Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ, ХХХ, ХХХ нарт холбогдох,

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 070 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Насанд хүрээгүй, 13 настай ХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн подвол дотор миний хүү ХХХХ-ын нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан тул ХХ миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Тус цагдаагийн хэлтсээс прокурорын хяналтад шилжүүлснийг Дүүргийн 1 дүгээр прокурорын газар хянаад 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 710 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоолд “...насанд хүрээгүй ХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ... тус сургуулийн 7а ангийн сурагч насанд хүрээгүй ХХХХ-ын нүүрэн тус газар цохиж улмаар хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь тайлбарууд, шүүх эмнэлгийн 5918 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа боловч ХХХ нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх субъектийн насанд хүрээгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай...” ... “...ХХ нь насанд хүрээгүй ХХХХХ-д учирсан гэм хорын хохирол, төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар насанд хүрээгүй ХХХийн төрсөн эцэг ХХХ, эх

 

ХХХ нараас нэхэмжлэх эрхтэй...” гэж дурдсан.

Бидний зүгээс хохирол учруулсан ХХХийн хууль ёсны төлөөлөгчөөс миний хүүгийн эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 3 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч  бидэнд ямар ч төлбөр төлөөгүй. Харин 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус сургуулийн захиргаа болон 7а, 7г ангийн зүгээс хүүгийн эмчилгээнд 2 000 000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Энэ асуудалд мөн Нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн захиргаа ч мөн буруутай гэж үзэж байна. Учир нь тухайн зодоон сургуулийн дотор болсон бөгөөд сургууль дотор дэг журмыг сахиулах нь сургуулийн үүрэг ба сургуулийн захиргааны зүгээс зодоонд оролцсон хүүхдүүдийн эцэг, эхээс нь 2 000 000 төгрөгийг гаргуулж надад өгснийг би сүүлд ойлгосон болно.

Иймд Нийслэлийн 5 дугаар дунд сургууль, иргэн ХХХ, ХХХ нараас миний хүү ХХХХ-ын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 1 000 000 төгрөгийг, тэдгээрийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 070 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар сургуулийн ХХ ангийн сурагч ХХХХ тус сургуульд суралцаж байх үедээ сурагч ХХХийн нүүрэн тус газар цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан асуудал үүссэн. Энэ нь сургуулийн орчинд үйлдэгдсэн тул сургуулиас гэм хороо гаргуулахаар нэхэмжлэгч нар шаардсан нь үндэслэлгүй. Манай сургууль дотоод журмын хүрээнд дэг журмыг сургуулийн орчинд мөрдөж ажиллаж хэвшсэн. Сурагчдын байнгын үйл хөдлөл, сэтгэл санаа, хоорондын харилцааны хувьд сургуулийн захиргаа, аль нэгэн багш байнгын хяналт тавих боломж хомс юм.

2015оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ХХХХХ 710 дугаартай прокурорын тогтоол гаргаж, түүндээ иргэний нэхэмжлэгчийг өөрт учирсан гэм хороо "иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар насанд хүрээгүй ХХХийн төрсөн эцэг ХХХ, эх ХХХ нараас нэхэмжлэх" эрхтэй гэж нотлох баримт түшиглэн шийдвэрлэсэн байна. Нөгөө талаар гэм хор учруулсан этгээд нь 5 дугаар сургууль гэсэн хуулийн этгээд биш болохыг прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөхөн төлбөрийн энэ мөнгө гэм хорыг арилгах хэмжээнийх байгаагүй гэдгийг нотлоогүй. Мөн 2 000 000 төгрөгийг, хохирсон хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад хэдэн хувийг хэрхэн зарцуулсан талаар нэхэмжлэгч нотлох ёстой. Хуульд зааснаар учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөгийн гэм хор учирсан болохоо, мөн хохирогч хүүхдийн эрүүл мэндийн хэвийн байдалд зарцуулсан мөнгөний зарцуулалтын баримтыг хариуцагч нарт нотлох баримтаар огт үзүүлээгүй атлаа өөрийн дур зоргоор мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иймд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар сургууль нь хэн нэгэнд ямар нэгэн гэм хорыг учруулаагүй бөгөөд энэ маргааны хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.2-д заасныг баримтлан хариуцагч ХХХ, ХХХ, ХХХ нараас 1 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХХээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 250 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийддвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шударга бус шийдвэр гаргалаа.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан ХХХ, ХХХ, ХХХ нарыг хариуцагчаар татан 1 070 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад зөвхөн нэг хариуцагч буюу 5 дугаар сургуулийн гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Бусад хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Хариуцагч ХХХ, ХХХ нар нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хуулийн хугацаанд нэг ч тайлбар өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас эмчлүүлсэн зардал, бусад зардлыг хангалттай нотолж байсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж ХХХийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдлийг тогтоосон, хохирогч ХХХХ-ын зүүн нүдний ухархай хугарч, шанааны яс цөмөрсөн, мөн хамар нь муруйсан, эдгээр гэмтлүүдийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтуудын аль нь хэрэгт ач холбогдолтой, аль нь холбогдолгүй гэдгийг нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэх, үнэлэхгүйгээ шийдвэрлэх байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ, ХХХ, ХХХ нарт холбогдуулан насанд хүрээгүй хүүхдийнхээ эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 070 200 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн өдрийн 101/ШЗ2016/14317 дугаартай, шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

/хх-ийн 1-2, 17 дугаар тал/

 

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч ХХХ, ХХХ нарт дээрх нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг нэгэн зэрэг явуулжээ.

/хх-ийн 19-26 дугаар тал/

 

Нэр бүхий хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хугацааг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр тогтоосон, шүүх хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлосон, хариуцагч нар шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүх шийдвэртээ “зохигчдын эрхийг хязгаарлаагүй, боломжит хугацаа олгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч эсэргүүцээгүй гэж үзэх үндэслэл бий болсон” гэж дүгнэжээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал шинээр нотлох баримт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 138, 140 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

/хх-ийн 62-63 дугаар тал/

 

Дээрх ажиллагаанаас үзвэл анхан шатны шүүх хариуцагч ХХХ, ХХХ нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангасан, улмаар талуудын тэгш байдал, тэдгээрийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, эрх үүргийг танилцуулж, хариу тайлбар, нотлох баримтаа гаргах боломжит хугацаа олгосны үндсэн дээр шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр товлох, улмаар шүүх хуралдааныг явуулах ажиллагаа бүрийг хэлбэрийн хувьд баримтжуулсан байхаас гадна цаг хугацаа, агуулгын хувьд талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх боломжийг олгосон байх учиртай.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА