалах гээд очоод буцаад харих гээд алхаад явж байтал Ү.Хр машинтайгаа таараад намайг гэрт хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би суугаад бид хоёр манай гэрт очсон. Тэгээд цай хийж өгөөд би гэрт нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи байхаар нь гаргаад дүү татах уу гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи хийгээд бид хоёр тус бүр хундагаар 2 татсан байх. Тэгээд удалгүй Ү.Хр харьлаа гээд яваад өгсөн. Би үхэртээ гарсан. Ү.Хр зам тээврийн осол гаргасан талаар танаас мэдлээ гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/

Гэрч С.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Н.Эн нь оюун ухааны хүндэвтэр зэргийн хомсдолтой өрхийн болон мэдрэлийн эмчийн хяналтанд байсан. Н.Эн нь анх 1989 онд оюун ухааны хомсдол өвчнөөр хөдөлмөрийн чадвараа тогтоолгохоор бүртгүүлж байсан байна. Уг өвчин нь гаднах байдлаас мэдэгдэхгүй хэвийн явж үйл хөдлөл хэвийн зүгээр юм шиг харин сэтгэн бодох чадвар 48 хувьтай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сэтгэн бодох чадвар нь хоцрогдолтой хэл ярианы хоцрогдолтой хэлсэн ярьсныг хэвийн ойлгоно янз бүрийн зан араншин гаргаж байгаагүй...... Би 2018 онд өвчтэй байсан картыг нь харсан. Манай эмч нарт үзүүлээд группээ сунгуулсан байна. Замын хөдөлгөөнд оролцох буюу зам хөндлөн гарах, машинд мөргүүлж болохгүй гэдгийг бол ойлгох чадвартай гэх мэдүүлэг /Хх-н 51-52 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 01......... хариулт:

1.Явган зорчигч Н.Эн нь ЗХД 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

2. Тоёота приус-10 загварын 24-06 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ү.Хр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч Ү.Хр нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Тоёота приус 10 загварын 24-06 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ү.Хр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна гэж үзэж байна гэх /Хх-н 54 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр № 765...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Ү.Хр 201.01.11 гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй гэх /Хх-н 58 дугаар хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 339....... Дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, бага тархины орой хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зүүн зулай, баруун, дух, чамархай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зулай, дагз хэсгийн хуйхан доорх тархмал цус хуралт, цээжний зүүн талын 3-8 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2019.01.16-ны орой 22 цаг 30 минутанд нас барсан байх боломжтой байна. /өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/

6. Талийгаач нь АВ бүлгийн /IV/-р цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна гэх /Хх-н 62-63 дугаар хуудас/

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ........ Шинжилгээнд Ү.Хр гэж хаягласан 5мл орчим цусыг ирүүлсэн байна. Цусны шинжилгээний дээж авч спиртийн агууламж тодорхойлох стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд спиртийн агууламж илрээгүй. Согтуурал шалгах багажаар гарсан гэх 0.96% нь үлээж гарсан буюу амьсгалын замаар илэрсэн хэмжээ байдаг. Миний хийсэн шинжилгээний аргачлал нь цусанд агуулагдаж байгаа буюу хүний биед шилжин орсон цусан дахь хэмжээг заадаг. Хүн болгоны архийг шингээх явц нь тухайн хүний нас, хүйс, жин, архаг хууч өвчин, биеийн онцлог зэргээс шалтгаалан харилцан адилгүй хэмжээгээр үйлчилдэг. Иймээс согтуурал шалгахбагаж болон шинжилгээний аргачлалын гарч буй хэмжээ нь 2 өөр хэмжигдэхүүн юм. Тухайн хүний биеийн онцлог хоол унд хэрэглэсэн байдал, амарсан байдал зэргээс шалтгаалан хүний хөлс, шээсээр спиртийн зүйл гадагшилдаг. Иймээс багахан хэмжээний архи согтууруулах ундааны зүйл цуснаас гарахгүй байх боломжтой гэх мэдүүлэг /Хх-н 72 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-09 дүгээр хуудас/

Тоёота приус-10 маркийн 24-06 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-12 дугаар хуудас/

Ү.Хрг эрүүлжүүлсэн бүртгэл, тэмдэглэл /Хх-н 23 дугаар хуудас/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 27-28 дугаар хуудас/

 

Ү.Хргийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 82 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 83 дугаар хуудас/

Ү.Хр нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Ү.Хргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 87 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 101-109, 111 дүгээр хуудас/

Хохиролд 5 сая төгрөгийг төлсөн баримтууд /Хх-н 113-116 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нандинцэцэгээс тус шүүхэд гаргасан гэм хорын хохирлын үлдэгдэлд 5 сая төгрөгийг хүлээн авлаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаас нь анхааран үзэхийг санал болгож байна. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй боллоо гэсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ү.Хр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-10 загварын 24-06 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын № № 412а тоотод байрлах гэртээ очихоор замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлах Формула авто угаалгын урд талын төв засмал замаар зорчин явахдаа эсрэг урсгалд орж засмал зам хөндлөн гарч явсан иргэн Н.Эрдэнийг мөргөн зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон, мөн  гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг  гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ү.Хр нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон ба уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Нандинцэцэг нь мөрдөн байцаалтад 9722917 төгрөгийг нэхэмжилж хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан бөгөөд шүүгдэгч Ү.Хр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10000000 /арван сая/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ү.Хргийн цусанд шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй тул согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд пркуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ү.Хр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэг, Ү.Хрг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрүүлжүүлсэн бүртгэл, тэмдэглэлд согтолтын зэргийг 0.96 % гэж тэмдэглэсэн нь согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмжөөр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Ү.Хргийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг гэж үзэж тэнсэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах .... гэж заажээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал гомдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ү.Хрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа уг тусгай ангид заасан доод хэмжээний торгох ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч Ү.Хрд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцоход 30 хоногийн буюу нэг сарын хугацаагаар хорих ял болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ү.Хргийн № 1025575 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Бурд овогт Үрчээгийн Хрг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн,  хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ү.Хргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ү.Хрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ү.Хрд оногдуулсан 01 жил 01 сар 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ү.Хргийн № 1025575 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэх, Ү.Хр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Хрд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ХЭРЛЭН.