Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/0013

 

"МР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, Ц.О, хариуцагч Р.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 577 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “МР” ХХК-ийн нэхэмжлэлтэй, СБД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “МР” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МР” ХХК нь татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь актад бусдад лиценз шилжүүлэн өгч 1.905.000.0 мянган төгрөгийн орлого олсон боловч татварыг дутуу суутгаж, төсөвт төлсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, татвар төлөх ёстой этгээдийг буруу тодорхойлж, акт тавьсан. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчиж, орлого олоогүй тал болох “МР” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, акт тогтоосон нь хууль бус юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдан авагч тал татварыг хариуцан төлөхөөр тусгайлан тохироогүй бөгөөд харин ч гэрээний 8.2-т заасны дагуу “Худалдагч нь худалдан авагчийг татварын үүргээс ангид байлгах”-аар харилцан тохиролцсон байтал акт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын улсын байцаагчид албан татвар төлөгч буюу хөрөнгө оруулагч нь “Ийст ресурсэс” ХХК байтал эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг худалдан авч, зардал гаргасан “МР” ХХК-д үндэслэлгүйгээр татвар ногдуулаад байна.

Түүнчлэн татварын улсын байцаагч нь “Эрх борлуулсан” гэх дүгнэлтийг хийсэн. Гэвч “МР” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Ийст ресурсэс” ХХК-тай тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, “эрх” биш хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээллийг 1.905.000.0 мянган төгрөгөөр худалдан авсан.

“МР” ХХК нь эрэл хайгуулын анхдагч материал нь биет бус хөрөнгө борлуулсны орлогод 10 хувийн татварыг төлсөн. Гэтэл хариуцагч нь хуульд зааснаар татварыг ногдуулах хувь хэмжээ ялгамжтай байдлаар зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СБД-ийн ТХ-ийн ТУБ Р.Ц, О.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: “МР” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөрчсөн.

“Модун ресурс” ХХК нь “Ийст ресурс” ХХК-д олгосон 1.905.000.0 мянган төгрөгийн орлогоос 30 хувийн татварыг суутган авч төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Мэдээлэл худалдан авсан гэж үзээд суутгагчийн үүргээ хэрэгжүүлж 10 хувь болох 190.500.0 мянган төгрөгийн татварыг дутуу төлсөн, үлдсэн 20 хувийн татварыг төлөх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар “эрх” биш, хайгуулын тусгай зөвшөөрлийн “талбайн мэдээлэл” худалдан авсан гэж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл нь өөр эрх буюу тусгай зөвшөөрлийн эрхтэй салшгүй холбоотой учир эрх борлуулсан гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 577 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МР” ХХК-ийн “СБД-ийн ТХ-ийн ТУБ Р.Ц, О.Ц нарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 577 шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг баримтлан СБД-ийн ТХ-ийн ТУБ Р.Цогзолмаа, О.Цэнд-Аюуш нарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актаар ногдуулсан төлбөрийг торгуулийн 114,300.0, алдангийн 66,793.1, нийт 181,093.1 мянган төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн агуулгаас харвал нэг эрхийн тухай биш, хоорондоо холбоотой, тус тусдаа бие даан хэрэгжих боломжгүй 2 өөр эрхийн тухай тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээлэл нь “эрх” биш юм. Нөгөө талаар шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл шилжүүлэх хэлбэрийг “эрх” гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. “Модун ресурсес” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг худалдан  аваагүй  ба  энэхүү эрхийг гэрээний үндсэн дээр биш, хуулиар тогтоосноор эзэмшигч эдэлдэг.

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар шууд “эрх” борлуулсны орлогын албан татвар гэж үзэх боломжгүй ба харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан “биет бус хөрөнгө борлуулсны орлого” гэж үзсэн. Ингэхдээ бид мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 5-д “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө хэмээн шууд тогтоосныг, мөн Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврын 2 дугаар бүлэгт заасан биет бус хөрөнгийн ангиллыг тус тус үндэслэсэн болно.

3. “МР” ХХК-аас нөхөн татвар 381.000.0 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актын хэсгийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө гэж шууд тогтоосон хэм хэмжээг хэрэглэлгүй, “эрх” хэмээн дүгнэж хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “МР” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 6762 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд актаар “татварыг дутуу суутгасан” гэсэн үндэслэлээр 562,093,100 төгрөгийн төлбөр тогтоожээ.

“МР” ХХК нь тусгай зөвшөөрлийн мэдээлэл худалдан авсны төлбөр гэж, “Ийст ресурс” ХХК-д 1,905,000,000 төгрөг шилжүүлэхдээ, татварыг 10%-иар тооцож, 190,500,000 төгрөг суутгасан байна. Эндээс нэхэмжлэгчийн тухайд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт зааснаар бусдад шилжүүлсэн орлогоос татвар суутган авсан, суутгагчийн үүрэгтэй холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс “биет бус хөрөнгө борлуулсан учир 10%-ийн татвар суутгах”, хариуцагчаас “эрх борлуулсан учир 30%-ийн татвар суутгах ёстой” хэмээн маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулахаар зохицуулжээ.

“МР” ХХК нь “Ийст ресурс” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд зөвхөн гэрээний нэрийг үндэслэн “эрх борлуулаагүй” гэж үгчилсэн тайлбар хийх боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдсан гэх боловч гэрээний 1, 6, 7 дахь заалтад хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр зохицуулсан байх тул уг гэрээгээр зөвхөн мэдээ, мэдээлэл худалдсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт зааснаар хайгуулын зөвшөөрөл нь ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичиг буюу үйл ажиллагаа явуулах эрх олгосон агуулгатай байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн “хайгуулын талбайн мэдээ, мэдээлэл нь ашигт малтмал эрх, хайх эрхтэй салшгүй холбоотой, талбайн мэдээлэл нь дангаараа хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “биет бус хөрөнгө борлуулсан” гэх гомдлын тухайд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “биет бус хөрөнгө” гэдэгт биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг ойлгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл оюуны үнэт зүйл, эзэмшигч этгээддээ ашиг өгөх эрх, шаардлага, мэдээлэл, оновчтой санал зэргээр логикийн хувьд биет бус хөрөнгө дотор эрхийн тухай ойлголт багтаж байна.

Тодруулбал биет бус хөрөнгө борлуулсны орлого нь өөрөө олон төрөлтэй байхаас хууль тогтоогчоос эрх борлуулсны орлогыг тусгайлан ялгаж, 30%-ийн татвар ногдуулахаар хуульчилжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт хайгуулын эрэл хайгуулын мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохоор зохицуулсан байна. Эндээс эрэл хайгуулын мэдээлэл нь өөрөө хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхтэй салшгүй холбоотой, зөвхөн мэдээлэл шилжих утгыг агуулаагүй, эрэл хайгуулын мэдээлэл шилжүүлсэн бол дагаж тусгай зөвшөөрөл шилжих агуулгатай байна.

Энэ байдал нь талуудын хооронд байгуулсан Тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх бөгөөд уг гэрээгээр хайгуулын талбайн мэдээлэл болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр талууд тохиролцсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “эрх борлуулаагүй” гэх тайлбар няцаагдаж байна.

Эрэл хайгуулын мэдээ, мэдээллийг худалдаж авсан этгээд нь зөвхөн энэ хүрээгээр хязгаарлагдахгүй юм. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд эрэл хайгуулын мэдээлэл худалдан авсан этгээд нь түүнийгээ ашиглахын тулд ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг захиргааны байгууллагаас авсан болох нь Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 942 дугаар шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл зэргээр тогтоогдов.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн эрхийг эдлэх субьект болдог, гэрээний үндсэн дээр эрхийг олж аваагүй” гэх гомдлын тухайд:

Шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл нь эрх олгосон баримт бичиг болохын хувьд эрх борлуулсны орлогод хамаарах тухай дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтыг үгүйсгээгүй болно. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг гэрээгээр биш захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлнэ.

Ашигт малтмалын газраас зөвхөн өөрийн чиг үүрэгт холбогдуулан шилжүүлэн авч байгаа этгээд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, зохих албан татвар төлсөн эсэхийг шалгах ба Татварын байгууллагаас төлбөл зохих татварын хэмжээг тогтоох чиг үүргийн хүрээнд талуудын байгуулсан гэрээг үндэслэн эрх борлуулсан гэж, акт тогтоосон нь Ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрөл шилжүүлэх шийдвэр гаргах ажиллагаанаас тусдаа асуудал юм.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “Ийст ресурс” ХХК-д орлого шилжүүлэх үед тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тухай захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байсан боловч энэ байдал нь “эрхийг борлуулаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй,  татварын хуулиар тусгайлан зохицуулсан, захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа эрхлэх эрхийг шилжүүлж, эрх борлуулсан нөхцөл үүссэн тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

Иймээс нөхөн татвар 381,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээд төлөх үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс “татварын байцаагч нь зөвхөн нөхөн татварыг суутган төлүүлэх эрхтэй, хариуцлага хүлээлгэн торгууль алданги оногдуулсан нь буруу” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт зааснаар төсөвт төлөөгүй татварыг нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол торгууль, алданги хүлээлгэхээр зохицуулсан. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд татвар ногдох орлогыг нуусан үйлдэл гаргаагүй тул  торгууль 114,300,000 төгрөг, алданги 66,793,100 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Ц.СУМЪЯА      

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ