Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 08

 

2017 оны 4 сарын 27 өдөр           Дугаар 127/ШШ2017/0008                                      Хэнтий аймаг


Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 127/2017/0005/З

    Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа би: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Г.Ариунболорын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох, Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн эрхэлж байсан албан тушаал болох Техник технологи, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал дээр цалин бууруулахгүйгээр эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг өмнө ажиллаж байсан цалингийн сүлжээ, шатлалын дагуу тооцож гаргуулах тухай захиргааны хэргийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Г.Ариунболор тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие ...2013 оны 6 дугаар сараас Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газарт Техник технологи, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн болно.
    Уг тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 17-нд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан боловч 2017 оны 02 дугаар сарын 20-нд намайг нэг удаа дуудаж тайлбар авсан. Одоо болтол ямар нэгэн шийдвэр өгөөгүй тул шүүхэд хандаж байна.
    ...С.Мөнхцэцэг нь Боловсрол, соёлын газрын бүтцийг гаргаж, аймгийн Засаг даргын захирамж гарсан ч Боловсрол, соёл, урлагийн газрын шинэ бүтцэд миний хариуцаж байсан ажлын чиг үүрэг хэвээр байсаар байтал Төрийн албаны тухай хуулийн 23.4-ийг үндэслэн намайг ажлаас чөлөөлж, өөр хүн шинээр авсан нь хууль бус үндэслэл болсон гэж үзэж байна.
    ...дарга С.Мөнхцэцэг нь дээрх тушаалаараа орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлж, Тэмүүжин цогцолбор сургуулийн мэдэлд шилжүүлэхээр заасан нь хууль бус гэж үзэж байна. Тэмүүжин цогцолбор сургуульд одоогийн байдлаар мэргэжлээрээ ажиллах ажлын байр буюу орон тоо байхгүй.
    Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би жирэмсэн бөгөөд ажлаас халах тушаал гарах үед 4 сартай жирэмсэн байсан.
    ...Иймд Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг өмнө ажиллаж байсан цалингийн сүлжээ, шатлалын дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.
    Нэхэмжлэгч Г.Ариунболор нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.
    1. Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарыг дуустал өмнө ажиллаж байсан цалингийн сүлжээ, шатлалын дагуу цалинг тооцож, ... нийт 3 278 576 төгрөг,  
    2. Нийгмийн даатгалд 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын сайн дурын даатгалын шимтгэлд төлсөн төлбөр ... 432000 төгрөг, нийт 3 710576 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
    Хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.Ариунболор нь дүрслэх урлаг, дизайны мэргэжилтэй, ажлын байрны шаардлагыг хангадаггүй, ажилласан жилийн шаардлагыг ч зөрчдөг зэрэг дутагдал бий. Г.Ариунболорт сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн боловч үл тоон ямар ч шийдвэр гарган ярилцлага өрнүүлээгүй. Хэд дахин уулзсаны эцэст өөрөө Тэмүүжин цогцолбор сургуульд очиж ажиллая гэж шийдсэн тул ажлын байрыг шилжүүлсэн. Тэмүүжин цогцолбор сургуульд ажиллах ажлын тушаал гарч цалинг бууруулахгүйгээр олгохоор санал солилцсон байсан.
    Тэмүүжин цогцолбор сургуульд ороогүйг мэдээд би дуудаж уулзсан ч шийдэлд хүрээгүй, “Тантай хамт байхад миний бие өвддөг” гээд гарсан. ...Миний хувьд жирэмсэн эмэгтэйг ажилгүй болгох хохироох ямар ч бодол агуулаагүй. Ажил сайжруулахын тулд л асудал шийдсэн болно. Ер нь багш хүн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүн өөрийнхөө гаргасан шийдвэрт үнэнч байх, шийдвэр гаргах чадвартай байх ёстой гэж боддог. Гэхдээ би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч ажил албанд нь эргүүлэн авахаар шийдвэрлэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Г.Ариунболор нь Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газарт Техник технологи, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    Нэхэмжлэгч Г.Ариунболор нь Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гагуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5/29 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Г.Ариунболорыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус байгууллагын мэргэжилтнээр томилсон байна.
    Нэхэмжлэгч Г.Ариунболор нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, ажилгүй байсан хугацааны цалингаа 2017 оны 1-4 дүгээр сараар тооцож, нийт 3 278 576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаас гадна ажилгүй байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсний 432000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
    Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөл байдлаар эвлэрч энэ тухай шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
1.    Хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч Г.Ариунболорыг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан боловч Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгч Г.Ариунболорыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Техник технологи, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох боломжгүй ба нэхэмжлэгч Г.Ариунболор нь одоо жирэмсний амралтаа авч байгаа тул амаржаад ажилдаа орох үед нь бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэргэжлийнх нь дагуу ажил, албан тушаалд ажиллуулах
2.    Нэхэмжлэгч Г.Ариунболор нь ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 1-4 сараар тооцож нийт 3 278576 төгрөг нэхэмжилснээс 1311644 төг /хоолны мөнгө болох 496000 төг, 4 сарын цалингийн 655644 төг/, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 1-4 дүгээр сард сайн дураар төлсний 432000 төгрөг, нийт 1583644 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, одоо 2126932 төгрөг гаргуулах
3.    Хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газар нь нэхэмжлэгч Г.Ариунболорын ажилгүй байсан хугацаа болох 1-3 дугаар сарын цалингийн 1 966932 төгрөгийг олгохдоо холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах тул нэхэмжлэгч Г.Ариунболор ниймгийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсний тооцоог Нийгмийн даатгалын хэлтэстэй жич хийхээр тогтжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Ариунболор, хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг нар нь дараах нөхцөл байдлаар тохиролцож, эвлэрсэн тул тэдгээрийн эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
а/ Хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч Г.Ариунболорыг амаржаад ажилдаа орох үед нь бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэргэжлийнх нь дагуу ажил, албан тушаалд ажиллуулах
б/ Нэхэмжлэгч Г.Ариунболор нь нийт 3710576 төгрөг нэхэмжилснээс 1583644 /нэг сая таван зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, одоо 2126932 /хоёр сая нэг зуун хорин зургаан мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах
в/ Хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газар нь нэхэмжлэгч Г.Ариунболорын ажилгүй байсан хугацаа болох 1-3 дугаар сарын цалингийн 1 966932 төгрөгийг олгохдоо холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах тул нэхэмжлэгч Г.Ариунболор ниймгийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсний тооцоог Нийгмийн даатгалын хэлтэстэй жич хийхээр тохирсон болно.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ариунболорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээж, хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Ариунболорт  олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА