| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0024/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 49
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0113) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.П-, Монгол Улсын иргэн, .................. төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 7, эх, эмэг эх, ах, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................д оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.П- нь 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Гурван гол” ХХК-ний талын замд Тоёота приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Н.Б-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П- мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн орчим ажилдаа явахаар охины хүүхэд Эрхэсийн хамтаар гэрээсээ гараад “Гурван гол” ХХК-ны баруун талын замаар баруунаас зүүн тийшээгээ автобусны буудал орохоор явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үед юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд газар уначихсан байсан. Би зам хөндлөн гарахдаа машин харахад урдаас хойшоогоо машины хөдөлгөөн байхгүй байсан. Машин ханаас хэр хурдтай гарч ирснийг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),
2. Гэрч Т.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн ............... ажил үүргээ гүйцэтгэж явсан. Туслах замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ нэг суудлын автомашин дунд зэргийн хурдтай орж ирээд хойшоогоо буюу баруун гар тийшээгээ эргэж орох үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явган хүний гарцгүй газраар нэг эмэгтэй бага насны эрэгтэй хүүхэдтэй зам хөндлөн гарч ирээд уг машины урд хэсэгт мөргүүлээд машин зам дээр унасан. Хүүхэд нь мөргүүлсэн эмэгтэй хүний зүүн гар талд явж байсан. Эхлээд машин эмэгтэй хүнийг мөргөсөн. Хүүхэд бас унасан...зам хуурай, шулуун, тэгш зам байсан...хүүхдийг машин мөргөөгүй, хүүхэд хамт явсан хүндээ цохигдоод зам дээр унасан. Хүүхдийн биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11975 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хөлийн өсгийнөөс татлага хийгдсэн, шилбэний доод 1/3 хэсэгт цэвэр боолттой. Зүүн даланд 4х3см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зүүн шилбэ гадна дунд 6х5см, шагайн гадна хэсэгт 1.3х0.6см, 0.8х0.7 см зулгаралттай. 2018 оны 10 дугаар сарын 01-ны 9:34:37 баруун шилбэний 2 байрлалын рентгенд шаант, тахилзуур яс доод 1/3 хэсгээр оон сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй хугаралтай харагдана.
ГССҮТ-н №12955 тоот өвчний түүхээс...түүх нээсэн эмнэлэгт хэвтсэн 2018.10.01...хэвтэх үеийн зовиур: Баруун хөл өвдөнө гэнэ...үзлэгт биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаагүй, байрлал албадмал...ХГҮ: баруун шилбэний доод 1/3 хэсэг эмгэг хөдөлгөөнтэй, өвчин эмзэглэл ихтэй, ясны хавиралдах чимээтэй, дотор хажуу талд 1/3 хэсэгт ил хугаралтай 1см шархтай, шарханд анхдагч цэгцлэлт хийв. 2018.10.01 ГССҮТ-н цээжний рентгенд гэмтлийн голомтот өөрчлөлтгүй байна. Үндсэн онош: Баруун шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй сэлтэрсэн ил хугарал гэжээ...ДҮГНЭЛТ
1. Н.Б-ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн шилбэ, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),
4. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлт
“...1. ...зүүн гар талын хойд тоормос зогсохгүй, зүүн гар талын хойд зогсоолын тоормос зогсохгүй байгаа...гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-61),
5. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 728 дугаар дүгнэлтэд
“...1. “Т.Пруис маркын дугаартай автомашины жолооч Э.П- нь Монгол Улсын ЗХД-ийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Н.Б- нь Монгол Улсын ЗХД-ийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно, а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөнө гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64),
6. Шүүгдэгч Э.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод ганцаараа Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байгаад гарцнаас төв зам руу нийлж орохоор баруун гар тийшээгээ буюу ертөнцийн зүгээр хойшоогоо жолоогоо дараад орох үед хүүхэд дагуулсан эмэгтэй хүнийг мөргөж зогссон...хөдөлгөөн бага байсан. Зам хуурай...үзэгдэх орчин чөлөөтэй байсан...мөргүүлсэн эгч баруунаас зүүн тийшээгээ явган хүний гарцгүй замаар зам хөндлөн гарч явсан. Мөргүүлсэн эгч нэг хүүхэдтэй явсан...би архи уугаагүй эрүүл явсан. Машин урд хэсгээрээ зөөлөн мөргөсөн...эмчилгээнд гэж 500.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 69-70),
7. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 76), ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас Шуурхай удирдлагын хэлтэс-102-ын PCJJ17172311 дугаар хуудас (хавтаст хэргийн 29),
- Хохирогч Н.Б-ийн өвчний түүх (хавтаст хэргийн 39-49), хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 18-20),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 72, 75, 71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), “Талх Чихэр” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79), хохирол, хор уршиг төлсөн баримт (хавтаст хэргийн 87-88, 91) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.П-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Э.П- нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол орох замд буюу “Гурван гол” ХХК-ийн баруун талын замд 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн 08 цагийн үед, Toyota Prius-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Н.Б-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан болох нь:
- Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн орчим ажилдаа явахаар охины хүүхэд Эрхэсийн хамтаар гэрээсээ гараад “Гурван гол” ХХК-ны баруун талын замаар баруунаас зүүн тийшээгээ автобусны буудал орохоор явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үед юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),
- Гэрч Т.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн Геологийн төв лабораторийн баруун талд ажил үүргээ гүйцэтгэж явсан. Туслах замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ нэг суудлын автомашин дунд зэргийн хурдтай орж ирээд хойшоогоо буюу баруун гар тийшээгээ эргэж орох үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явган хүний гарцгүй газраар нэг эмэгтэй бага насны эрэгтэй хүүхэдтэй зам хөндлөн гарч ирээд уг машины урд хэсэгт мөргүүлээд машин зам дээр унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11975 дугаар дүгнэлт “...1. Н.Б-ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн шилбэ, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлт “...1. ...зүүн гар талын хойд тоормос зогсохгүй, зүүн гар талын хойд зогсоолын тоормос зогсохгүй байгаа...гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-61),
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 728 дугаар дүгнэлтэд “...1. “Т.Пруис маркын дугаартай автомашины жолооч Э.П- нь Монгол Улсын ЗХД-ийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64),
- Э.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийнхөө эзэмшлийн дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод ганцаараа Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байгаад гарцнаас төв зам руу нийлж орохоор баруун гар тийшээгээ буюу ертөнцийн зүгээр хойшоогоо жолоогоо дараад орох үед хүүхэд дагуулсан эмэгтэй хүнийг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар ....төгрөг нэхэмжилсэн байна (хавтаст хэргийн 18-20, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.П- нь хохирогчийн хохирол, хор уршигт ....төгрөгний эмчилгээ, үйлчилгээ үзүүлж (хавтаст хэргийн 87-88), хохиролд мөн 2.000.000 төгрөг (хавтаст хэргийн 91) өгсөн байна. Нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нар нь хохирол барагдуулсан талаар хэлцэл байгуулсан (хавтаст хэргийн 91) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.П- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг Э.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.П- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бусад дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч Э.П-ын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч буюу явган зорчигчийн хууль бус буруутай үйлдлийн улмаас гарах болсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-эд (хавтаст хэргийн 91), учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Э.П-ыг ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд учир нь тухайн зам тээврийн ослын улмаас хохирогчид “...биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн шилбэ, шагайд зулгаралт гэмтэл...” учирсан бөгөөд тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршгийг ухамсарлуулахад орших тул эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүй болно.
Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.П-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.П-ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Э.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ