| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/01248/И |
| Дугаар | 210/МА2024/00508 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2024/00508
2024 03 15 210/МА2024/00508
Ё.Одончимэг, Н.Энхтөр, Ран-Уул ХХК нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04090 дугаар шийдвэртэй
Ё.Одончимэг, Н.Энхтөр, Ран-Уул ХХК нарын нэхэмжлэлтэй
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Орон сууц албадан чөлөөлсөн ажиллагааг болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Одончимэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, Н.Байгалтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2019 оны 09 дүгээр сард хүү Л.Занданшарав хүнд гэмтэл авахад Ран-Уул ХХК-ийн захирал Н.Энхтөр тусалж, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД 56 дугаар байр, 11 тоот орон сууцанд амьдрахыг зөвшөөрснөөр 2020 оны 06 дугаар сараас хойш Ё.Одончимэг нь хүү Л.Занданшарав, Л.Энхмандах нарын хамт амьдарч байсан.
Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 9.00 цагт бага хүү Л.Энхмандах хэвтрийн ах Л.Занданшаравыг гэртээ сахиж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Мөнхзулаар ахлуулсан шийдвэр гүйцэтгэгч нар албадан дуудлага худалдааны ялагч Б.Отгонцагаан гэх хүн, Панда нүүлгэлтийн компанийн залуучуудын хамт гэнэт дайрч орж ирээд, орон сууцнаас гарахыг шаардсан. Би сандраад гэртээ ирэхэд эд хогшлыг нүүлгэлтийн хүмүүс зөөн гаргаж байсан. Би шийдвэр гүйцэтгэгч Т.Мөнхзулд том хүү Л.Занданшарав гэмтлийн улмаас бэлхүүснээс доош мэдээгүй, биеийн байдал их хүнд байгаа талаар хэлж, 3 хоногийн хугацаа өгөхийг гуйсан боловч огт хүлээж авалгүй, хүүг босгож хувцаслаад тэргэнд суулгаад гаргасан, тэр үед хүүгийн зүрхний хэм өөрчлөгдөж, амьсгал тасалдаж, бид түргэн дуудаж эмнэлгийн тусламж авч байхад гэрийн эд хогшлыг машинд ачаад албадан чөлөөлсөн. Ажиллагааны явцад орон сууцны эзэн Н.Энхтөрийг дуудан ирүүлэхэд шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Мөнхзул орон сууцыг чөлөөлнө гэдгээ түүнд мэдэгдээгүй байсан.
1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан чөлөөлөх ажиллагааг явуулахдаа орон сууцны оршин суугч бидэнд албадан чөлөөлөх шийдвэрээ мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Т.Мөнхзул нь надтай болон манай гэр бүлийнхэнтэй нэг ч удаа уулзаагүй, чөлөөлөх шийдвэрээ танилцуулалгүй, шууд албадан чөлөөлж, орон сууцны хууль ёсны эзэмшигч бидний тав тухыг алдагдуулан, өвчтэй хүнийг цочролд оруулж, гэрийн эд хогшлыг эвдэн сүйтгэж, хуулиар олгогдсон эзэмших эрхэд халдсанд маш их гомдолтой байна.
Иймд Н.Энхтөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012079 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо (одоо 19 дүгээр хороо), Үйлдвэр гудамж, ХД 56 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 107.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр албадан чөлөөлсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль зөрчсөн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ран-Уул ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00684 дугаар шийдвэрээр Ран-Уул ХХК-аас 875,566,726 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Энхтөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД 56 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлүүлсэн. Өмчлөгч Н.Энхтөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/11132021/12999 дугаар захирамжаар орон сууцыг дуудлага худалдааны ялагч болон аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасан. Тус иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01279 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2022/01820 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01406 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн.
2.3. Түүнчлэн шүүгчийн захирамж шүүхийн шийдвэртэй нэгэн адил заавал биелэгдэх хуультай. Хариуцагчид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/11132021/12999 дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч болон аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг даалгасаар байтал хууль зөрчсөн байна.
2.4. Мөн албадан дуудлага худалдааны ялагч Б.Отгонцагаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.12 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн хойно 15 дахь хоногт хөрөнгийн үнийг төлсөн байхад дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
2.5 Ран-Уул ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Саяболдод гомдол гаргасан боловч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/241 дугаар мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээж аваагүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан, гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/607 дугаар албан бичгээр хүлээн аваагүй болно.
Иймд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00684 дугаар шийдвэрээр Ран-Уул ХХК-аас 875,566,723 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Н.Энхтөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012079 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, ХТ 56 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 107.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 146,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон.
3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/12999 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан. Өмчлөгч Н.Энхтөр нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/1279 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1020 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1406 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.
3.4. Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/01148, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-155/02016 дугаар албан бичгээр төлбөр төлөгч компанийн захирал, өмчлөгч Н.Энхтөрд гардуулж танилцуулсан. Тус орон сууцанд оршин суугч нарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сайн дураараа суллан чөлөөлөх мэдэгдлийг хаалган дээр нь нааж, зургийг нь авч баталгаажуулсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 4-155 23/12 дугаар албан бичгийг өгөхөөр хаягт ирсэн боловч хүн байгаагүй тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч С.Энхцэцэгт дамжуулан өгөхийг даалгасан. Эдгээр ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулсан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр оршин суугч болон өмчлөгч Н.Энхтөр нар орон сууцыг сайн дураар чөлөөлж өгсөн. Уг ажиллагаа хийгдсэнээс хойш Ё.Одончимэг нь орон сууцны хаалгыг эвдэн нэвтрэн орсон тул 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагаа хийгдсэн.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч газар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД 56-р байр, 11 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ран-Уул ХХК-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Ран-Уул ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/01148, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-155/02016 дугаар албан бичгүүдээр тус тус төлбөр төлөгч Ран-Уул ХХК-ийн захирал Н.Энхтөрд биечлэн гардуулж гарын үсгээр баталгаажуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Тус хаягт оршин суугч гэх Ё.Одончимэг, Л.Энхмандах, Л.Занданшарав нарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сайн дураар султган чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулан өгөхөөр хаягт очиход эзэнгүй байсан тул хаалган дээр мэдэгдлийг нааж үлдээсэн нь зураг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/2312 дугаар албан бичгийг өгөхөөр дахин очиход эзэнгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч С.Энхцэцэгт хүлээлгэн өгөхийг даалгаж, гарын үсэг зурж хүлээн авсныг тэмдэглэлээр баталгаажуулсан.
Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, өмчлөгч Н.Энхтөр, оршин суугч гэх Л.Энхмандах нар сайн дураар султган чөлөөлж, сайн дураар чөлөөлсөн тухай бичгээр гаргаж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Сайн дураар султган чөлөөлж, албадан дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгөд хууль ёсны оршин суугч гэх нотлох баримт байхгүй иргэн Ё.Одончимэг нь бусдын өмчлөлийн хөрөнгөд халдан хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж амьдарч байсан тул 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албадан чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
5.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Л.Энхмандах гэрчээр оролцож, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн султган чөлөөлөх мэдэгдлийг хаалган дээр наасан байсан, би танилцаж ээж Ё.Одончимэгт утсаар мэдэгдсэн гэх тайлбарыг өгсөн нь тэмдэглэлд тусгагдсан.
Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг султган чөлөөлөх талаар Ран-Уул ХХК-ийн захирал Н.Энхтөрөөс мэдсэн гэх тайлбарыг оршин суугч Л.Энхмандах ярихдаа Н.Энхтөр ах шийдвэр гүйцэтгэгч ярьсан 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа өгсөн гэж бидэнд хэлсэн гэсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна.
Иймд иргэн Ё.Одончимэг, Л.Энхмандах, Л.Занданшарав нар мэдээгүй гэх үндэслэлгүй бөгөөд орон сууц чөлөөлөх ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, ХД 56 дугаар байр, 11 тоот орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа хийгдээгүй, төлбөр төлөгч, оршин суугч нар сайн дураар чөлөөлсөн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Одончимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх ажиллагаанд төлбөр төлөгчийн хамт оролцсон байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Хууль сахиулах байгууллага нь нэхэмжлэгч нарыг гомдол гаргах эрхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж үздэг. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хаягт очиж ажиллагааг хийх ёстой байтал нэг ч удаа очиж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч Н.Энхтөрийг орон сууцны гадна дуудан, дэлгүүрт явж байсан 2 хүнийг гэрчээр байлцуулан хураах тогтоолыг үйлдсэн. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орон сууц чөлөөлөх ажиллагааг үйлдэхдээ анх удаа тус хаягт орж ирж нөхцөл байдлыг харсан. Шийдвэр гүйцэтгэгч Т.Мөнхзул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тухайн ажиллагааны явцад ямар нэгэн хүндрэл учирсан тохиолдолд даруй ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчтэй хүн байхад түүнийг үл харгалзан нүүлгэлтийн компани дагуулж ирж, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг зөөсөн.
Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар орон сууцыг чөлөөлсөн байна гэж үздэг. Гэтэл тус зүйл заалтад заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдээгүй орон сууцыг албадан чөлөөлсөн атлаа сайн дураараа чөлөөлсөн гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэгч одоо та нар гарахгүй бол нүүлгэлтийн компанийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг төлөх болно гэж хэлсэн учир Н.Энхтөр, Л.Энхмандах нар айсандаа орон сууцыг сайн дураар чөлөөлсөн гэх баримтыг бичиж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Ё.Одончимэгийн гаргасан тайлбарын агуулга:
Өмгөөлөгчийн хэлсэн зүйлтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нар нь орон сууц албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Ран-Уул ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/15369 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан гэж маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00684 дугаар шийдвэрээр Ран-Уул ХХК-аас 871,073,207.59 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэжээ.
4.2. Мөн барьцаа хөрөнгө болох Н.Энхтөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012079 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, ХД-56 дугаар байр, 11 тоот хаягт байршилтай, 107.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 155/2 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 19280095/09 дугаар тогтоолоор хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6/102 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч тус орон сууцыг 206,064,000 төгрөгөөр үнэлжээ.
4.4. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/8 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар орон сууц 146,500,000 төгрөгөөр худалдагдсан байх ба энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-155/21246, 4-155/21247 дугаар мэдэгдлүүдээр талуудад мэдэгджээ.
4.5. Өмчлөгч Н.Энхтөр нь дээрх үнэлгээг болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01279 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2022/01820 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01406 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
5. Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/03 дугаар тогтоолоор Н.Энхтөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012079 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Б.Отгонцагаанд шилжүүлэхээр шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлөхийг Н.Энхтөрд мэдэгдэж, уг хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагаа явуулахыг анхааруулжээ.
5.1. Дээрх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11 дэх хэсэгт Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана гэж заасантай нийцсэн.
5.2. Үүнээс гадна Н.Энхтөрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/11132021/12999 дугаар захирамжаар орон сууцыг дуудлага худалдааны ялагч болон аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасан байх ба уг захирамжийг хариуцагчид хэзээ хүргүүлсэн талаарх баримтгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжийг зөрчиж өмчлөх эрх шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
5.3. Маргаан бүхий тогтоолд дуудлага худалдааны ялагч Б.Отгонцагаан эд хөрөнгийн үнэ 146,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлсөн талаар тусгагдсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ран-Уул ХХК-ийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ран-Уул ХХК-аас давж заалдах гомдол гаргаагүй.
6.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдагдсан орон сууцыг чөлөөлөх хугацаа тогтоож өмчлөгч Н.Энхтөр, төлбөр төлөгч Ран-Уул ХХК нарт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/01148, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-155/02016 дугаар мэдэгдлүүдийг гардуулжээ. Эдгээр мэдэгдэлд Н.Энхтөр өөрийн биеэр хүлээн авсан тухай тэмдэглэл хийж гарын үсгээ зурсан байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/03 дугаар тогтоолд эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заасан боловч өмчлөгч Н.Энхтөрөөс үнэлгээ болон албадан дуудлага худалдааны талаар шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүхээс орон сууцыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасантай холбоотойгоор чөлөөлөх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20, 31-ний өдөр хүртэл тус тус хойшлуулжээ.
6.2. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн хаягаар очиход эзэнгүй байсан учир орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хаалган дээр нь нааж үлдээсэн гэх тэмдэглэл үйлдсэн байх ба анхан шатны шүүх хуралдаанд гэрч Л.Энхмандах нь уг мэдэгдлийн талаар Ё.Одончимэг, Н.Энхтөр нар мэдсэн болохыг гэрчилсэн байна. Үүнээс гадна Үйлдвэр гудамж, ХД 56 дугаар байр, 11 тоот хаягийн оршин суугч нарт гэж хаягласан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/2312 дугаар мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 4 дүгээр хэсгийн ахлагч С.Энхцэцэгт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагджээ.
6.3. Өмчлөгч болон төлбөр төлөгчийн зүгээс тогтоосон хугацаанд орон сууцыг чөлөөлөх арга хэмжээг аваагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгч буюу төлбөр төлөгчийн төлөөлөгч Н.Энхтөр, хөндлөнгийн гэрч М.Сүх, Д.Наранчимэг нарыг байлцуулан орон сууцаас оршин суугч Л.Энхмандах нарыг нүүлгэн гаргаж чөлөөлсөн ба уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.18, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
7.1. Төлбөр төлөгч болон төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан ба нэхэмжлэгч Ё.Одончимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талд хамаарахгүй.
Түүнчлэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд тогтоосон. Тодруулбал төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор дээрх хуулийн 122.1 дэх хэсэгт заасан ба Ё.Одончимэг нь тус орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгэсэн этгээд биш байна.
Иймд нэхэмжлэгч Ё.Одончимэг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00684 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дуудлага худалдаагаар худалдсан орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах талаар хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй.
7.2. Анхан шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах эрх бүхий этгээдийг хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүйгээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нэхэмжлэгч Ё.Одончимэгт өгөөгүй гэсэн алдаатай дүгнэлт хийж нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Иймд хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин Ё.Одончимэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, гэм хор учруулсан гэж үзвэл холбогдох нэхэмжлэлээ гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлсөн ажиллагааг болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр, Ран-Уул ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлсөн ажиллагааг болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.Одончимэг, Н.Энхтөр, Ран-Уул ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА