| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0491/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 508
2019 04 01 2019/ШЦТ/508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.А ад холбогдох эрүүгийн 1906 01642 0662 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.А , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.А нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас Б.Ө г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Б.Ө гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчимд найз Орзайбекийн хамт гэр лүүгээ харих гээд явж байтал Сансарын Банана баарны үүдэнд зүс таних Аманхалдых гэдэг ахтай таарсан. Тэгтэл тэр намайг дуудаад юу байна дүү гэхээр нь би чиний дүү биш гэж хэлтэл Аманхалдых намайг дагуулаад байран дунд аваачаад аймхай орчимд нэг удаа цохиод би доошоо тонгойход миний хамар луу гараараа цохиход нь би газарт унасан. Түүнтэй хамт байсан Ертай, Баку хоёр намайг газарт унасан байхад өшиглөсөн. Хэн нь намайг яаж цохисныг мэдэхгүй. Намайг босоод ирэхэд Аманхалдых пивоны шилээ хагалаад надруу дайрахаар нь би 2 гараараа хамгаалахад миний зүүн гарын дунд хурууны өндөг, баруун гарын эрхий зүсэгдсэн. Мөн хавирганы баруун талд зүссэн. Тухайн үед би ухаан алдаж газарт унасан байхад тэр 3 машинд суугаад зугтаагаад явсан. Миний хамар хугарсан, зүүн гарын дунд хуруу зүсэгдсэн, хавирганы баруун талд зүсэгдсэн толгой өвдөж байгаа. Миний биед учруулсан гэмтлийг Аманхалдых надад учруулсан гэх мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/,
Яллагдагчаар М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...хамт явсан Ертай, Баку хоёр танвдаг хүүхэдтэй уулзаж байхаар нь би хажууд нь яваад очиход чи яагаад муухай хараад байгаа юм бэ гээд маргалдаж эхлэхээр нь би түүнийг нүүр рүү нь нэг удаа алгадаад яг зодолдох гэж байхад цагдаа нар ирэхээр нь бид нар зугтаагаад явсан..., би зугтааж байгаад түүний араас нь ганцаараа очоод түүнийг барьж аваад бид дахин зодолдсон. Би Өмиртайг эхлээд нүүр лүү нь алгадаад үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹2966 дүгнэлтэд: 1. Б.Ө н биед тархи доргилт, хамар, баруун алга, зүүн сарвуу, хэвлийд өнгөц шарх, баруун чамархайн хуйх, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 15 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.А нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас Б.Ө г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ө н мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹2966 дүгнэлтээр...Б.Ө н биед тархи доргилт, хамар, баруун алга, зүүн сарвуу, хэвлийд өнгөц шарх, баруун чамархайн хуйх, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
М.А ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.А ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Ө нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.А ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.