Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00354

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г ХХК-ийн  нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э ХХК-д холбогдох

    Түрээсийн төлбөр, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 137,513,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Одмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Ц.Одмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Жигүүр гранд оффис центрийн 5 давхарт байрлах 220 м.кв талбайг С ХХК-тай байгуулсан Оффисийн түрээсийн гэрээний үндсэн дээр түрээсэлдэг байсан бөгөөд тус компанийн зөвшөөрлөөр Э ХХК-тай 2012 оны 11 сарын 13-ны өдөр Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээ байгуулан талбайг түрээслүүлсэн. Э ХХК нь Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээгээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Жигүүр гранд оффис центрийн 5 давхарт байрлах 220 м.кв талбай бүхий байрыг ажлын байрны зориулалтаар 2012 оны 11 сарын 13-ны өдрөөс 2013 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэлх 9 сар 17 хоногийн хугацаагаар түрээслэхээр, сарын түрээсийн төлбөр 6,776,000 төгрөг байхаар, түрээсийн төлбөрийг 2013 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 хуваан төлөхөөр тус тус тохиролцсон.
Э ХХК нь дээрх гэрээг байгуулах үедээ оффисийн тавилга хэрэгслийг худалдаж авах санал тавин, нийт 10,613,052 төгрөгийн тавилга хэрэгслийг үнийг нь түрээсийн төлбөр төлөх үедээ төлөх нөхцөл бүхий тохиролцоогоор худалдан авсан. Э ХХК нь дээрх гэрээний дагуу төлбөр тооцоог гүйцэтгээгүй ч бид харилцан тохиролцсноор Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээг 2014 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар мөн гэрээнд заасан нөхцлөөр сунгахаар, түрээсийн төлбөр болон худалдан авсан тавилга хэрэгслийн үнийг 2014 оны 3 сарын 01-ний өдрийн дотор төлөх нөхцөл бүхий нэмэлтийг гэрээнд оруулсан.
Э ХХК нь 2014 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, мөн өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн тул тус компаниас түрээсийн төлбөр болон худалдан авсан тавилга хэрэгслийн төлбөрт 2012 оны 11 сарын 01-ний өдрөөс 2014 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 107,851,600 төгрөг, 2014 оны 3 сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 19,049,303 төгрөг, худалдан авсан оффисийн тавилгын үнэ 10,613,052 төгрөг  нийт 137,513,955 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Гоби коулд энд энержи ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан 2012 оны 11 сарын 13-ны өдрийн R/8/12, 2013 оны 7 сарын 31-ний өдрийн /8/12А1, 2014 оны 1 сарын 08-ны өдрийн R/8/12А2 дугаартай гэрээнүүдийг тухайн үед бичгээр байгуулсан боловч, манай 2 компанийн удирдлагууд харилцан амаар тохиролцож, төлбөргүйгээр уг оффиссын байрыг ашиглуулахаар тохирсон байсан.
Тус оффисст байсан тавилга хэрэгслийг хамтад нь ашиглаж байсан бөгөөд эдгээр тавилга хэрэгслийг худалдан авах талаар харилцан ярилцаж байсан боловч дээрх гэрээнүүдэд тавилга хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулахаар заасны дагуу ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан 10,613,052 төгрөгөөр худалдаж авахаар нарийвчлан тохиролцож, амаар болон бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй тул тавилга хэрэгслийг худалдан авсны хөлс гэж нэхэмжлэх эрхгүй, тавилга, хэрэгслийг буцааж өгсөн. 
2014 оны 1 сарын 08-ны өдрийн R/8/12А2 дугаартай гэрээнд дуусах хугацааг 2014 оны 3 сарын 01-ний өдөр гэж заасан байхад үүнээс хойших буюу 2014 оны 5 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 19,049,303 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаар дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн удирдлагаас амаар үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсоноосоо буцаж байгаа тохиолдолд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудал яригдах ёстой. 2012 оны 11 сарын 13-ны өдрийн R/8/12 дугаартай гэрээний 5 дахь заалтын 5.1.1, 5.1.2, 5.1.3-т тус тус зааснаар түрээсийн төлбөрийг 2013 оны 3 сарын 15, 4 сарын 15, 5 сарын 15-ны өдөр гэсэн хуваарийн дагуу төлөх ёстой бөгөөд мөн гэрээний 9 дэх заалтын 9.4.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг 20 хоногоор хэтрүүлбэл гэрээг цуцлах үндэслэл болохоор заажээ. Эндээс харахад дээрх хуваарийн дагуу эхний төлөлтөө хийлгүй 20 хоног хэтрүүлэхэд л гэрээг цуцлах эсхүл шүүхээр шаардах эрх үүссэн байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасны дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэгч Гоби коулд энд энержи ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, гэхдээ мөнгөөр бус Жаргалсайхан захирлын төрсөн дүүгийн компанитай нэхэмжлэгч тал нь өр авлагын асуудал байгаа бөгөөд түүнд шилжүүлэн тооцох боломжтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг яриа хэлэлцээ амжилттай байвал хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, амжилтгүй байвал хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 126,900,903 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,613,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Э ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, эвлэрэх санал гаргасан боловч нэхэмжлэгч тал татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцэж байна.
 
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ХХК-тай Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаартай гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигүүр гранд оффис центрийн 5 дугаар давхарт байрлах 220 м.кв талбайг ажлын байрны зориулалтаар 2012 оны 11 сарын 13-ны өдрөөс 2013 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэлх 9 сар 17 хоногийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 6,776,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцож түрээсийн гэрээ байгуулж, талууд түрээсийн  гэрээг 2013 оны 7 сарын 11-ний өдрөөс 3 сараар сунгаж 1 м.кв талбайн төлбөр 30,800 төгрөгийг 32,340 төгрөг гэж, 2014 оны 1 сарын 06-ны өдөр түрээсийн гэрээнд “2013 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд гэхийг 2014 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл” гэж гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 5-14 талд/-гээр тогтоогдож байна.

Хариуцагч Э ХХК нь ажлын байрны зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
   
Г ХХК-ийн С ХХК-тай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигүүр гранд оффис центрийн 5 дугаар давхарт байрлах 440 м.кв талбайг ажлын байрны зориулалтаар “Оффисийн байрны түрээсийн гэрээ”-г байгуулж /хх-ийн 42-49 талд/ түрээслүүлэгч С ХХК-иас дамжуулан түрээслэх зөвшөөрөл авсан болох нь С ХХК-ийн 2012 оны 9 сарын 10-ны өдрийн т/272 албан бичиг, түрээсийн гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Э ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээний үүрэгт төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа үндэслэл нь дээрх баримтаар няцаагдаж байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээний  хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж зааснаар түрээслэгчээс 2013 оны 3 сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 сарын 01-ний өдөр “Хүлээлцэх акт”-аар хүлээлгэн өгөх /хх-ийн 19 талд/  хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулах үндэстэй.

     Талууд 2013 оны 7 сарын 11-ний өдөр, 2013 оны 8 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээний хугацааг сунгахдаа түрээсийн төлбөрийн тооцоог нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан талаар маргахгүй байна.

Иймд хариуцагч Э ХХК-иас түрээсийн гэрээний төлбөрт 126,900,903 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгох үндэстэй. 
 
Худалдах-худалдан авах гэрээний тухайд:

Хариуцагч Э ХХК нь Г ХХК-иас оффисийн байрны тавилгыг худалдан авсан болох нь Түрээсийн гэрээний 2.3.2. Оффисийн байрны тавилгыг худалдан авсан бөгөөд  тэдгээрийн үнэ  нийт 10,613,052 төгрөг, мөн гэрээний 2.4 Энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй болохоо баталж байна” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Хариуцагч оффисийн байрны тавилгыг “Хүлээлцэх акт”-аар хүлээн авч гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан байх ба 2014 оны 5 сарын 21-ний өдөр түрээсийн байрыг “Хүлээлцэх акт”-аар шилжүүлэхдээ тавилгыг шилжүүлээгүй /хх-ийн 19 талд/ байгаа нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар эд хөрөнгө хүлээн авсанд тооцох үндэслэл тогтоогдож байна.

 Иймд хариуцагч Э ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,613,052 төгрөгийг гаргуулж Г ХХК-нд олгох үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
           ТОГТООХ НЬ:    

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 137,513,955 /нэг зуун гучин долоон сая таван зуун арван гурван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гоби коулд энд энержи ХХК-нд олгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 845,519 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 845,519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гоби коулд энд энержи ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ