Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 41

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М- даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Э.Энхбат,

хохирогчийн хууль ёсын төлөөлөгч С.Г-

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Н-, Монгол Улсын иргэн, ............... төрсөн, ........ настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..........., урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 262 а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 622 дугаар захирамжаар түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг 2017 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцүүлж түүний эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 11 хоногийн хорих ялаас чөлөөлсөн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр):

Яллагдагч Б.Н- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхдүүд болох 11 настай Г.У-, 16 настай Г.У- дагавар хүүхэд болох 05 настай Г.А- нарыг байнга /Г.У-г 2017 оны 10 дугаар сард пивор сандлаар нуруу руу нь цохиж зодсон, Г.У-ийг 2018 оны 9 дүгээр сард нүд рүү цохиж зодсон, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.У-, Г.У-,  Г.А- нарт хандаж “та нар чимээгүй байхгүй бол ална шүү бүлчихнэ шүү” гэж айлган сүрдүүлэн, хутга тулгах, далайлгах зэргээр харгис хэрцгий харьцан догшин авирлаж, Г.У-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, Г.У-ийн үснээс зулгаан чирэх, хүн суух зорилалт бүхий пивор материалаар хийгдсэн 3 ширхэг давхарласан сандал болон гараараа гар, хөл, нуруу, толгойн тус газар нь цохиж, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн биед зүүн мөр, бугалганы цус хуралт, зүүн ташааны зулгаралт, баруун суга, нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сард намайг гаднаас ороод ирсэн чинь манай бага хүү шалдан газар уйлаад байж байхаар нь би бага бохин Уг уурласан. Гэтэл У надтай хэрэлдээд яагаад намайг байнга загнаад байдаг юм бэ гэхээр нь би чамд юм хэлж байна хүний урдаас хэрэлдээд уурлаад байх юм ямар учиртай юм гээд зогсож байтал том охин У- гаднаас орж ирээд аав та ямар сонин юм, би таньтай хамт амьдармааргүй байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сараас эхлээд байнга гэрээс хөөдөг байсан. Тэгээд би охиндоо хандаж би та нарт ямар гэм хийсэн юм, яагаад байнга хөөж туугаад байдаг юм бэ гэхэд “манай охин таньтай хамт амьдрахад хэцүү” байна гэж хэлсэн. Би У-ийг найз нартайгаа кино үзээд ирье гэхээр нь явуулж байсан. Гэтэл У- нь шөнийн 02 цагийн үед ирсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүүхэд байж шөнө орой болтол явлаа гэсэн чинь У- уурлаад амандаа пизда, пиздаа гээд үглээд байсан. Тэгэхээр нь би чи яагаад намайг пиздаа гээд байгаа юм бэ гэтэл У- уурлаад ширээн дээр байсан халуун савтай цайг над руу авч шидсэн. Тэгэхээр нь би У-ийг хоёр удаа алгадсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байшингийн хан өрөөд байж байтал манай хоёр найз ирээд хоёр шил архи авчирж өгчихөөд нэг найз маань буцаад явсан. Тэгээд нэг найзтайгаа авч ирсэн хоёр шил архийг нь уучихаад орой гэртээ ороод ирсэн чинь том охин байхгүй байсан. Харин манай бага охин аяга угаагаад зогсож байхаар нь өдөр намайг гарахад аяга угааж байсан одоо болтол угааж байгаа юм уу гэхэд бага охин уурлаад угаажил байш дээ гэж хэлсэн...тэгээд хэрүүл хийгээд байж байтал том охин гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь би аавдаа утсаа өгч байгаач гэж хэлсэн чинь том охин нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг бас архи уусан байгаа юм уу, таньтай хамт амьдрах хэцүү байна та унтаж чадахгүй бол зайл гэж хэлсэн. Тэр асуудлаас болж маргаан болсон. Харин би хутга шөвөг барьсан зүйл байхгүй...харин би анх мэдүүлэг өгөхдөө сандлаар цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн үед манай охин надад хэлэхдээ Б.Н- гэх хүнтэй хамт амьдарч чадахгүй, аав гэдэг хүн чинь ийм байдаг юм уу, намайг сая сандлаар цохисон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нарын аашнаас болсон байлгүй, яагаад хоорондоо эвтэй байж болдоггүй юм гэж хэлсэн...Тэгээд сүүлд У- над руу утсаар яриад...намайг алгадсан талаар хэлсэн...миний зүгээс энэ хүнийг хориулах ямар нэгэн санаа зорилго байхгүй байна...харин гурван хүүхэдтэй минь уулзуулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэргийн талаар;

1. Насанд хүрээгүй Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр...У аавтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуусан чинь аав надруу дайраад намайг орлуу түлхэж унагаагаад нуруулуу гараараа цохисон гэж хэлсэн. Надаас миний утас хаана байнаа гээд байн байн асуугаад байхаар нь би мэдэхгүй ээ яасан ядаргаатай юм бэ гэж хэлтэл миний үснээс зулгааж түлхэж унагаасан, гэрт байдаг дээр дээрээс нь давхарласан 3 ширхэг шаргал өнгийн сандлаар толгой, гар, нуруу хөлний хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Мөн гараараа нүүрний шанааны хэсэгт 1-2 удаа цохиж, хөлөөрөө гэдэс, хөлрүү мөн 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Хохирогчоор 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би 2002 оны 05 дугаар сарын 15-нд  Улаанбаатар хотод төрсөн.  Анх ухаан орох үед миний төрсөн аав Б.Н- ээж Г- нар хамт амьдардаг байсан. Аав Б.Н- хорих ял эдлэж явсан. Яг ямар зүйл заалтаар хэдэн жилийн хорих ял эдлэж явсанг мэдэхгүй. Тэрнээс хойш ээж Г-тай хамт амьдрах болсон. ...би ээж хоёр дүүгийн хамт Баянхошуунд амьдарч байгаад өвөө нас барж 2017 онд Баруун салаанд бид 4 тусдаа амьдрах болсон. 2017 оны 07 дугаар сард аав Б.Н- хорих ангиас суллагдсан гэж сонсогдсон. 2018 оны 07 дугаар сард аав  Б.Н- баруун салаанд байдаг манай гэрт ирсэн. ...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн асуудлыг би өчигдөр Уянга гэдэг байцаагчид дэлгэрэнгүй ярьсан одоо дахиж ярьж хэлмээргүй байна. ...Миний зүүн гарын булчин орчим хөхөрч хавдсан толгой  хавдсан. Шилэн хүзүүний ард талаар хөхөрчихсөн байна. Энэ гэмтлүүдийг миний аав Б.Н- хуванцар 3 давхарласан сандлаар цохиж мөн шилэн хүзүүг болохоор гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Хохирогчоор 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хуванцар сандлаар зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

 

2. Насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Б.Н- дүүгээ яагаад загнаад байгаа юм чи миний үгэнд дандаа орохгүй юм гэж хэлээд намайг гараараа нуруу руу нэг удаа цохиод түлхсэн чинь би газар уначихсан...гэтэл гаднаас эгч Г.У- орж ирээд намайг өмөөрч аав Б.Н-ыг...унтаач гэж хэлсэн чинь аав Б.Н- миний унтах, унтахгүй чамд хамаагүй гэж загнаж миний гар утас хаана байна залгаадах гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь чиний утас үнэгүй ярьдаг биздээ гэж байснаа Г.У- эгчийг үсдэж аваад газраар чирч байгаад үснээс нь тавиад би чамайг алсан ч чадна шүү та нар миний хүүхдүүд гээд хуванцар гурван сандал давхарлаж байгаад У- эгчийн толгой бие рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

3. С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой намайг гэрт байхгүй байхад Б.Н- согтуу гэрт ирээд Г.У-ийг үснээс нь чирч газар унагааж байгаад хуванцар 3 давхарласан сандлаар толгой зүүн гарын булчин руу цохиж, шилэн хүзүүнд...цохисон гэж миний охин Г.У- надад хэлэхээр нь би өөрийн ажлаасаа цагдаагийн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...охин Г.У- рүү 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө утсаар залгаж “гэрт чинь юу болж байна” гэж асуусан чинь тэрээр аав Б.Н- гэрт хүмүүстэй архи уугаад 2 хүн нь яваад өгчихсөн. Г.У-г уйлчихсан байхаар нь би өмөөрч “Та яах гэж ингэж байдаг юм бэ одоо унтаач” гэсэн чинь “миний унтах унтахгүй та нарт ямар хамаатай юм” гээд Г.У-ийг үсдэж авч газар унагаад гэдэс рүү нь өшиглөж хуванцар сандлаар зодсон гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112), 

4. Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ноцтой зодсон болохоор нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12518 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний гадна дээд гадаргууд 2х1.5см, зүүн бугалганы гадна дээд гадаргууд 5х6.5см бүдэг хөх өнгийн, гадна дунд гадаргууд 3.5х5см бүдэг хөх өнгийн цус хуралттай, зүүн ташаанд 7х2см улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун суганы ар гадаргууд 1.5х1.5см 2 ширхэг нурууны ар дээд гадаргууд 3х1см бүдэг хөх өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ:

1. Г.У-ийн биед зүүн мөр, бугалганы цус хуралт, зүүн ташааны зулгаралт, баруун суга, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),

6. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа “...Бямбаагийн Б.Н-... С.Г- нар 2006 оны 7 дугаар сарын 23-нд гэр бүл болсоныг...2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 94),

7. Насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн иргэний үнэмлэх “...Г- овогтой У- 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 24),

8. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлийн тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 3-8), Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 10), Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11, 13-14), Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17),

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүүхдийн эсрэг үйлдсэн талаар;

1. Насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2002 оны 05 дугаар сарын 15-нд  Улаанбаатар хотод төрсөн.  Анх ухаан орох үед миний төрсөн аав Б.Н- ээж Г- нар хамт амьдардаг байсан. Аав Б.Н- хорих ял эдлэж явсан. Яг ямар зүйл заалтаар хэдэн жилийн хорих ял эдлэж явсанг мэдэхгүй. Тэрнээс хойш ээж Г-тай хамт амьдрах болсон. Миний доод талын дүү У 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн тэр үед аав Б.Н- байхгүй  хорих ангид ял эдлэж байсан.  Бага дүү болохоор 2013 онд төрсөн. Одоо 5 настай энэ хугацаанд ээж хоёр дүүгийн хамт Баянхошуунд амьдарч байгаад өвөө нас барж 2017 онд баруун салаанд бид 4 тусдаа амьдрах болсон. 2017 оны 07 дугаар сард аав Б.Н- хорих ангиас суллагдсан гэж сонсогдсон. 2018 оны 07 дугаар сард аав  Б.Н- Баруун салаанд байдаг манай гэрт ирсэн. Тэр үед ээж байгаагүй хөдөө Сэлэнгэ аймгийн Шарын голд ажилтай явж байсан. Тухайн үед би хоёр дүүгийн хамт байсан. Тэрнээс хойш би дүү нарын хамт ээж дээрээ зуны амралтаараа очиж аав Б.Н- болохоор манай гэрт үлддэг байсан. Ээжийн ажлын газраас ээж хашаанд байшин бариулж өгөхөөр болоод түүнд аавыг тусалчих гээд М- гуйгаад манай гэрт байнга байх болсон. 2018 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна аав Б.Н- гэрт эрүүл саруул архи уугаагүй байж байхдаа дүү Уг “үгэнд орохгүй хүндлэхгүй байна” гэж уурлаж “пиздануудаа гөлөгнүүдээ” гэж загнахаар нь би “одоо та болчихооч ямар хэцү ү юм бэ таньтай байх надад хэцүү байна та манай гэрээс яв” гэж хэлсэн чинь “та нар намайг хөөдөг хэн бэ би та нарын аав чинь та нар надтай ингэж харьцах болоогүй шүү” гэж хэлээд уурлаж намайг 4-5 удаа хацар нүүрлүү алгадаж зүүн нүдний доод талыг хөхрүүлж нүүр хавдчихсан. Тухайн үед ээж байгаагүй. Та нар миний хүүхэд та нарыг би яаж ч чадна шүү гэхээр нь гэрээс яв гэж хөөгөөд гэрээсээ би хоёр дүүгээ аваад хашаанд зогсож та манай гэрээс яв явсны чинь дараа гэртээ орно гээд зогсоод байсан чинь гэрээс гарч ирээд би явлаа та нар гэртээ ор. Та нар миний шээс биздээ гөлөгнүүдээ гэж харааж байгаад яваад өгсөн. Тухайн үед эмнэлэг, цагдаад хандаагүй. Ээж Г-д ч хэлээгүй. ....Хэд хоногийн дараа М- эгч аав Б.Н-ыг дуудаад байшин бариулна гээд аваад ирсэн. Хэсэг хугацаанд бас манай гэрт байсан. ...У аавтай маргалдаад байж байсанд. Тэгэхээр нь би яасан юм гэж асуусан чинь аав надруу дайраад намайг орлуу түлхэж унагаагаад нуруулуу гараараа цохисон гэж хэлсэн. Надаас миний утас хаана байнаа гээд байн байн асуугаад байхаар нь би мэдэхгүй ээ яасан ядаргаатай юм бэ гэж хэлтэл миний үснээс зулгааж түлхэж унагаасан. (хавтаст хэргийн 22-23),

- “...Тэгээд аав шургуулаганаас улаан өнгийн иштэй хутга гаргаж ирээд гэрийн хаалга дотроос нь түгжээд алчихна шүү гээд хутгаараа надруу далайгаад дайраад байсан. Энэ үед айгаад би 2 дүүтэйгээ уйлсан чинь битгий уйлаад бай , битгий  чимээ гаргаад бай та гуравыг алчихна шүү гэж хэлээд дүү бид 3-луу хутгаараа далайгаад байсан. Айгаад бид гурав уйлахаа больсон. Тэгтэл дүү У битгий л дээ ааваа гэж хэлтэл чимээгүй бай гэж хэлээд дүү Угийн нүүрлүү  гараараа нэг удаа цохитол хамарнаас нь цус гарсан. Үүний дараа аав агсарч агсарч байгаад унтаад өгсөн юм. Болсон асуудлын талаар өнөөдөр өглөө ээждээ утсаар хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн байна лээ. ...Далайсан хутгыг нь би аваад ирсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- “...Миний төрсөн дүү Г.У-г миний төрсөн аав Б.Н- миний мэдэж байгаагаар 2017 оны 10 дугаар сард намайг хичээлээ тараад гэртээ орж ирэхэд дүү Г.У- уйлчихсан аав Б.Н- ууралчихсан гэрт сууж байхаар нь “та нар юу болсон юм бэ” гэсэн чинь дүү Г.У- аавын хажууд “миний нурууруу аав гараараа цохиж орлуу унагчихлаа” гэхээр нь аавдаа би “та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед Г.У-гийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Намайг 2018 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр аав эрүүл байхдаа дүү Г.У-г загнаад байхаар нь би өмөөрсөн чинь намайг зодсон. ...Дүү Г.У- бид хоёрыг 2017 оны 10 дугаар сараас хойш 3 удаа зодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

2. Насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард...би эгч У-, дүү нарын хамт гэртээ байж байсан чинь аав Б.Н- намайг загнаад үгэнд орохгүй байна гэсэн чинь У- эгч намайг өмөөрч яагаад хүүхэд загнаад байгаа юм гэж хэлэхэд аав У- эгчийг дүүгээ өмөөрлөө гэж алгадаж нүдийг нь хөхөрүүлчихсэн...мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим...бага дүү 5 настай А- шалан дээр мөлхөөд байхаар нь орон дээр гар гэсэн чинь аав Б.Н- дүүгээ яагаад загнаад байгаа юм чи миний үгэнд дандаа орохгүй юм гэж хэлээд намайг гараараа нуруу руу нэг удаа цохиод түлхсэн чинь би газар уначихсан...гэтэл гаднаас эгч У- орж ирээд намайг өмөөрч аав Б.Н-ыг...унтаач гэж хэлсэн чинь аав Б.Н- миний унтах, унтахгүй чамд хамаагүй гэж загнаж миний гар утас хаана байна залгаадах гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь чиний утас үнэгүй ярьдаг биздээ гэсэн. ...Тэгснээ намайг чи наашаа хар гэж хэлэхээр нь өөдөөс нь харахын завдалгүй миний нүүр рүү гараараа нэг удаа, хамар  руу цохиод цус гарсан. Үүний дараа У- эгчийн хоолойнд нь гартаа барьсан улаан иштэй хутгаа тулгаж бариад бүлчихнэ шүү гэж айлгаж байгаад та нар унт гээд өөрөө орондоо ороод хэвтсэн. ...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Мөн хамар руу гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Урьд өмнө 2017 оны 10 дугаар сард ээжийг байхгүйд 5 настай дүү А-ийг гэртээ хараад байж байхад хуванцар сандлаар нэг удаа цохиж нуруу хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

3. С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Гэрчээр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард архи уучихаад өөрийнхөө охин У-ийг би чиний аав биздээ  та нар намайг тоохгүй байна. Та нар миний шээс тийм учраас та нарыг би яаж ч болно алж болно гэж хэлээд 8-9 удаа алгадаж Г.У-ийн зүүн нүдний доод талыг хөхөрүүлчихсэн байсан...гэтэл 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой намайг гэрт байхгүй байхад Б.Н- согтуу гэрт ирээд Г.У-, Г.У-, А- нарыг хутга барьж та нарыг ална гэдсийг чинь хүүлнэ арьсийг чинь хуулан, ...орилох юм бол та нарыг ална шүү, цагдаад хэлээрэй хэлснийг чинь дараа дахиж ирж байгаад бүгдийг чинь ална шүү амьд хүн үлдээхгүй шүү гэж орилж заналхийллээ гэж миний охин У- надад хэлэхээр нь би өөрийн ажлаасаа цагдаагийн дуудлага өгсөн...У-ийг хорихоос гарснаас хойш нийт 3 удаа зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44),

 - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Миний мэдэж байгаагаар Б.Н- охин Г.У-г 2017 оны 10 дугаар сард намайг гэртээ байхгүй байх үед нуруу руу нь хуванцар сандлаар цохиж хөхрүүлсэн байсан. Тухайн үед би ажлаар хөдөө явчихсан байхад ийм асуудал болсон байсан. Дараа нь намайг хөдөөнөөс ирэхэд охин Г.У- уйлаад аав намайг хуванцар сандлаар цохиод нуруу хүндүүр болгочихсон гэж хэлэхээр нь тоогоогүй...өнгөрөөсөн. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр...намайг хөдөө ажиллаж байхад...том охин Г.У-ийг гэртээ байхад нь нөхөр Б.Н- ирээд маргалдаж, алгадаж нүдийг нь хөхрүүлж хавдуулсан байсан. Тухайн үед охин Г.У- утсаар над руу залгаж аав Б.Н-...намайг алгадаж зодоод миний нүдийг хөхрүүлчихлээ...гэсэн. Тэгэхээр нь би Б.Н- руу утсаар залгаж “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэсэн чинь “зодоход яадаг юм” гэсэн. ...Нөхөр Б.Н- 2017 оны 10 дугаар сараас хойш нийт 3 удаа хүүхдүүдээ зодож, айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112),

 4. Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард У- над руу утсаар залгаад аав намайг дүүгээ өмөөрлөө гээд алгадаад баруун нүд хөхрүүлчихлээ гэж хэлж байсан. Би тухайн үед нь Б.Н-д яаж байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхэд Б.Н- миний үгэнд эд нар орохгүй байна. Аав нь юм чинь зодоход яадаг юм гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

5. Гэрч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Г.У- Г.У- хоёр өртсөн аавдаа зодуулсан гээд ээж нь...уулзаад явсан. Энэ асуудлаас өөр урд өмнө орж ирж байгаагүй анхны удаа тухайн үед цагдаагийн байгуулагад хандсан байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа хүнд байгаа...Урьд өмнө зодуулсан талаар мэдээлэл ирж байгаагүй эрсдэлтэй хүүхдүүдийн бүртгэл судлагаанд байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116),

6. Гэрч Ц.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.У- өөрөө надад хэлж байгаагүй. Харин нь ээж нь 2018 оны 10 дугаар сард ирээд Г.У-гийн талаар хэлэхдээ аавдаа зодуулсан сэтгэл зүйн дарамтад орсон учраас нийгмийн ажилтанд хэлж чөлөө авсан байсан...би урд өмнө аавдаа зодуулж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118),

7. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.У-,  Г.У- хоёр нь намайг хүлээн зөвшөөрөхгүй, хүндлэхгүй, гэрээсээ ямар ч шалтгаангүй хөөж өмнөөс хэрэлдэх гэх зэрэг янз бүрийн таарамжгүй харилцаа үүсэх болсон. Би хорихоос гараад эхнэр хүүхдүүдээрээ байхгүй хаана амьдрах билээ хууль ёсны эхнэр Г- бид хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй. Ял авахаасаа өмнө би өөрийнхөө 5 ханатай гэрээ хоёр охин эхнэртээ үлдээсэн. Г-г өөр хүний хүүхэд гаргачихсан байхад би ямар нэгэн юм хэлээгүй яриагүй. Миний төрсөн хоёр хүүхэд миний өөдөөс янз бүрийн юм яриад гэрээсээ хөөгөөд байхаар нь би гар хүрсэн нь үнэн. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдаад 2017 оны 8 дугаар сарын 4, 5-ны үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаанд очсон. Тэрнээс хойш 2018 оны хавар 5-6 дугаар сарын үед бага охин Г.У- өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салаанд Г.У-гийн нуруу руу нь түлхсэн чинь уйлаад эгч Г.У- гаднаас орж ирж таарч тухайн үедээ тэгсийгээд өнгөрсөн. Дараа нь 2018 оны 10 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Бороо орж байсан. Том охин Г.У-ийг би гэрээ цэвэрлээч гэсэн чинь урдаас пизда, пиздаа гээд загнаад байхаар нь хацар руу нь алгадчихсан чинь гэрээс намайг яв зайл гээд хөөгөөд байсан...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой гэртээ би архи ууж байгаад том охин Г.У-ийг хуванцар сандлаар нуруу руу нь цохисон. Тухайн үед согтуу байсан учраас зарим юмыг сайн санахгүй байна...би нийт 3 удаа гар хүрсэн. Уд нэг удаа, У-т хоёр удаа гар хүрсэн...тухайн үед намайг хүндлэхгүй, өөдөөс маргах үгэнд орохгүй байх үед л гар хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127),

8. Насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25), насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 30), нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 31), хохирогч нарын сурагчийн хувийн хэрэг лавалгаа (хавтаст хэргийн 130-134),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91, 93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80),  шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-87), сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 77), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 68-69, 107-108 ) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Б.Н- нь ....................... тоотод,  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө  дүүгээ өмөөрлөө гэх сэдэлтээр, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, шууд санаатай үйлдлээр охин Г.У-ийн бие махбодид хуванцар сандал, гар, хөлөөрөө цохиж халдан эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалганы цус хуралт, зүүн ташааны зулгаралт, баруун суга, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан;

-Мөн дээрх тоотод 2017 оны 10 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сар, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус, үгэнд орохгүй, хүндлэхгүй байна, дүүгээ өмөөрлөө гэх сэдэлтээр, төрсөн хүүхдүүдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, шууд санаатай үйлдлээр охин Г.У-, Г.У- нарын бие махбодид цохих, сэтгэл санаанд “пиздануудаа гөлөгнүүдээ”, “та нар намайг хөөдөг хэн бэ. Би та нарын аав чинь та нар надтай ингэж харьцах болоогүй шүү”, “Та нар миний хүүхэд та нарыг би яаж ч чадна шүү”, “Та нар миний шээс биздээ гөлөгнүүдээ”, “Хутга барьж та нарыг ална гэдсийг чинь хүүлнэ арьсыг чинь хуулна, орилох юм бол та нарыг ална шүү, цагдаад хэлээрэй хэлсний чинь дараа дахиж ирж байгаад бүгдийг чинь ална шүү амьд хүн үлдээхгүй шүү” гэх зэрэг үг, үйл хөдлөлөөрөө байнга гэр бүлийн хүчирхийллийг өөрийн хамаарал бүхий төрсөн хүүхдүүдийнхээ эсрэг үйлдсэн болох нь:

1. Насанд хүрээгүй Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд;

Гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр...У аавтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуусан чинь аав надруу дайраад намайг орлуу түлхэж унагаагаад нуруу руу гараараа цохисон гэж хэлсэн. Надаас миний утас хаана байнаа гээд байн байн асуугаад байхаар нь би мэдэхгүй ээ яасан ядаргаатай юм бэ гэж хэлтэл миний үснээс зулгааж түлхэж унагаасан, гэрт байдаг дээр дээрээс нь давхарласан 3 ширхэг шаргал өнгийн сандлаар толгой, гар, нуруу хөлний хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Мөн гараараа нүүрний шанааны хэсэгт 1-2 удаа цохиж, хөлөөрөө гэдэс, хөл рүү мөн 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

Хохирогчоор 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Миний зүүн гарын булчин орчим хөхөрч хавдсан толгой  хавдсан. Шилэн хүзүүний ард талаар хөхөрчихсөн байна. Энэ гэмтлүүдийг миний аав Б.Н- хуванцар 3 давхарласан сандлаар цохиж мөн шилэн хүзүүг болохоор гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Хохирогчоор 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хуванцар сандлаар зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

- Насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Г.У- орж ирээд намайг өмөөрч аав Б.Н-ыг...унтаач гэж хэлсэн чинь аав Б.Н- миний унтах, унтахгүй чамд хамаагүй гэж загнаж миний гар утас хаана байна залгаадах гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь чиний утас үнэгүй ярьдаг биздээ гэж байснаа Г.У- эгчийг үсдэж аваад газраар чирч байгаад үснээс нь тавиад би чамайг алсан ч чадна шүү, та нар миний хүүхдүүд гээд хуванцар гурван сандал давхарлаж байгаад У- эгчийн толгой бие рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

Гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой намайг гэрт байхгүй байхад Б.Н- согтуу гэрт ирээд Г.У-ийг үснээс нь чирч газар унагааж байгаад хуванцар 3 давхарласан сандлаар толгой зүүн гарын булчин руу цохиж, шилэн хүзүүнд...цохисон гэж миний охин Г.У- надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...охин Г.У- рүү 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө утсаар залгаж “гэрт чинь юу болж байна” гэж асуусан чинь...Г.У-г уйлчихсан байхаар нь би өмөөрч “Та яах гэж ингэж байдаг юм бэ одоо унтаач” гэсэн чинь “миний унтах унтахгүй та нарт ямар хамаатай юм” гээд Г.У-ийг үсдэж авч газар унагаад гэдэс рүү нь өшиглөж хуванцар сандлаар зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112), 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12518 дугаар дүгнэлт: “...1. Г.У-ийн биед зүүн мөр, бугалганы цус хуралт, зүүн ташааны зулгаралт, баруун суга, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа “...Бямбаагийн Б.Н-... С.Г- нар 2006 оны 7 дугаар сарын 23-нд гэр бүл болсныг...2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 94),

- Насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн иргэний үнэмлэх “...Г- овогтой У- 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 24),

2. Насанд хүрээгүй хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна аав Б.Н- гэрт эрүүл саруул архи уугаагүй байж байхдаа дүү Уг “үгэнд орохгүй хүндлэхгүй байна” гэж уурлаж “пиздануудаа гөлөгнүүдээ” гэж загнахаар нь би “одоо та болчихооч ямар хэцүү юм бэ таньтай байх надад хэцүү байна та манай гэрээс яв” гэж хэлсэн чинь “та нар намайг хөөдөг хэн бэ би та нарын аав чинь та нар надтай ингэж харьцах болоогүй шүү” гэж хэлээд уурлаж намайг 4-5 удаа хацар нүүрлүү алгадаж зүүн нүдний доод талыг хөхрүүлж нүүр хавдчихсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр...У аавтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуусан чинь аав надруу дайраад намайг орлуу түлхэж унагаагаад нуруу руу гараараа цохисон гэж хэлсэн. Надаас миний утас хаана байнаа гээд байн байн асуугаад байхаар нь би мэдэхгүй ээ яасан ядаргаатай юм бэ гэж хэлтэл миний үснээс зулгааж түлхэж унагаасан...” (хавтаст хэргийн 22-23),

 “...Тэгээд аав шургуулаганаас улаан өнгийн иштэй хутга гаргаж ирээд гэрийн хаалга дотроос нь түгжээд алчихна шүү гээд хутгаараа надруу далайгаад дайраад байсан. Энэ үед айгаад би 2 дүүтэйгээ уйлсан чинь битгий уйлаад бай, битгий  чимээ гаргаад бай та гурвыг алчихна шүү гэж хэлээд дүү бид 3-луу хутгаараа далайгаад байсан. ...У битгий л дээ ааваа гэж хэлтэл чимээгүй бай гэж хэлээд дүү Угийн нүүр рүү  гараараа нэг удаа цохитол хамарнаас нь цус гарсан. ...Далайсан хутгыг нь би аваад ирсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

“...Миний төрсөн дүү Г.У-г миний төрсөн аав Б.Н- миний мэдэж байгаагаар 2017 оны 10 дугаар сард намайг хичээлээ тараад гэртээ орж ирэхэд дүү Г.У- уйлчихсан аав Б.Н- уурлачихсан гэрт сууж байхаар нь “та нар юу болсон юм бэ” гэсэн чинь дүү Г.У- аавын хажууд “миний нуруу руу аав гараараа цохиж орлуу унагачихлаа” гэхээр нь аавдаа би “та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед Г.У-гийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Намайг 2018 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр аав эрүүл байхдаа дүү Г.У-г загнаад байхаар нь би өмөөрсөн чинь намайг зодсон. ...Дүү Г.У- бид хоёрыг 2017 оны 10 дугаар сараас хойш 3 удаа зодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

- Насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард...би эгч У-, дүү нарын хамт гэртээ байж байсан чинь аав Б.Н- намайг загнаад үгэнд орохгүй байна гэсэн чинь У- эгч намайг өмөөрч яагаад хүүхэд загнаад байгаа юм гэж хэлэхэд аав У- эгчийг дүүгээ өмөөрлөө гэж алгадаж нүдийг нь хөхрүүлчихсэн...мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой...аав Б.Н- дүүгээ яагаад загнаад байгаа юм чи миний үгэнд дандаа орохгүй юм гэж хэлээд намайг гараараа нуруу руу нэг удаа цохиод түлхсэн. ...гэтэл гаднаас эгч У- орж ирээд намайг өмөөрч аав Б.Н-ыг...унтаач гэж хэлсэн чинь аав Б.Н- миний унтах, унтахгүй чамд хамаагүй гэж загнаж миний гар утас хаана байна залгаадах гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь чиний утас үнэгүй ярьдаг биздээ гэсэн. ...Тэгснээ намайг чи наашаа хар гэж хэлэхээр нь өөдөөс нь харахын завдалгүй миний нүүр рүү гараараа нэг удаа, хамар руу цохиод цус гарсан. Үүний дараа У- эгчийн хоолойнд нь гартаа барьсан улаан иштэй хутгаа тулгаж бариад бүлчихнэ шүү гэж айлгаж байгаад та нар унт гээд өөрөө орондоо ороод хэвтсэн. ...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Мөн хамар руу гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Урьд өмнө 2017 оны 10 дугаар сард ээжийг байхгүйд 5 настай дүү А-ийг гэртээ хараад байж байхад хуванцар сандлаар нэг удаа цохиж нуруу хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

Гэрчээр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард архи уучихаад өөрийнхөө охин Г.У-ийг би чиний аав биздээ  та нар намайг тоохгүй байна. Та нар миний шээс тийм учраас та нарыг би яаж ч болно алж болно гэж хэлээд 8-9 удаа алгадаж Г.У-ийн зүүн нүдний доод талыг хөхрүүлчихсэн байсан...гэтэл 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой намайг гэрт байхгүй байхад Б.Н- согтуу гэрт ирээд Г.У-, Г.У-, Г.А- нарыг хутга барьж та нарыг ална гэдсийг чинь хүүлнэ арьсийг чинь хуулна, ...орилох юм бол та нарыг ална шүү, цагдаад хэлээрэй хэлснийг чинь дараа дахиж ирж байгаад бүгдийг чинь ална шүү амьд хүн үлдээхгүй шүү гэж орилж заналхийллээ гэж миний охин Г.У- надад..хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Миний мэдэж байгаагаар Б.Н- охин Г.У-г 2017 оны 10 дугаар сард намайг гэртээ байхгүй байх үед нуруу руу нь хуванцар сандлаар цохиж хөхрүүлсэн байсан. ...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр...намайг хөдөө ажиллаж байхад...том охин Г.У-ийг гэртээ байхад нь нөхөр Б.Н- ирээд маргалдаж, алгадаж нүдийг нь хөхрүүлж хавдуулсан байсан. ...Нөхөр Б.Н- 2017 оны 10 дугаар сараас хойш нийт 3 удаа хүүхдүүдээ зодож, айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112),

- Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сард У- над руу утсаар залгаад аав намайг дүүгээ өмөөрлөө гээд алгадаад баруун нүд хөхрүүлчихлээ гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н- нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүүхдүүд болох насанд хүрээгүй хохирогч Г.У-, Г.У- нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, мөн насанд хүрээгүй хохирогч Г.У-ийг зодсоноос болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр...тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд”-ийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна. Тодруулбал шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг, төрсөн хүүхдүүд болох нь тэдний мэдүүлэг, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа зэргээр тогтоогдсон.

Нөгөө талаас шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нарын эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтаар тогтоогджээ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”,  мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг орхигдуулсан, мөн бага насны хүүхэд Г.А-ийг тус хэрэгт оролцогч мэтээр бичсэнийг тус тус шүүх зөвтгөн, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан  шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно. Өөрөөр хэлбэл Г.А-ийг тус хэрэгт хохирогчоор тогтоогоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” гэж хуульчилсан болохоос хүмүүсийг гэж хуульчлаагүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 10 дугаар сард 1 удаа, 2018 оны 10 дугаар сард 1 удаа нийт 2 удаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэх шинж нь 3 ба түүнээс дээш удаа нэг хүний эсрэг чиглэсэн үйлдэл байх ёстой байдаг гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй.  Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Н- нь өөрийн төрсөн хүүхдүүдийнхээ эсрэг 2017 оны 10, 2018 оны 9, 10 дугаар сард байнга “пиздануудаа гөлөгнүүдээ”, “та нар намайг хөөдөг хэн бэ. Би та нарын аав чинь та нар надтай ингэж харьцах болоогүй шүү”, “Та нар миний хүүхэд та нарыг би яаж ч чадна шүү”, “Та нар миний шээс биздээ гөлөгнүүдээ”, “Хутга барьж та нарыг ална гэдсийг чинь хүүлнэ арьсийг чинь хуулна, орилох юм бол та нарыг ална шүү, цагдаад хэлээрэй хэлсний чинь дараа дахиж ирж байгаад бүгдийг чинь ална шүү амьд хүн үлдээхгүй шүү” гэх зэрэг үг, үйл хөдлөлөөрөө байнга харгис хэрцгий харьцсан. Нөгөө талаас насанд хүрээгүй хохирогч Г.У-г 2  удаа, Г.У-ийг 2 удаа зодсон болох нь тогтоогдсон учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн 15 нэгжийг 1 хоногоор тооцож түүний нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нь, нэхэмжлэх зүйл гэсэн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн...” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.   

Шүүх Б.Н-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугийн талаар маргаагүй зэрэг байдлыг харгалзахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага биелэгдэх боломжтой байх ёстой гэж үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчид хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд тухайн ял биелэгдэх боломжтой байх ёстой учир улсын яллагчийн торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Б.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх 720 цагийн ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 90 хоногоор тогтоож, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлсэн 90 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 90 хоног буюу 1 жил 3 сарын  хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н-ын биечлэн эдлэх 1 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 80 (ная) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 80 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Н-ын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бор өнгийн 25х25 хэмжээтэй хуванцар тавцантай, хөлний урт нь 30 см, хөл бүрийн хоорондын зай нь 15, 18 см хэмжээтэй хуванцар материалаар хийсэн 3 ширхэг сандал, улаан өнгийн төмөр иштэй нийт урт нь 30 см, ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 14 см урттай 1 ширхэг хутга зэрэг нь цаашид ашиглах боломжгүй гэмт хэрэг үйлдэгдсэн эд зүйл, зэвсэг байх тул устгахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн 1111111111111 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-ыг 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг байнга үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н-ыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, түүний хорих ялын хугацааг 90 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 90 хоногоор тогтоосон хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 90 (ер) хоног буюу 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 80 (ная) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1111111111111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бор өнгийн 25х25 хэмжээтэй хуванцар тавцантай, хөлний урт нь 30 см, хөл бүрийн хоорондын зай нь 15, 18 см хэмжээтэй хуванцар материалаар хийсэн 3 ширхэг сандал, улаан өнгийн төмөр иштэй нийт урт нь 30 см, ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 14 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-ын эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10 Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ