Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01117

 

А.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгийн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00056 дугаар магадлалтай,

А.О-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу туслах тогоочийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч ажилд эгүүлэн авч ажиллуулаагүй. Цэцэрлэгийн эрхлэгч Б.Бахытгүл нь надтай заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан ба үүнийг зөвшөөрөөгүй тул биднийг ажлаас халагдсан гэж хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй. Намайг ажилд томилсон болж дүр эсгэсэн боловч бодит байдалд ажлаас дахин чөлөөлсөн тушаал гаргасан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн туслах тогоочоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: А.О тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочоор ажилд эгүүлэн тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаалаар гэрээт туслах тогоочоор ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Миний бие О.Амангулийг чөлөөлөх тушаал гаргаагүй, урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа гэжээ.

Баян-Өлгий  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ТЕ88040742 Санырау овогт Оношбайн Амангүлийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70.200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00056 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 212 /МА2017/00056 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

А.О нь 2016 оны 03 дугаар сард тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орж 3 сар ажиллаад чөлөөлөгдсөнийг түүний гомдлоор анхан шатны шүүх хянаж үзээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гаргаж,тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Бид шүүхийн шийдвэрийг үндэслэн О.Амангулийг тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. А.О нь шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзвэл дээд шатны гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах атал анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан бөгөөд түүнийг гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 611-р шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн 125-р шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 212/МА2017/00056 дугаар шийдвэр гарган 3 дахь удаагаа ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

 О.Амангулийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гараагүй бөгөөд шүүх түүний гомдлыг шууд хүлээн авсан нь өрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул А.О- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Амангулийн “...ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэг эс зөвшөөрөхдөө “...гэрээт туслах тогоочийн орон тоо хасагдсан, ...хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах санал тавихад зөвшөөрөөгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баян-Өлгий аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг 16 дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчинтэй байна.

Ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг цэцэрлэгийн туслах тогоочийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ /хэргийн 17 дугаар тал/.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргасан хэдий ч шүүхийн шийдвэрт заасан ажилд томилоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс ажилтан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан “...ажил олгогчийн дээрх үйлдэл нь ажилтныг ажлаас чөлөөлсөнтэй адил...” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг  зөвтгөх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00056 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Амангүлийг...” гэснийг “...Амангулийг” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ