Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00358

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б- ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч:  “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,880,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, амралтын  олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б- түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7662 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 1708 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/001/73 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж “Б” ТӨҮГ нь 2016 оны 6 сарын 08-ны Б/64 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2015 оны 6 сарын 02-ноос 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл 5 сар 6 хоногийн цалин 3,704,347 төгрөгийг олгосон. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2016 оны 6 сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69,1 дэх хэсэгт зааснаар 6 сар 21 хоногийн цалин 4,880,025 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэх, 2015 оны 6 сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 55 дугаар зүйлийн заалтыг үндэслэн ээлжийн амралтын олговорт 580,341 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа; Н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн дагуу шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7662 тоот шийдвэр, мөн хариуцагчийн давж заалдсанаар Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 001/ХТ/2016/001/73 тоот тогтоол гарсныг хариуцагч тал хэрэгжүүлсэн. Н.Б-тай 2016 оны 5 сарын 12-ны өдөр уулзаж харилцан тохиролцож “Б” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 6 сарын 08-ны өдрийн 6/64 тоот тушаалаар Хүний нөөц, нийгмийн ажилтны орон тоонд ажиллуулах шийдвэр гарч, Дээд шүүхийн 7662 тоот шийдвэрээр тогтоосон 5 сар 6 хоногийн цалин 3,704,347 төгрөгийг олгосон. Дээрх шүүхийн шийдвэрээр олгосон 3,704,347 төгрөгнөөс Н.Б-ын 2015 оны 6 сард ажлаас гарахдаа тооцуулан авсан 580,341 төгрөгийн ээлжийн амралтын олговорын мөнгийг хасч тооцоогүй байна. Иймд шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7662 тоот шийдвэр буруу гарч үнийн дүн зөрүүтэй тул дахин хянаж үзэхийг хүсч нэхэмжилнэ. “Б” ТӨҮГ-ын бүтэц орон тоонд Батлан хамгаалах Сайдын 2015 оны 7 сарын 16-ны өдрийн А/208 тоот “Орон тоо батлах тухай” тушаалаар өөрчлөлт орсон. Уг бүтцээр “Хүний нөөцийн мэргэжилтэн” гэсэн орон тоо байхгүй болсон ба нэхэмжлэгч Н.Б-ын ажлын байр, цалингийн сан байхгүй болсон тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 2015 оны 12 сар, 2016 оны 1-5-р саруудын цалин, ээлжийн амралтын олговор 4,880,025 төгрөгийг олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд Н.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулж урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,880,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ээлжийн амралтын  олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Хүний нөөцийн ажилтны орон тоо, цалингийн сан хасагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ

Нэхэмжлэгч Н.Б-ын “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 6 сарын 02-ны өдрийн А/50 тоот тушаалыг хүчингүй болгож, Хүний нөөцийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 1708 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/00173 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Н.Б- ажилдаа орохоор хүсэлт гаргасан боловч ажилд авахгүй байсаар 2016 оны 6 сарын 08-ны өдрийн 6/64 тоот тушаалаар хариуцаж байсан ажил үүрэгт нь эгүүлсэн томилсон /хх-ийн 5 талд/ байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
Хяналтын шатны шүүхийн 001/ХТ2016/00173 дугаар тогтоолд нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 701,705 төгрөгөөр тооцож тогтоожээ.
Нэхэмжлэгч Н.Б-ыг “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн 2015 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 сарын 08-ныг хүртэлх 6 сар 18 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,822,230 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 57,795  төгрөгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Ээлжийн амралтын  олговор гаргуулах тухайд:
         Нэхэмжлэгч Н.Б- шүүх хуралдааны үед ээлжийн амралтын олговорт 580,341 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
         Ажилтныг буруу халсны улмаас ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохоор зохицуулсан нь мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан ээлжийн  амралтыг нэхэмжлэгч Н.Б-д ажиллаагүй буюу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд ээлжийн амралтын хоногийг  тооцож  биечлэн эдлүүлэх, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар ээлжийн амралтын олговорт 580,341 төгрөг гаргуулах олгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 07 сарын 21-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,822,230 /дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,795 төгрөгт холбогдох хэсгийг, ээлжийн амралтын олговорт 580,341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасугай. 
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Б” Төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 92,106 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай. 
 
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ