Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2016/00328

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ч.Б- ,

Хариуцагч: Х.С- нарт холбогдох

 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Ч.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 8 сарын 28-ны өдөр **н амны зуслангийн 000516692 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Х.С-н нэр дээр бүртгэлтэй 700 м.кв бүхий газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 5,000,000 төгрөг төлж баримт үйлдэн өгсөн. Түүнээс хойш газар дээрээ гэр барьж зусаж ч амжаагүй. Гэр бүлийн хүмүүс өндөр уул хайрханы ёроолд онцгүй газар байна гэж хэлсэн. Үлдэх 7,000,000 төгрөгийг төлөх гэхээр эдийн засгийн хямрал, ажил төрлийн бүтэмж муутай байдлаас төлж чадахгүй байна. Иймд Ч.Б-, Х.С- нараас газар худалдан авахаар өгсөн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.С-, Ч.Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч Ч.Б- гаргасан тайлбартаа; Д.М-тай 2014 оны 8 сарын 28-ны өдөр **ны зуслангийн 000516692 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий газрыг 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 5,000,000 төгрөг авсан.Үлдэгдэл мөнгөө төлөхөөр гэрээ, бичиг баримтыг өгнө гэж ярилцсан. Хугацаа зааж мөнгөө олон удаа нэхсэн. Цагаан сарын өмнө өгнө. Цагаан сар болчихлоо өгч чадсангүй гэсээр их чирэгдэл болгосон. Би 2015 оны 10 сарын 29-нд хүнээс 3 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ төлсөөр явна. 2016 оны 2 сарын 25-нд тооцоогоо дуусгая гэхэд бас л удаахгүй гэж хэлсэн. Гэтэл цагдаад өргөдөл өгсөн болилоо гэж хэлсэн. Д.М-ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Харин 5,000,000 төгрөгийг газраа зарж төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
 ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.М- хариуцагч Х.С-, Ч.Б- нарт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ч.Б- нэхэмжлэлийг зөвшөөрч “5,000,000 төгрөгийг газраа зарж төлнө” гэж маргажээ. 

Хариуцагч Х.С- нь хариуцагч Ч.Б-д итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.М- хариуцагч Ч.Б-тай 2014 оны 8 сарын 28-ны өдөр **ны зуслангийн 000516692 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь “Төлбөр төлсөн баримт” гэж нэрлэсэн худалдах-худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
 Хариуцагч Х.С-, Ч.Б-  нар өөрийн эзэмшлийн Архустайн амны зуслангийн 000516692 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.М-т өгсөн боловч газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, худалдан авагч газрын үнэ 5,000,000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч Д.М- эдийн засгийн хямрал, ажил төрлийн бүтэмж муутай байдлаас болж худалдах-худалдан авах гэрээний дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэстэй байна.  
Хариуцагч Ч.Б- нь худалдан авагч Д.М-т төлбөр төлөх хугацааг удаа дараа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж байгаа шаардлагыг зөвшөөрч 5,000,000 төгрөгийг газраа зарж төлнө гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна. 
Иймд хариуцагч Х.С-, Ч.Б- нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж   нэхэмжлэгч Д.М-т олгох үндэстэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 220 дугаар зүйлийн 220.4-т заасныг баримтлан хариуцагч Х.С-, Ч.Б- нараас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,500 төгрөгийг Төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-, Ч.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ