Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 50

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2714) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.М-э, Монгол Улсын иргэн, ............... төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ................ оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Л.М- нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамжны замд согтуурсан үедээ Л.Б-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд

1. Хохирогч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний орой С гэдэг найзынхаа хүүхдийн үсний найранд ирсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед найзынхаа гэрээс Т, Э, Г, О нарын хамт гараад гэрлүүгээ харьж явсан тэгтэл М- гэдэг залуу машинтайгаа гудамжаар явж байсан. Тэгтэл машин дотор нь сууж байсан залуу бууж ирээд манай найз Ттай муудалцаад байсан, тэгтэл М- гэдэг залуу машинаа бариад намайг ирээд мөргөчихсөн. Тэгээд л нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн, маргааш нь гэмтлийн эмнэлгээс гараад “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлээд дараа нь “Манал-Оточ” гэдэг нэртэй хувийн эмнэлэгт 15 хоног хэвтсэн, “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлээд тархи, нуруу, аарцагны зураг авхуулахад эмч надад нуруу гэмтэлтэй, аарцаг яс зөрөлттэй байна гэж хэлсэн. ...Тухайн үед би сандраад улсын дугаарыг сайн харж амьжаагүй, Toyota Prius-20 маркийн цагаан өнгийн автомашин байсан. ...Ослын улмаас миний нуруунд гэмтэл учирсан. Мөн аарцагны яс зөрөлттэй байгаа, хүнд юм өргөж болохгүй, ажил хийж чадахгүй байгаа...Миний эмчилгээний зардал болох 1.840.000 төгрөгийг жолооч талаас төлж барагдуулсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

“....Миний хувьд өөрт учирсан хохирол болон эмчилгээнийхээ зардалд нийт 2.230.000 төгрөгийг хүлээн авсан. Тийм болохоор надад өөр нэхэмжилэх зүйл болон ямар нэгэн гомдол, санал байхгүй...шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16)

2. Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад найз Сийн гэрт нь найз Х, О, Г нарын хамт очсон, тэгэхэд найз Сийн гэрт найз Т сууж байсан. Тэгээд бид нар тэнд Сийн хүүгийн үсний найран дээр юм ярьж хөөрөн сууцгааж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гэрээс нь найз Х, О, Г, Т нарын хамт гарсан. Тэгээд бид нар манай гудамжинд зогсож байхад цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин ирж зогссон. Тэрэн дотроос нь зүс харж байсан Д гэдэг залуу бууж ирээд бид нар луу ойртож ирээд манай найз Тыг “чи нааш ир гэж дуудаад” хүрээд ирсэн. Тэгтэл тэр Д гэдэг залуу бид нарыг цохих гээд манай найз Ттай маргалдахаар нь бид нар зугтаагаад Хангайн 56 дугаар гудамж руу ороод алхсан. Бид нарыг түрүүлээд алхаж байхад манай найз Х ганцаараа ард үлдсэн байсан. Тэгтэл гудамжны үзүүрт явж байсан манай найз Хийг нөгөө цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин гудамжаар эргэж орж ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

3. Насанд хүрээгүй гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад танил ах Сийн гэрт нь найз Х, Э, О нарын хамт хүүгийнх нь үсний найранд очсон, тэгээд С ахын гэрт нь бага зэрэг архи, айраг, бараашаг ууж, хоол унд идэж сууж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гарсан санагдаж байна, цагийг нь яг сайн мэдэхгүй байна, тэгээд бид нар гудамжинд зогсож байтал нэг цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин бид нарын хажууд хүрээд ирсэн, тэгээд тэр автомашин дотроос зүс харж байсан Д гэдэг залуу бууж ирээд манай найз Тыг чи нааш ир гээд дуудаад бид нар дээр ирээд...бид нарыг цохиж зодох гээд байх шиг болохоор нь бид нар гудамж руу эргээд зугтацгаасан. Тэгтэл манай найз Х Хангайн 56 дугаар гудамжны булан тойроход ард үлдсэн байсан. Гудамжны үзүүрээр нөгөө цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин эргэж орж ирээд манай найз Хыг мөргөсөн байх... Би Хийг яг машинд мөргүүлж байхыг нь хараагүй, харин буцаад яваад очтол, манай найз Х саяны цагаан Toyota Prius-20 маркийн авто машин намайг мөргөчихөөд явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20)

4. Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний ...шөнө 02 цагийн орчим бид нар гэртээ харих санаатай Хангайн 56 дугаар гудамжны булан тойроод алхаж явахад найз Х утсаараа оролдоод ард нилээд зайтай алхаж явсан. Тэгээд Х за манайхан баяртай би гэр лүүгээ харилаа гэж хэлээд эргээд гудамжны үзүүрт явж байхад өөдөөс нь машины гэрэл тусч, гудамжны үзүүрээр нөгөө цагаан өнгийн Toyota-Prius-20 маркийн авто машин эргэж таараад пид хийх чимээ гаран манай найз Х уг авто машинд мөргүүлсэн. Тэгээд би тэр дор нь найз Х дээр гүйж очоод Х- ахаа, Х- ахаа гэж дуудахад юм ярихгүй болохоор нь сандарсандаа гэр рүү гүйж гэрт нь очиж...хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37)

5. Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байхад шөнийн 02 цагийн орчим... манай урд талын гудамжинд амьдардаг Анхбаяр гэдэг хүүхэд гэрт орж ирээд надад Х- ах гадаа гудамжинд машинд мөргүүлчихсэн байна гэж хэлээд эргээд гараад явсан, тэгээд би сандраад хувцсаа өмсөөд гэрээсээ гартал гадаа гудамжны баруун үзүүрт хүмүүс бужигналдаад байхаар нь яваад очтол, манай бага хүү болох Т.Х- газар түрүүлгээ хараад хэвтчихсэн, гудамжинд хүүхдүүд бужигналдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)

6. Иргэний хариуцагч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү болох Л.М- өөрийн эзэмшлийн Toyota-Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Тэгээд энэ тухай надад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай гэр бүлийн гишүүд хэлж, дуулгаснаар...анх мэдсэн....Уг Toyota-Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл Л.Б- миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний төрсөн дүү болох Л.М-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Би өөрийн нэр дээр эзэмшилтэй Toyota Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард 8.500.000 төгрөгөөр анх хувь хүнээс худалдан авч байсан...Миний хувьд өөрийн төрсөн дүү болох Л.М-ийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11881 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Хоёр өвдөг, нурууны зүүн доод хэсэг бүсэлхийд тархмал том хэмжээний зурагдал бүхий зулгаралттай.

2018.09.25. Манал Оточ Эмнэлгийн өвчний түүхээс: ...Хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө, бүсэлхий биеэр өвдөнө, хөдөлж чадахгүй, аарцаг ясаар өвддөг.

Хэсэг газрын үзлэгт: Зүүн талын далны доод хэсгээр зулгарсан их хэмжээний шархтай, 2 өвдөг шилбээр зулгарсан шархтай.

2018.09.25-ны өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээнд хамар яс 2 талдаа хуучин хугаралтай, шинээр үүссэн гэмтэлгүй. Аарцаг түнхний үений КТГ-н шинжилгээнд: Баруун талын ramus pubis ясанд зөрөөтэй ташуу хугаралтай. Зүүн талын ramus pubis ясны дээд гадаргууд 0,5см ясны эдрүү цөмөрсөн хугаралтай. S1 түвшинд ууц яс баруун дэлбэнд урдаас арагш чиглэсэн ташуу няцарсан, баруун талын ууц- сүүжний үе хүртэл үргэлжилсэн хугаралтай. Баруун талын сүүжний дэлбэнгийн өмнөд гадаргуунд шугаман хугаралтай гэжээ. Онош: Аарцаг ясны зөрөөтэй далд хугарал гэжээ...ДҮГНЭЛТ

1. Т.Х-ийн биед умдаг ясны баруун, зүүн салаа, ууц ясны хугарал, баруун сүүжний дэлбэнгийн шугаман хугарал, хоёр өвдөг, нуруу, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),

8. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 706 дугаар дүгнэлт

1. Toyota Prius маркийн  улсын дугаартай автомашины жолооч Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 58),

9. Л.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ байж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт хөдөөнөөс манай...өвөө, эмээ хоёр ирсэн. Тэд нар хөдөөнөөс ирэхдээ айраг авчирсан байсан болохоор би тэр айрагнаас нь 250 орчим граммын аяганд хийж 2-3 удаа уусан байсан. Тэгээд гэртээ байж байтал найз Д над руу утсаар яриад “найзыгаа гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Лхагвацэнд овогтой Балжиннямын нэр дээр эзэмшилтэй өөрийнхөө машин болох “Toyota Prius-20” маркийн  улсын дугаартай автомашиныг унаад гудамжны хойд булангаас найз Дыг авч машиндаа суулгаад түүний гэр лүү нь явсан. Дын гэрийнх нь доохон талд гудамжинд хүмүүс хоорондоо маргалдаад байж байхад манай найз Д “байж байгаарай” гэж хэлэн машинаас буусан. Тэгтэл Д тэр хүмүүс дээр очоод хоорондоо маргалдаад цаашаа буюу ертөнцийн зүгээр баруун тийш явцгаагаад гудамжны булан тойроод харагдахгүй болохоор нь би тэд нарын ардаас машинтайгаа явж байгаад гудамжны булангаар баруун тал руугаа харж байгаад зүүн гар тийш эргэтэл жолоочийн эсрэг талын урд дугуй буюу зүүн урд дугуйгаараа нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Тэгэнгүүт нь би унаж явсан “Toyota-Prius-20” маркийн  улсын дугаартай авто машинаа зогсоогоод машинаасаа бууж иртэл миний унаж явсан автомашины зүүн урд талын дугуйны хажууд танил Т.Х- газарт хэвтэж байсан. ...Би хохирогч Т.Х-ид учруулсан хохиролд нийт 2.230.000 төгрөгний /хоёр сая хоёр зуун гучин мянган/ хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

10. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Л.М-ийг драйгер багаж ашиглан шалгахад 0.76% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 11)

11. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 35), ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас Шуурхай удирдлагын хэлтэс-102-ын PCJI17122356 дугаар хуудас, Шуурхай удирдлагын хэлтэс-103-ын PCJI16340687 дугаар хуудас (хавтаст хэргийн 83, 84),

- Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 99, 106-107, 109-126), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 96,101-102)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 72, 90, 71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, иргэний хариуцагч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Л.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамжаар Л.Б-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед найзынхаа гэрээс Т, Э, Г, О нарын хамт гараад гэрлүүгээ харьж явсан тэгтэл М- гэдэг залуу машинтайгаа гудамжаар явж байсан. Тэгтэл машин дотор нь сууж байсан залуу бууж ирээд манай найз Ттай муудалцаад байсан, тэгтэл М- гэдэг залуу машинаа бариад намайг ирээд мөргөчихсөн. Тэгээд л нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн ...Ослын улмаас миний нуруунд гэмтэл учирсан. Мөн аарцагны яс зөрөлттэй байгаа, хүнд юм өргөж болохгүй, ажил хийж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

- Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сийн хүүгийн үсний найран дээр юм ярьж хөөрөн сууцгааж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гэрээс нь найз Х, О, Г, Т нарын хамт гарсан. ...Бид нарыг түрүүлээд алхаж байхад манай найз Х ганцаараа ард үлдсэн байсан. Тэгтэл гудамжны үзүүрт явж байсан манай найз Хийг цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин гудамжаар эргэж орж ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Насанд хүрээгүй гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Х Хангайн 56 дугаар гудамжны булан тойроход ард үлдсэн байсан. Гудамжны үзүүрээр нөгөө цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин эргэж орж ирээд манай найз Хыг мөргөсөн байх... Би Хийг яг машинд мөргүүлж байхыг нь хараагүй, харин буцаад яваад очтол, манай найз Х саяны цагаан Toyota Prius-20 маркийн авто машин намайг мөргөчихөөд явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20)

- Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х за манайхан баяртай би гэр лүүгээ харилаа гэж хэлээд эргээд гудамжны үзүүрт явж байхад өөдөөс нь машины гэрэл тусч, гудамжны үзүүрээр нөгөө цагаан өнгийн Toyota-Prius-20 маркийн авто машин эргэж таараад пид хийх чимээ гаран манай найз Х уг авто машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37)

- Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байхад шөнийн 02 цагийн орчим... манай урд талын гудамжинд амьдардаг Анхбаяр гэдэг хүүхэд гэрт орж ирээд надад Х- ах гадаа гудамжинд машинд мөргүүлчихсэн байна гэж хэлээд эргээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11881 дугаар дүгнэлт “...1. Т.Х-ийн биед умдаг ясны баруун, зүүн салаа, ууц ясны хугарал, баруун сүүжний дэлбэнгийн шугаман хугарал, хоёр өвдөг, нуруу, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Л.М--ыг драйгер багаж ашиглан шалгахад  0.76% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 11)

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 706 дугаар дүгнэлт “...1. Toyota Prius маркийн  улсын дугаартай автомашины жолооч Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58),

- Л.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Д тэр хүмүүс дээр очоод хоорондоо маргалдаад цаашаа буюу ертөнцийн зүгээр баруун тийш явцгаагаад гудамжны булан тойроод харагдахгүй болохоор нь би тэд нарын ардаас машинтайгаа явж байгаад гудамжны булангаар баруун тал руугаа харж байгаад зүүн гар тийш эргэтэл жолоочийн эсрэг талын урд дугуй буюу зүүн урд дугуйгаараа нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Тэгэнгүүт нь би унаж явсан “Toyota-Prius-20” маркийн  улсын дугаартай авто машинаа зогсоогоод машинаасаа бууж иртэл миний унаж явсан автомашины зүүн урд талын дугуйны хажууд танил Т.Х- газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дүгээр зүйл “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: гэсний а/ ...Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн, 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн зам дээр зорчиж явсан явган зорчигчийг “Toyota Prius” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөснөөс болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-ид баримтаар гаргасан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М- нь хохирлыг нөхөн төлж нийт 2.230.000 төгрөгийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 101-102) байна. Тиймээс шүүгдэгч Л.М- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр маргахгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.М-ийн холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-ид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр мөн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг,  заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байна. Тиймээс шүүгдэгч Л.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг эрх хассан болон тэнссэн хугацаанд тогтоож шийдвэрлэв.  

Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Л.М-д хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан хэрэгт хураагдан ирсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 839488 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.М-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-д бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг эрх хассан болон тэнссэн хугацаанд тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Л.М-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалын  дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хадгалуулахаар хүргүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.МӨНХЗУЛ