Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 502

 

  2019         04          01                                 2019/ШЦТ/502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Ш , Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ш , Г.Г нарт холбогдох эрүүгийн 1906 01260 0548 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Б.Ш , регистрийн дугаар,

 

2. Монгол Улсын иргэн, Г.Г регистрийн дугаар /,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Ш  нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "MB" бааранд иргэн Ц.Э г цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "MB" бааранд иргэн Б.Ш г цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э гийн өгсөн: "...Тэр үед хүүхэд уйллаа гээд аав ээж хоёр залгаад, хэлсэн цагтаа ирэхгүй гээд уурлаад байхаар нь нөхөртөө "Аав ээж залгаад байна, явъя" гэхэд "За хайраа" гээд нөхөр боссон чинь Шинэхүү "Байж бай ахаа" гээд татаад суулгахаар нь нөхөр рүү би уурлаад "Чи ямар хаашаа юм, үр хүүхэд чинь уйлаад байна гээд байхад" гээд нөхрөө баруун гарнаас нь таттал Шинэхүү өндийж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Эхний цохилт нь нүүрэнд маш хүчтэй, дараагийн цохилт нь шүргэсэн. Тэгтэл миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суухад манай нөхөр Ганаа Шинэхүүг дараад баарны буйдан дээр унагаасан." гэх мэдүүлэг /хх-н 10-16 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш гийн өгсөн: "...Би уг болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Надтай бааранд очсон Нямбаяр, Түмэн-Од нарын яриагаар “Ганаа ах намайг цохиод хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд баарнаас гаргаад намайг Ганаа ах дахиад зодсон гэсэн." гэх мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Түмэн-Одын өгсөн: "...Ширээн дээр суух гэтэл махлаг, надаас бол намхан залуу Шинэхүүг сууж байтал урд нь зогсож байснаа шууд цохиод авсан. Би ард нь байсан учир Шинэхүүгийн нүүр хавьд нь цохьчих шиг болохоор нь уг залууг араас нь татаад газар унагаасан. Шинэхүүг аваад машин хөдлөхөд Шинэхүү рүү харахад нүүр нь цус болсон байсан." гэх мэдүүлэг /хх-н 25-27 дугаар хуудас/,

Гэрч Э.Жаргалмаагийн өгсөн: "...Шинэхүү, Ганаа хоёр барилцаад авсан. Тэгээд удалгүй гараад явцгаахаар нь би мөн гартал Ганаа ахын эхнэр "Намайг Шинэхүү 2 удаа цохьчихлоо. Эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг аймар цохьдог юм" гээд орилоод байсан. Тэгтэл Ганаа ах эхнэрээ өмөөрөөд "Чи эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм" гэж Шинэхүүг барьж аваад хоёулаа газар унасан." гэх мэдүүлэг /хх-н 31-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Батдэлгэрийн өгсөн: "...Ганаа Шинэхүү хоёр маргасан бололтой байсан. Юунаас болоод маргаад байгааг нь ойлгоогүй. Ганаа, Шинэхүү "Манай эхнэрийг цохьчихлоо" гээд байсан. Тэгээд баарнаас гараад баарны гадна үүдэн дээр Ганаа, Шинэхүү хоёр барьцалдаж аваад газар унахад Түмэн-Од ирж салгаад Шинэхүүг машин руу аваад явсан." гэх мэдүүлэг /хх-н 34-36 дугаар хуудас/,

Гэрч Н.Дуйнхаржавын өгсөн: "...эргээд хартал Ганаа, Шинэхүү хоёр заамдалцаад авсан. Энхжин нүүрээ дараад сууж байхаар нь "Яасан, юу болсон" гэхэд мэдэхгүй намайг нэг нь цохьчихлоо, хамарнаас цус гарсан байна" гэхээр нь "Та нар чинь таньдаг хүмүүс гэсэн биздээ" гэж хэлээд хартал Шинэхүүг Нямбаяр сугадаад гарч байсан. Энхжингээс "чамайг хэн цохьсон юм" гэхэд "Ээж залгаад Ганааг харъя" гэтэл Шинэхүү цохьчихлоо" гэсэн." гэх мэдүүлэг /хх-н 37-39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2305 дугаартай 1. Б.Ш гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, хамар, уруулд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2351 дугаартай 1. Ц.Э гийн биед баруун нүдний зовхи, хацар, баруун хөлийн өвдөгөнд цус хуралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 57 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 90, 92 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 91, 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ш  нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "MB" бааранд иргэн Ц.Э г цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "MB" бааранд иргэн Б.Ш г цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э гийн өгсөн...Шинэхүү өндийж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Эхний цохилт нь нүүрэнд маш хүчтэй, дараагийн цохилт нь шүргэсэн. Тэгтэл миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суухад манай нөхөр Ганаа Шинэхүүг дараад баарны буйдан дээр унагаасан гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш гийн өгсөн...Ганаа ах намайг цохиод хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд баарнаас гаргаад намайг Ганаа ах дахиад зодсон гэсэн гэх, гэрч Ч.Түмэн-Одын өгсөн…Шинэхүүгийн нүүр хавьд нь цохьчих шиг болохоор нь уг залууг араас нь татаад газар унагаасан. Шинэхүүг аваад машин хөдлөхөд Шинэхүү рүү харахад нүүр нь цус болсон байсан гэх, гэрч Э.Жаргалмаагийн өгсөн...Шинэхүү, Ганаа хоёр барилцаад авсан…, Ганаа ах эхнэрээ өмөөрөөд "Чи эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм" гэж Шинэхүүг барьж аваад хоёулаа газар унасан гэх, гэрч Б.Батдэлгэрийн өгсөн...баарнаас гараад баарны гадна үүдэн дээр Ганаа, Шинэхүү хоёр барьцалдаж аваад газар унахад Түмэн-Од ирж салгаад Шинэхүүг машин руу аваад явсан гэх, гэрч Н.Дуйнхаржавын өгсөн…эргээд хартал Ганаа, Шинэхүү хоёр заамдалцаад авсан. Энхжин нүүрээ дараад сууж байсан гэх,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2305 дугаартай дүгнэлтээр... Б.Ш гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, хамар, уруулд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2351 дугаартай дүгнэлтээр...Ц.Э гийн биед баруун нүдний зовхи, хацар, баруун хөлийн өвдөгөнд цус хуралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо..., хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Г, Б.Ш  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г, Б.Ш  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Г, Б.Ш  нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Г, Б.Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

   Хохирогч Ц.Э  нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.Ш д нийт 610.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгч Г.Г, Б.Ш  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Г, Б.Ш  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г, Б.Ш  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г, Б.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.