Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 355

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, 4 улирлын цэцэрлэг, Стадион оргил гудамж, С-1 байр, 406 тоотод оршин суух, Гоц гойд овогт Лувсандашийн Ариунаа /регистрийн дугаар ЦВ73110662/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 7 байр, 68 тоотод оршин суух, Өөлд Дагдан бэйс овогт Очирын Дэлгэрмаа /регистрийн дугаар ЧЛ77100707/-д холбогдох
        
            12,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Боролдой, хариуцагч О.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Л.Ариунааг төлөөлж Э.Боролдой шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ариунаа 2014 оны 10 сарын 10-ны өдөр О.Дэлгэрмаад сарын 5 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийг 2015 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл зээлсэн боловч түүний хүсэлтээр 2015 оны 6 сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 1 жилээр буюу 2016 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 10-ны өдөр дууссан бөгөөд 18 сарын зээлийн хүү, үндсэн зээл 9,238,992 төгрөг болж байна. 
Иймд зээлийн гэрээний үүрэг 9,238,992 төгрөг, алданги 3,372,000 төгрөг нийт 12,610,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч О.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие 2014 оны 10 сарын 10-ны өдөр Л.Ариунаагаас 6,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжилж байгаа 12,610,000 төгрөгийн үндсэн 6,000,000 төгрөгийг өөрийн боломжоор төлж барагдуулна. Шууд бэлэн гаргаж өгөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:
     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 
  
            Нэхэмжлэгч Л.Ариунаа хариуцагч О.Дэлгэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,238,992 төгрөг, алданги 3,372,000 төгрөгийг нийт 12,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч О.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эдийн засгийн хүндрэлээс болоод алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Л.Ариунаа хариуцагч О.Дэлгэрмаад 2014 оны 10 сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Талууд  2014 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний сунгалтын гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. 
Хариуцагч О.Дэлгэрмаа зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэж маргахгүй байна.    
    Хариуцагч нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, жилийн зээлийн хүүгийн төлбөрт 7,200,000 төгрөг, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна. 

      Нэхэмжлэгч Л.Ариунаагийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,238,992 төгрөг, алданги 3,372,000 төгрөгийг нийт 12,610,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч О.Дэлгэрмаа алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй. Энэ талаарх баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч алданги багасгах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:    
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Дэлгэрмаагаас 12,610,000 /арван хоёр сая зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ариунаад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Дэлгэрмаагаас 217,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Л.Ариунаад олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ