Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 13

 

Ц.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                         М.Очбадрах

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                        Д.Энхтайван

Ялтны өмгөөлөгч                            Д.Цагаандарь

                                                          Н.Баттунсаг

                                                          О.Сайнгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэнбалын А-од холбогдох эрүүгийн 201609000263 тоот хэргийн дугаартай, 171/2017/0022/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ц-ын А-, 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хайрхан групп ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 31-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЯ******** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.А- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 13 дугаар хороолол, Дархан зочид буудлын ард байрлах 1 га газрыг зарна гэж иргэн Э.Энхтүвшингээс 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр газар шилжүүлэх гэрээ хийж бэлнээр 50.000.000 төгрөг авсан боловч тухайн газрын татварыг төлж, хугацааг нь сунгуулна гэж хэлэн газрын гэрчилгээ, засаг даргын захирамжийг 2013 онд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Магсаржаваас авч уг газрыг өөр хүмүүст худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Шүүгдэгч Боржигон Цэдэнбалын А-ыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.А-од оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.А-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-оос 50 000 000 /тавин сая/ төгрөг гаргуулж хохирогч Энхтайваны Энхтүвшин /ГЮ85041373 регистрийн дугаартай/-д олгохоор... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Хохирогч Энхтүвшинг хохирогчоор тогтоосон тогтоол хавтаст хэрэгт байхгүй. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайванг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг ба анхан шатны шүүх Д.Энхтайванг хууль ёсны төлөөлөгч гэж хэрэг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. А- Энхтүвшинтэй ярьж тохирсон зүйл байдаг гэдэг ба түүнийг асууж тодруулж хохирогчоос биечлэн мэдүүлэг авах нь А-ын гэм бурууг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Дархан-Уул аймгийн газрын албан дээр худалдагдсан газрын талаар үүссэн нөхцөл байдлын тухай “хэсэгчилж газар сунгахгүй орон сууцны зориулалттай, мөн 0,5 га нь төлөвлөлтөнд орсон гэдгээр сунгахгүй байсан” гэж А- ярьдаг, түүнийг нь ч гэрч Магсаржав нотолж ярьдаг. Урьдчилсан мөрдөн байцаалтанд Дархан-Уул аймгийн газрын албанаас тухайн газрын сунгалт болон бусад байдлыг тодруулах нь А-ыг үнэн худал ярьсан эсэхийг тогтооход ач холбогдолтой байсан. Эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргалаа. Ер нь бол А-ын ярьсан зүйлийг үнэн гэдгийг гэрч нотолж ярьдаг, өгөх авах асуудлыг шийдвэрлэх дээр л тохирч шийдээгүй байдаг. Хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Ялтан Ц.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие Ц.А- нь өөрийн эзэмшилд байсан 2 га газрынхаа 1 га-г 2011 оны 09 сарын 30-нд Энхтүвшинд шилжүүлэх шийдвэр гарган шилжүүлэх гэрээ хийж хүсэлтээ газрын албанд өгсөн. Гэвч газрын албанаас Энхтүвшингийн нэр дээр газар шилжихгүй байхаар нь Магсаржав бид 2 удаа дараа очин шилжүүлэхийг шаардаж, мөн шилжүүлж өгөхийг хүсдэг байлаа. Очиж уулзах бүрт янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Жишээлбэл: Хэсэгчлэн шилжүүлэхгүй Засаг даргын захирамж гарахгүй байгаа, сонгууль болж байгаа учир хөдөлгөөн хийхгүй байгаа гэсэн шалтгаанаар газар шилжихгүй байсан.

Ингэж удсаар 2013 оны 04 сард газрын гэрчилгээний хугацаа дуусч сунгах ажил гарч Магсаржавт өгсөн гэрчилгээ захирамжаа авч газрын албанд сунгуулахаар өгсөн. Үүнийг маань газрын гэрчилгээ, захирамж авч алга болсон гэж Магсаржав мэдүүлсэн байдаг. Магсаржаваас авсан гэрчилгээ, захирамжаа газрын албанд өгч хэсэг хугацааны дараа 2 жилээр биш 1 жилээр сунгах болсон.

Мөн хот төлөвлөлт хийгдэж байгаа чиний газраас 0,6 га газар хасагдах болсон гэв. Гэрчилгээ авч алга болсон би Магсаржавтай хамт газрын албатай маргалдсаны эцэст 0,1 га газар нэмж авсан. 1,5 га газар авахаар болсон юм. Хоёр жилээр сунгагдах байсан газар үйл ажиллагаа явуулахгүй учир хураагдаж болзошгүй гэж яригдаж байсан. Хурдан Энхтүвшинд 0,75 га газраа шилжүүлье гэсэн боловч хэсэгчилж шилжүүлэхгүй гэсэн. Ингээд Магсаржаваар дамжуулан Энхтүвшингээс “бүтэн авах боломж байна уу” гэж асуулгасан. Хэсэг хугацааны дараа “бүтэн авах боломжгүй” гэж хэлсэн. Магсаржав тэгж хэлж байсан гэдгийг шүүх хурал дээр хэлдэг

Тэгээд Мөнхзул ах надтай уулзан миний газрын талаар асуусан. Би “талыг нь зарсан боловч шилжихгүй байна” гэсэн юм. Маргааш нь над руу яриад “газрыг чинь бүтнээр нь авъя, хаус барина чи талыг нь зарсан хүмүүс рүүгээ холбогдоод асуучих” гэсэн. “Газар шилжихгүй байгаа, миний газар орон сууц үйлчилгээний зориулалттай” гэхэд “тэр яахав, би хөөцөлдөнө” гэсэн. Тэгээд би хотод төмөр замын тэнд Магсаржавтай уулзаж “Энхтүвшингээс асууя” гэсэн.

Дараа нь яриад “би 14 хоногийн дараа Герман явлаа тэрнээс өмнө мөнгө өгвөл наймаа буцаж болно, эсвэл 0,75 га газрын гэрчилгээ гаргаж өгөх хэрэгтэй” гэсэн.

Мөнхзул ах руу залган “14 хоногийн дотор 50 сая төгрөг өгч чадах уу” гэхэд “чадна” гээд 1,5 га газраа 5 хүн рүү шилжүүлэх хүсэлт газрын албанд өгсөн. Мөнхзулаас 14 хоногийн дараа мөнгө авах гэсэн боловч гэрчилгээ гараагүй байна хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэсээр Магсаржав Герман явсан. Мөнхзул сар гарны дараа надад 30 сая төгрөг өгсөн. Магсаржав Германаас ирээд “одоо мөнгө авахгүй, газраа авна” гэдэг шийдвэр дээр бат зогссон. Өөрөө ч 14 хоногийн дотор мөнгө авна, 14 хоногийн дотор мөнгө өгч чадаагүй учир газраа авна гэсэн бодолтой, боломж байгаа шүүхээр явхад газраа авна гэдэг байсан гэдгээ шүүх хуралд хэлж нотолсон юм.

Мөнхзул нь “14 хоногийн дотор 50 сая төгрөг өгнө” гэж худал ярин газар шилжүүлэх гэрээ хийсэн. Газрын төлбөрийг 14 хоногт нь 30 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг бүрэн өгч дуусгасан гэж онц хүнд хэрэгт хүн гүтгэсэн. Онц хүнд хэрэгт худал мэдүүлэг өгсөнд харамсаж байна.

Энхтүвшин зөвхөн газар авна гэхлээр нь танил хүмүүсийнхээ газрыг үзүүлж эндээс авч өгөхөөр хамт явж үзүүлж байсан.

2016 оны өвөл Энхтүвшингийн өмгөөлөгчтэй холбогдон бичиг хийж өгөхийг хэлсэн. Тухайн үед би Дархан хотод байсан тул Магсаржавтай уулзаад “бичээд өгчих” гэсэн. Ярьсан ёсоор Магсаржавтай уулзан хүү тооцсон бичиг хийж өгсөн. Өмгөөлөгч Галцог нь над руу залган Энхтүвшингийн Германд барьдаг дугаарыг нь өгсөнөөр бид шууд холбогдож газрын асуудлаа ярилцсан юм. Энхтүвшин “хүү тооцон 70 сая төгрөг авъя” гэсэн би “65 сая төгрөг өгье” гэсэн. Ингээд ярьж 3 мессеж бичсний эцэст хот төлөвлөлт нэрийн доор хураасан 0,5 га газраа хаана гарахаас шалтгаалж авах авахгүйгээ шийдэхээр болсон. Хотын төвд ойрхон гарвал аваад 15 сая төгрөг нэмж өгнө. Төвөөс зайдуу гарвал 65 сая авч энэ наймааг дуусгахаар шийдэлд хүрсэн. Тиймээс би 0,5 га газраа буцаан олгох хүсэлтийг газрын албанд өгсөн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар өмгөөлөгчмд хандсан байсан.

Өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэх хүсэлт өгөөд байхад яагаад шилжүүлээгүй. Ямар учраас гэдгийг, надаас хамаарсан эсэхийг тодруулж өгнө үү. Гэрчилгээ авч алга болсон гэдэг нь гэрчилгээ хугацаа сунгуулахаар газрын албанд өгсөн эсэхийг, гэрчилгээний хугацаа дуусч байсан эсэхийг тодруулж өгнө үү. Мөнхзулаас хэдэн сарын хэдэнд, хэдэн төгрөг авсан гэх мэтчилэн тооцоо авлагыг нарийн нягтлан шалгаж өгнө үү. Хамт авсан хүмүүс нь бүгд мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн учир дунд нь Мөнхзул ашигласан байж болзошгүй юм. Энхтүвшингээс надтай холбогдож 0,5 га газар болон хүү тооцсон мөнгөний талаар ярьсан тохиролцоонд хүрсэн гэдгийг тодруулж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...А-од анхнаасаа Энхтүвшинг залилан мэхлэж мөнгө төгрөгийг нь авах санаа зорилго байгаагүй, газраа зараад эрх шилжүүлэх гэрээ хийж, газрын гэрчилгээ болон засаг даргын захирамжийг Энхтүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Магсаржавд өгсөн байдаг. А-, Энхтүвшин нар эрх шилжүүлэх гэрээ хийсэн 2011.09.30-ны өдрөөс 2013 он болтол 2 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн газрын алба ямар нэгэн шалтаг шалтгаан тоочин тухайн газрын эрхийг Энхтүвшингийн нэр дээр шилжүүлж өгөөгүй болох нь гэрч Магсаржавын мэдүүлгээр тогтоогддог

Эрх шилжигдээгүй энэ асуудалд  А- хамааралгүй бөгөөд А- харин ч эрх шилжүүлэх талаар Магсаржавтай хамт хөөцөлдөж байсныг гэрч Магсаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Нэгэнт А- тухайн газрыг Энхтүвшинд худалдаад эрхийг нь шилжүүлж чадахгүй 2 жил болсон тул газар эзэмших эрх хүчингүй болох магадлал өндөр. Хэрвээ хүчингүй болвол нилээдгүй хохирол амсахаар нөхцөл байдал үүссэн тул аргагүйн эрхэнд тухайн газрыг бүтнээр авах хүнд худалдахаар болсон байна. Энэ нь гэрч Д. Мөнхзулын ....2013 онд сар өдрийг нь сайн санахгүй байна. Ц. А- гэж хуурай дүү надтай ирж уулзаад “Мөнхзул ахаа би Дархан зочид буудлын арын 2 га газраа хугацаа дуусаад алдах гээд байна. Уг нь Маагаа гэж хүнд талыг нь 50 сая төгрөгөөр зарсан чинь тэр хүн маань газар дээр үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод мөнгөө буцааж авъя гээд байна яах уу” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Бат-Очирын “Мөнхзул гээд залуу Батцэрэн, Уртнасан, Оюунцэцэг бид хэдтэй уулзаад Дархан зочид буудлын ар талд 1,5 га газрын хугацаа дуусах гээд зарна гэж байна, бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад худалдаад авъя... Газар шилжүүлэх гэрээ хийх болсон шалтгаан нь гэрээний хугацаа дууссан байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

А- Энхтүвшинтэй газар шилжүүлэх гэрээ хийж 50 сая төгрөг авсан боловч уг гэрээний үүрэг 2 жилийн хугацаанд хөндлөнгийн хүчин зүйлээс болж биелэгдэхгүй, талуудад бодит хохирол учрахаар нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээний аль ч тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх Иргэний хуулийн дагуу нээлттэй байгаа. Иймд А- тухайн газрыг Мөнхзулд зөвхөн худалдсан нь /шүүх ингэж дүгнэсэн/ гэмт үйлдэл ч юмуу эсвэл хууль зөрчсан асуудал биш юм. Харин худалдах /гэрээг цуцалах/ гэж байгаагаа гэрээний нөгөө тал Магсаржавд мэдэгдсэн эсэхээс гэмт үйлдэл мөн эсэхийг Магсаржав шүүхийн хэлэлцүүлэгт “А- тухайн газрыг бусдад зарах гэж байгаагаа хэлсэн... 14 хоногийн дотор мөнгийг нь өг гэсэн... гэхдээ цаг хугацааны хувьд зарсныхаа дараа мэдэгдсэн” гэж мэдүүлдэг боловч яг хэзээ мэдэгдсэн огноо тодорхойгүй, тэгээд ч ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Магсаржавын зарсныхаа дараа мэдэгдсэн гэдэг зөвхөн энэ мэдүүлгээр арваас дээш жилийн ялтай онц хүнд гэмт хэрэгт А-ыг буруутган ял шийтгэл оногдуулах нь учир дутагдалтай юм

Тэгэхээр А- Магсаржавд газраа зарах тухай хэзээ мэдэгдсэнээс шалтгаалж гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал яригдах учир яг хэдэн сарын хэдэнд газар зарах талаар Магсаржавд мэдэгдсэнийг тодруулах, Гэрч Мөнхзул “...тухайн үед А- би Маагаад 50 сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж хэлж байсан гэж мэдүүлдэг. Мөнхзулд А- яг хэзээ ингэж хэлснийг /огноог/ тодруулах, Бат-Очир, Батцэрэн, Уртнасан, Оюунцэцэг нар эрх шилжүүлэх гэрээг хэзээ хийснийг тодруулах, Газрын алба 2 жилийн хугацаанд яагаад Энхтүвшинд уг газрыг шилжүүлэхгүй байсан шалтгаан, А- газрын албатай хуйвалдсан эсэхийг тодруулах, Эрх шилжүүлэх гэрээ хийгээд Мөнхзул нар 14 хоногийн дотор А-од 50 сая төгрөг өгсөн эсэхийг баримтаар тогтоох ажиллагаануудыг заавал хийх шаардлагатай өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Худалдагдсан гэх газрын түүхчилсэн байдлыг шалгах ёстой байсан боловч шалгаагүй. Гэрч хэлэхдээ ”газар шилжүүлэх ажиллагаа явагдсан, 2013 онд эрхийн гэрчилгээг авсан, газрын эрх шилжүүлэх талаар хөөцөлдөхөд газрын дарга солигдсонтой холбоотой асуудлаар бүтээгүй” гэдэг. н.Магсаржав болон Ц.А- нарын мэдүүлгээр “газар 0.5 га болгож бууруулсан” гэдэг нь тохирч байдаг. Үүнийг анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй болж чадсангүй. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, ялтан Ц.А-од авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү” гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэрчийн мэдүүлгээр Ц.А-од ял оногдуулсан нь үндэслэлгүй. Хэргийг тогтоох шаардлагатай тул нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж, ялтан Ц.А-од авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү” гэв.

Ялтны өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Итгэл эвдсэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Гэрч, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой. Тухайн үед засаг дарга байсан хүнээс асуух ёстой байсан. Анхнаасаа мөнгө аваад өгөхгүй байсан гэх субъектив санаа зорилгыг тогтоох ёстой байсан. Хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудсанд хохирогч гомдол гаргаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан байсан.

Гэтэл хохирогчийн өөрийнх нь бус, Д.Энхтайваны мэдүүлгийг авсан нь буруу. Цагдаагийн байгууллага иргэний хэлцлийн төлөгдөөгүй мөнгийг төлүүлдэг чиг үүрэгтэй байгууллага биш. Хохирогчид 2 өрөө байр, Улаанбаатар хотод газар өгсөн тул Ц.А- нь шүүхээс оргон зайлахгүй учраас Ц.А-од авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл заасан бүхий л зүйлийг шалгаж байж хариуцлага тооцох нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирогч тайлбарыг өөрөө бичихээр нь би авчирч өгсөн” гэв.

Улсын яллагч М.Очбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Субъектив санаа зорилго байхгүй байсан гэж өмгөөлөгч нар ярьж байна. Гэрээний харилцааны маргаанаас хэрхэн яаж шийдвэрлэх талаар Улсын Дээд шүүхийн тайлбарт тайлбарлахдаа “Өмчлөгч, эзэмшигчийг төөрөгдүүлж авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэнэ” гэж заасан.

Хохирогч Монгол Улсад байнга оршин суудаггүй, ХБНГУ-д оршин суудаг. Хохирогчоор тогтоосон тогтоолд хохирогчийн гарын үсэг биш байна гэж өмгөөлөгч ярьж байна. Хохирогчийг Монгол Улсад оршин суудаггүй гэхээр нь ХБНГУ-руу факсаар явуулсан тул Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөрчөөгүй, хохирогчийн гарын үсгийг дуурайлгаагүй. н.Мөнхзулаас мөнгө авсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй, энэ нь тусдаа харилцаа юм. Ц.А- н.Энхтүвшинд газар зарна гэж газрыг шилжүүлээгүй, газрыг худалдсаны дараа хохирогч мэдсэн. Хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд гэрч мэдүүлэгтээ “Ц.А-ын ярьж байгаа худал байна, газрыг бүтнээр нь худалдах талаар хэлээгүй” гэж хэлдэг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Ц.А-од холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн 2016090063 тоот хэрэгт Ц.А- өөрийн эзэмшилд буй 2 га газраас 1 га газрыг иргэн Э.Энхтүвшинд 50.000.000 төгрөгөөр худалдаж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн тухай гэрээг 2011 оны 09 сарын 30-ны өдөр байгуулжээ. /хэргийн 35 дугаар тал/ Улмаар Аймгийн газрын албанд иргэн Э.Энхтүвшинд газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан талаар шүүгдэгч болон хохирогч нар мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна. Тухайлбал: Ялтан Ц.А- газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтээ хэзээ өгснийг холбогдох албанаас лавлагаа авах, Аймгийн газрын алба газрыг хэсэгчлэн эзэмшүүлэх тухай захирамж засаг дарга гаргахгүй, сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан газрын хөдөлгөөн хийхгүй байгаа мэт шалтаг тоочин 2 жил өнгөрч улмаар уг газар “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хураагдах эрсдэл үүссэн талаар ялтны мэдүүлгийн талаар холбогдох гэрчүүдээс асууж, газрын эрх шилжүүлэх тухай иргэний хүсэлтийн дагуу газрын алба ямар ажиллагаа хийсэн, шүүгдэгчээс тайлбарлаж буй шалтаг, шалтгаан үнэхээр байсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн 2016090063 тоот хэрэгт гэрч Б.Магсаржав “....-2013 онд байх Ц.А- манай гэрт ирээд ...Газрын татвар төлж, сунгалт хийхгүй бол газар хураагдах гээд байна. гэж хэлээд газрын гэрчилгээ болон засаг даргын захирамж аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/

Шүүгдэгч Ц.А-ын ”...-2013 онд иргэн Д.Мөнхзул, Т.Бат-Очир нар миний газрыг худалдаж авах санал тавьсан” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр тал/

-Гэрч Ц.Батцэрэнгийн “...2011 оны 07 сард Ц.А-оос Дархан зочид буудлын хойд талын газрыг авсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/

-Гэрч Т.Бат-Очирын “...2011 онд санагдаж байна Д.Мөнхзул, Ц.Батцэрэн, Уртнасан, Х.Оюунцэцэг нар надтай уулзаад Дархан зочид буудлын ард дахь газрын хугацаа дуусах гээд байна. Ц.А- газраа зарна гээд байна гэж ярьсан. Би банкнаас зээл авч, өөрийнхөө мал хуйгаа зараад мөнгийг нь өгсөн. Тухайн газар дээр “Дархан-Хариг” компаний захирал найз Н.Төмөртэй хамтарч 6 ширхэг таун хаус барьсан” гэх мэдүүлэг /хэргийн 16, 103 дугаар тал/

-Гэрч Н.Төмөрийн “...2012 оны 06 сард санагдаж байна. Тухайн газар манай найз Т.Бат-Очирын нэр дээр байсан. Т.Бат-Очир уг газар дээр хаус барья гэсэн санал тавьж, би БНХАУ-с барилгын материал авчирч 6 ширхэг хаус барьж 4-ийг нь зарсан” гэх /хэргийн 96 дүгээр тал/ мэдүүлгүүдээр ялтан Ц.А- “Дархан-Уул аймгийн газрын алба газар эзэмших эрх шилжүүлэхгүй байна” гэдгээр шалтаглан Д.Мөнхзул нарын нэр бүхий иргэдэд уг газраа хэдийд худалдсан, Д.Мөнхзул нар нь төлбөрийг хэзээ хийсэн зэргийг шалгах нь Ц.А-ын гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэлийг тогтооход ач холбогдолтой юм.

Иймд ялтан, түүний өмгөөлөгч нарын бичсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.А-од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Ц.А-од урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                      Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                   Б.МАНЛАЙБААТАР