Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1301

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 586 000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:

ХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 68 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. ХХХ зээлийн гэрээ байгуулахдаа ХХХХ-ийн байрны гэрчилгээг итгэмжлэлтэй хамт авч ирсэн тул барьцааны гэрээ байгуулж, тэр өдөртөө түүний ХААН банкны дансанд 68 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүд нэг ч төгрөг төлөөгүй.

Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүгийн 0,5 хувиар алданги тооцно гэж байгаа боловч би мөнгөө хурдан авахын тулд түүнээс багаар тооцсон. Иймд ХХХээс үндсэн зээл 68 000 000 төгрөг, хүү 14 280 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 42 хоногийн алданги 14 280 000 төгрөг, нийт 96 560 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би ХХ-ээс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 68 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн болон барьцааны гэрээ хийсэн нь үнэн. Түүнд 1 сарын хүү гэж 4 760 000 төгрөгийг нэг удаа өгсөн. Хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт заасныг баримтлан ХХХээс 96 560 000 /ерөн зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж ХХ-т олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ХХХ үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоотод 56,3 м.кв талбайтай орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг ХХХХХХ-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 640 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч ХХХ нь ХХ-тэй Зээлийн гэрээ байгуулан 68 000 000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн бөгөөд гэрээний хугацаанд нэг сарын хүүгийн төлбөрт 4 760 000 төгрөгийг өгсөн байдаг.

Иймд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэг сарын хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид төлсөн 4 760 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан 96 586 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэг сарын хүү 4 760 000 төгрөг төлсөн гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ХХ нь 68 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр хариуцагч ХХХтэй харилцан тохиролцож, “Хаан” банк дахь түүний дансанд уг мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

/хх-ийн 3, 9 дүгээр тал/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор хариуцагч ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 56,3 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Барьцааны гэрээ байгуулжээ.

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээ тус бүр нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг сарын 7 хувь, 2.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, түүнд тооцогдох алдангийг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч ХХХий хувьд нэг сарын хүүгийн төлбөрт 4 760 000 төгрөг төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар уг тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг зөвтгөж, хэргийн оролцогч биш этгээдэд үүрэг болгосон хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “282 дугаар зүйлийн 282.1” гэж, “232 дугаар зүйлийн 232.4” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “...орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг ХХХХХХ-д үүрэг болгосугай” гэснийг “орон сууцны үнийн дүнгээс хангуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 120 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА