| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0048/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 48
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Б-, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү хамт амьдардаг, ..........................тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим ......... дүүргийн ............ гадна байрлуулсан иргэн Г.Д-гийн эзэмшлийн Тоёото синта маркийн улсын дугаартай автомашиныг зүүн талын толь, иргэн Д.Л-гийн эзэмшлийн Тоёото приус-10 маркийн улсын дугаартай автомашины зүүн таын толь, иргэн П.Б-гийн эзэмшлийн Тоёото приус-11 маркийн улсын дугаартай автомашины зүүн талын толиудыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад нийт 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчимд ажлаасаа ирээд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45б байрны урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн ...тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод гэртээ орсон. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад ирсэн чинь миний автомашины зүүн талын толь хугарсан байсан... би М.Б- гэдэг хүүхдийг танихгүй... надад бэлнээр 130.000 төгрөг өгч намайг хохиролгүй болгосон учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18024 дугаар тайланд “...Toyota Prius...зүүн толины суурь ...120.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 41-44),
2. Хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг .............урд талын автомашины зогсоол дээр байрлуулан зогсоосон юм. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө манай байрны хажуу талд амьдардаг эгч надад “танай машины толийг хугалчихсан байна” гэж надад хэлсэн.. Тэгээд байрнаасаа гараад харсан чинь миний машины 1 ширхэг толь хугарсан байдалтай байсан. Би автомашиныхаа толийг хугарсныг мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...миний автомашины зүүн талын толь хургасан өөр ямар нэгэн гэмтэл гэх зүйл байхгүй. ...Миний хохирлыг дансаар шилжүүлэн өгсөн...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18025 дугаар тайланд “...Toyota Prius 10...зүүн толины суурь ...70.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 56-60),
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 77, 79), барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 82-83),
3. Хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд ажлаасаа ирээд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45б байрны урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota Sienta” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан зогсоосон. Би гэрээсээ тэр орой дахиж гараагүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 8 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан...эхнэр Ц- залгаад цагдаагийн газраас ярьлаа манай машины 1 ширхэг толь хугарсан байна гэж надад хэлсэн...би ажлаасаа гараад автомашин дээрээ очсон чинь зүүн талын толь сууриараа хугарсан байдалтай байсан...би 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас ярихад нь л мэдсэн тэрнээс шөнө хугарсан уу өглөө хугарсан уу гэдгийг мэдээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
“...М.Б- гэдэг хүүхэд миний хохирлыг бүрэн барагдуулж намайг хохиролгүй болгож өгсөн учраас надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18023 дугаар тайланд “...Toyota Sienta...зүүн толины суурь ...245.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-52),
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 75),
4. Гэрч Б.Б- (шүүгдэгчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...М.Б- миний гар утас руу залгаад уулзъя гэж надад хэлсэн. М.Б- бид хоёр...15 цагийн орчимд ................. эцэст уулзсан. Тэгээд М.Б- бид хоёр хүнсний дэлгүүр орж “Ерөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, “Бориго” нэртэй 2.5 литрийн пиво худалдаж аваад 45 дугаар байрны сааданд очиж уусан. М.Б- бид хоёр худалдаж авсан архи, пиво хувааж уугаад бараг ойролцоогоор 00 цаг болсон байсан. Тэгтэл М.Б-...Дэнжийн мянгад байдаг гэртээ харин гээд явах гээд байхаар нь би “одоо шөнө болчихсон байна автобус зогсчихсон. Манай гэрт очиж хоно” гэж хэлсэн чинь М.Б- уурлаад “Би өөрийнхөө амьдралыг би өөрөө мэднэ чи зүгээр цаашаа бай” гээд бид хоёр...45 дугаар байрны хажууд...маргалдаж эхэлсэн. Тэр үед автомашины зогсоол дээр хэд хэдэн автомашин зогсож байсан чинь М.Б- уурлаад...зогсоол дээр байсан ,......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн толыг гараараа цохиж хугалчихсан...Архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан бас хоорондоо маргалдсанаас болооод М.Б- 3 автомашины толийг хугалж гэмтээсэн...М.Б- бид хоёрыг маргалдаад зогсож байсан чинь цагдаагийн алба хаагч ирээд бариад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
5. Гэрч Н.Б-ы (эргүүлийн цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Ачит-115” чиглэлд Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Э.Э-ны хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Дүүхээ төвийн хойд талд байрлах 45 дугаар байрны гадна 2 согтуу залуу байсан. М.Б- гэгч нь улсын дугаартай “Toyota Sienta” маркийн автомашины толийг хугалсан байсан. Тэгэхээр нь М.Б- гэгчийг хамт явсан Б- гэгчтэй нь хамт хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
6. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би найз Б-тэй 17 цагийн орчимд ................. уулзаад хүнсний дэлгүүр орж 0.75 граммын нэг шил архи, 2.5 литрийн 2 ширхэг бориго пиво худалдаж аваад ................ хувааж уусан. Нэг мэдсэн чинь би Б-тэй маргалдаад зогсож байсан. Ингээд би уурандаа уг байрны зогсоол дээр байсан улсын дугаартай приус-11, улсын дугаартай приус-10 улсын дугаартай 3 автомашины толийг би гараараа цохиж хугалсан юм. 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд дээрх автомашинуудын толийг хугалсан...Маргаан болоод дууссаны дараа би уурандаа гараараа цохиод хугалчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 86), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 89, 91), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 95-106), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 125-126) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хананын материалын эцэс, 45б дугаар байрны гадна, 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар түүнд уурласан уурандаа, шууд санаатай үйлдлээр, иргэн П.Б-гийн эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн улсын дугаартай, иргэн Д.Л-гийн эзэмшлийн “Toyota Prius-10” маркийн улсын дугаартай, иргэн Г.Д-гийн эзэмшлийн “Toyota Sienta” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн зүүн талын толь, толины суурийг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад нийт 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад ирсэн чинь миний улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашины зүүн талын толь хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18024 дугаар тайланд “...Toyota Prius...зүүн толины суурь ...120.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 41-44),
- Хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө манай байрны хажуу талд амьдардаг эгч надад “танай машины толийг хугалчихсан байна” гэж надад хэлсэн.. Тэгээд байрнаасаа гараад харсан чинь миний “Toyota Prius-10” маркийн машины 1 ширхэг толь хугарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18025 дугаар тайланд “...Toyota Prius 10...зүүн толины суурь ...70.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 56-60),
- Хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 8 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан...эхнэр Ц- залгаад цагдаагийн газраас ярьлаа манай машины 1 ширхэг толь хугарсан байна гэж надад хэлсэн...би ажлаасаа гараад улсын дугаартай “Toyota Sienta” автомашин дээрээ очсон чинь зүүн талын толь сууриараа хугарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 18/18023 дугаар тайланд “...Toyota Sienta...зүүн толины суурь ...245.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-52),
- Гэрч Б.Б- (шүүгдэгчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...М.Б- бид хоёр хүнсний дэлгүүр орж “Ерөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, “Бориго” нэртэй 2.5 литрийн пиво худалдаж аваад 45 дугаар байрны сааданд очиж уусан. ...00 цагийн орчим...М.Б-...Дэнжийн мянгад байдаг гэртээ харин гээд явах гээд байхаар нь би “одоо шөнө болчихсон байна автобус зогсчихсон. Манай гэрт очиж хоно” гэж хэлсэн чинь М.Б- уурлаад “Би өөрийнхөө амьдралыг би өөрөө мэднэ чи зүгээр цаашаа бай” гээд бид хоёр...45 дугаар байрны хажууд...маргалдаж эхэлсэн. Тэр үед автомашины зогсоол дээр хэд хэдэн автомашин зогсож байсан чинь М.Б- уурлаад...зогсоол дээр байсан ,......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн толыг гараараа цохиж хугалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
- Гэрч Н.Б-ы (эргүүлийн цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Ачит-115” чиглэлд Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Э.Э-ны хамтаар ...................... дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Дүүхээ төвийн хойд талд байрлах 45 дугаар байрны гадна 2 согтуу залуу байсан. М.Б- гэгч нь улсын дугаартай “Toyota Sienta” маркийн автомашины толийг хугалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
- Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Б-тэй маргалдаад зогсож байсан. Ингээд би уурандаа уг байрны зогсоол дээр байсан улсын дугаартай приус-11, улсын дугаартай приус-10 улсын дугаартай 3 автомашины толийг би гараараа цохиж хугалсан юм. 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд дээрх автомашинуудын толийг хугалсан...Маргаан болоод дууссаны дараа би уурандаа гараараа цохиод хугалчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б- нь бусдад 435.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь бусдад учруулсан дээрх хохирлыг төлсөн болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 125-126) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэх үзэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан...үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байна.
Тиймээс шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 18 настай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутайд тооцсон зүйл хэсэг дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дугаар зүйлд заасан “согтууруулах ундаа... хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ад Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял болон эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрөв) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.
5. Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг тус тус хүчингүй болгож хорих ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ