| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2022/02574/И |
| Дугаар | 210/МА2024/00170 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/00170
2024 01 22 210/МА2024/00170
Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02514 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Гантигхаус” ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барилгын арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь чанар стандартад нийцсэн арматурыг заасан тоо хэмжээгээр графикийн дагуу хугацаанд нь худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь нийт 76,623 тн арматурын үнэ болох 137,921,500 төгрөгийн төлбөрт бартерийн зүйл болох 3 өрөө орон сууц болон автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн.
1.2. Нэхэмжлэгч дээрх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэж хариуцагчийн хүсэлтээр бартерийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Ариунзулын нэр дээр шилжүүлсэн, нэхэмжлэгч нь М.Ариунзултай эрх зүйн харилцаа үүсгээгүй шилжүүлсэн. “Гантигхаус” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нь энэ талаар тухайн үед нь шаардсан боловч биелүүлээгүй.
Иймд гэрээнээс татгалзаж, хариуцагч талд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байр, 42 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэгдсэн 74,67 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрших улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. М.Ариунзул нь Э.Оюунсүрэн гэх хүнийг 2018 оны 08 дугаар сарын орчимд “Гантигхаус” ХХК-ийн захирал Д.Мөнх-Очирт танилцуулсан. Улмаар Э.Оюунсүрэн нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Ариунзулд шилжүүлж, М.Ариунзул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны дараагаар арматурын төлбөрийг урьдчилан төлж, “Гантигхаус” ХХК арматур нийлүүлэхээр тохиролцсон.
2.2. “Гантигхаус” ХХК-ийн захирал Д.Мөнх-Очир нь Э.Оюунсүрэнг танихгүй, танилын болон ажил хэргийн харилцаагүй. Э.Оюунсүрэнгийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа бол “Гантигхаус” ХХК хүлээн зөвшөөрнө.
2.3. Гэтэл нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх хөрөнгө “Гантигхаус” ХХК-д байхгүй, харин М.Ариунзулын өмчлөлд байгаа тул хариуцагчийн зүгээс хөрөнгийг буцаан шилжүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Мөн М.Ариунзул гэрчээр мэдүүлэхдээ авна гэвэл өгнө, асуудалгүй гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч нь М.Ариунзулаас хөрөнгийг шаардах ёстой.
2.4. Тухайн хөрөнгийг өгч байгаа этгээд нь хөрөнгөө буцааж шаардахаас өөр этгээд түүний өмнөөс хөрөнгийг шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг баримтлан Э.Оюунсүрэн, “Гантигхаус” ХХК нарын хоорондох 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг буцаан авах тухай нэхэмжлэгч Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нь “гэрээнээс татгалзсан” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хэдий ч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай хариуцагчийн үйлдлийн улмаас эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөө буцаан авах шаардлагыг хангаагүйг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хариуцагчийн буруутай талаар хэрэгт цугларсан баримтуудыг харилцан хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвөөр үнэлж дүгнэсэн атлаа хариуцлага хүлээлгэсэнгүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчийг үүргээ биелүүлэхийг хангалттай хугацаанд хүлээж, хохирсоор байхад хариуцагч нь үүргээ биелүүлээгүй.
4.2. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан нь шударга бусаар олж авсан зээлийн хөрөнгө гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, дээрх зээлийг үүсгэхээс өмнө тухайн зээлийн барьцааны хөрөнгийг хууль бусаар, шударга бусаар олж авсан гэж үзээд нэхэмжлэгч Р.Оюунсүрэнгийн зөрчигдсөн эрхийг сэргээж, төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг буцааж гаргуулах боломжтой гэж үзэж байна.
Иймд, дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02514 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Э.Оюунсүрэн нь хариуцагч “Гантигхаус” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Э.Оюунсүрэн, “Гантигхаус” ХХК нар нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “Гантигхаус” ХХК нь Хятад Улсын Бугатын үйлдвэрт үйлдвэрлэсэн Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн 76.623 тн арматур төмрийг Э.Оюунсүрэнгийн өмчлөлд шилжүүлэхээр, Э.Оюунсүрэн нь тонн тутамд 1,800,000 төгрөгөөр тооцон нийт үнэ 137,921,500 төгрөгийг бэлэн бус хэлбэрээр төлөх буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71 дүгээр байрны 42 тоот 74,67 мкв талбайтай гурван өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71 дүгээр байрны зоорийн давхрын 3 тоотод байрлах 19 мкв талбайтай автозогсоол зэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг байгуулж, “Гантигхаус” ХХК-ийн ажилтан М.Ариунзулын нэр дээр шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 6-8/
4. Талуудын маргаж буй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71 дүгээр байрны 42 тоот 74,67 мкв талбайтай, 3 өрөө орон сууц болон 71 дүгээр байрны зоорийн давхрын 03 тоот хаягт байрлах автозогсоолын өмчлөгч нь иргэн О.Марал байна. Тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхээ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу М.Ариунзулд шилжүүлжээ. /хх97/ Нэхэмжлэгч Э.Оюунсүрэн нь иргэн О.Маралыг өөрийн охин гэж тайлбарласан байна.
4.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Гантигхаус” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тохиролцсон арматурыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, хөрөнгийг хариуцагчийн хүсэлтээр М.Ариунзулын нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Э.Оюунсүрэн нь М.Ариунзултай эрх зүйн харилцаа үүсээгүй ...” гэж, хариуцагч “Гантигхаус” ХХК нь “... гэрээнээс татгалзсныг зөвшөөрнө, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн этгээдээс шаардах нь зүйтэй, ... өмчлөгч биш учир өмчлөх эрхийг Э.Оюунсүрэнд шилжүүлэх боломжгүй, ... компанид хамааралгүй ..., үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч О.Марал нь ээж Э.Оюунсүрэнд шаардах эрхийг итгэмжлэлээр олгосон гэж үзэхгүй...” гэж тус тус тайлбарлан, талууд маргажээ. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бодитоор Э.Оюунсүрэн эзэмшиж байгаа гэдэгт талууд маргаангүйн гадна гэрч М.Ариунзул үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэж мэдүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагаа буюу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, талуудын тайлбартай холбогдон нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
5.1. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, түүнчлэн хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулаагүйгээс маргааны үйл баримттай холбогдон шүүхэд хүсэлт гаргах эрхээ эдэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний хүрээнд О.Маралаас М.Ариунзул руу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн байхад үүнтэй холбогдуулан эдгээр этгээдүүдийг уг хэрэгт хамтран нэхэмжлэгч, хариуцагчаар оролцуулах эсэхийг анхан шатны шүүх зохигчоос тодруулалгүй орхигдуулжээ.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,757 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД