Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0007

 

"БЦТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Т.Ч, Г.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “БЦТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХУД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “БЦТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “БЦТ” ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасныг Нийслэлийн прокурорын газраас хянаад 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш 9 сарын дараа Татварын улсын байцаагч Т.Чойжилсүрэн, Г.Оюунбилэг нар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 тоот акт тавьсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.1, 74.3-т заасныг зөрчсөн.

Тус компанийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдах хугацаандаа дээрх зөрчилтэй 73,636.3 мянган төгрөгийн татварыг Татварын ерөнхий газрын төрийн банкин дахь 900000603 дугаарын дансанд төлж барагдуулсан бөгөөд Нийслэлийн прокурорын тогтоол гарч, захиргааны шийтгэл ногдуулж болох хуульд заагдсан хугацаанаас хойш 8 сар 13 хоног өнгөрсөн нь холбогдох баримтаар нотлогдсон байхад 230010474 тоот актаар дээрх татварын зөрчилд 22,090.9 мянган төгрөгийн торгууль, 13,497.5 мянган төгрөгийн алданги бүхий захиргааны хариуцлага ногдуулсан шийдвэр гаргасан байна.

Иймд ХУД-ийн ТХ-ийн ТУБ ийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 тоот актын тогтоох хэсгийн холбоотой 736,363.6 мянган төгрөгийн зөрчилд 73,636.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 22,090.9 мянган төгрөгийн торгууль, 13,497.5 мянган төгрөгийн алданги төлбөр бүхий захиргааны хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХУД-ийн ТХ-ийн ТУБ  Т.Чойжилсүрэн, Г.Оюунбилэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БЦТ” ХХК-ийн хуурамч падаан авч төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3-т заасныг үндэслэн 73,636,363.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, 22,090,909.10 төгрөгийн торгууль, нөхөн татварыг төлсөн өдрийг хүртэл 13,497,510.00 төгрөгийн алданги ногдуулсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсны дараа захиргааны арга хэмжээ авах ёстой. Бид Татварын ерөнхий хуульд заасан хэмжээгээр акт тавьсан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БЦТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХУД-ийн ТХ-ийн ТУБ ийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтыг захиргааны хууль бус акт болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ХУД-ийн ТХ-ийн ТУБ Г.Оюунбилэг, хуулийн мэргэжилтэн  Э.Оргилмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх хэргийг хэт нэг талыг барьж гагцхүү Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Татварын улсын байцаагчийн бичсэн дүгнэлттэй эрүүгийн хэрэгт хэн хохирогчоор тогтоогдсон, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэзээ, ямар байдлаар хохирогчид мэдэгдсэн эсэх, тогтоолыг хохирогч хэзээ хүлээн авсан зэргийг шүүхээс нарийвчлан хянаагүй, холбогдох нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх нэг зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн мэтээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. “БЦТ” ХХК нь “Икс Ди Эф” ХХК-аас 736,363,636,36 төгрөгийн барааг худалдан авсан нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, “Икс Ди Эф” компанид цементийн төлбөр шилжүүлсэн, төлсөн баримт хэрэгт авагдаагүй, эдгээр компанитай тооцоо нийлсэн акт байхгүй, “БЦТ” ХХК нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа падаан баримтыг хуурамчаар бүрдүүлснээ хүлээн зөвшөөрч 73 636,363,63 төгрөгийн татварыг төлж улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул НӨАТ-ын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг үндэслэсэн. Татварын улсын байцаагчийн 230010474 тоот акт нь 73,636,363,63 төгрөгийн татварыг давхардуулж ногдуулаагүй бөгөөд прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах үед төлсөн татварт нь татварын ногдол үүсгэж, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн акт гаргасан болно.

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт нь татварын дүгнэлттэй холбоотой зөрчилд шууд хэрэгжих боломжгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан агуулгатай байна. Бид тогтоолыг мэдсэн буюу хүлээн авсан өдрөөс хойш гомдол гаргах эрх үүсч байгаа бөгөөд уг хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд /тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоног өнгөрсний дараа захиргааны хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломж/ дараагийн шатны арга хэмжээг авах буюу захиргааны хариуцлага тооцож акт үйлдэхээр зохицуулалттай. Иймд хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “БЦТ” ХХК нь Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дугаар актын 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд актын уг хэсгээр “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, баримтыг хуурамчаар бүрдүүлж, төсөвт төлөх татварыг бууруулсан” гэсэн үндэслэлээр 109,224,782 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Гэвч ийнхүү төлбөр тогтоохоос өмнө нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх зөрчлийг эрүүгийн журмаар шалган тогтоох явцад буюу 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нөхөн татвар 73,636,363 төгрөгийг төлж барагдуулсан байхад дахин нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, татварыг давхардуулан  оногдуулахгүй байх зарчимд нийцээгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “өмнөх төлөлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд оруулаагүй бөгөөд актаар уг зөрчил баталгаажаагүй учраас акт гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь хэсэгт заасан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд нийцэхгүй болно.

Иймд акт үйлдэгдэхээс өмнө төлөгдсөн нөхөн татвар 73,636,363 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээд төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчаас “Икс Ди Эф” ХХК-иас 736,363,636 төгрөгийн бараа материал худалдан аваагүй байж, худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бүрдүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү үйл баримттай холбогдуулан маргаагүй, зөвхөн “гадаад явах зайлшгүй шаардлагын улмаас татварыг төлсөн” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар нарийвчлан зохицуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно.  

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь татвараа төлсөн, татвар төлөгч татвараа төлөөгүй тохиолдолд торгууль, алданги оногдуулахаар хуульд зохицуулсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар татвар ногдох орлогыг нуусан, орлогоос хасагдах зүйлийг өсгөх, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохоор зохицуулсан.

Иймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2011 онд “Икс Ди Эф” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийгээгүй атлаа хуурамч баримт бүрдүүлж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл төсөвт төлөх татварыг төлөөгүй хугацаандаа хариуцлага хүлээх нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт нийцэх тул хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй.

Гэсэн хэдий ч “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэж заажээ. Тодруулбал, хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан, өргөн утгаар тайлбарласан байна. Эндээс татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь өөрөө захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм.

“Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр өргөн утгаар хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгов.

Нөгөө талаар “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, харин торгууль, алдангийг өршөөхөөр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд, хариуцагчаас хяналтын шатны шүүх хуралдаанд актын торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан зэргийг үндэслэн актаар оногдуулсан төлбөрөөс 22,090,909 төгрөгийн торгууль, 13,497,510 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 525 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “БЦТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 230010474 дугаар актын 1.1 дэх хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ