Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00204

 

 

 

 

 

 

 

2024 01 26 *******0/МА2024/00204

 

 

Л.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

*******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох,

 

43,624,612.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Л.******* нь ******* ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарыг 31-ний өдрийг хүртэл ерөнхий аудиторын албан тушаалд ажилласан.

1.2. Хариуцагч ******* ******* ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 тоот тогтоолоор нэхэмжлэгч Л.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд Л.******* нь мөн сарын 06-ны өдөр танилцсан.

1.3. ******* ******* ХХК-тай 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн үлдэгдэл 29,083,075 төгрөг болохыг актаар баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.4. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч компанийн хаягийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгосон.

1.5. Иймд ******* ******* ХХК-аас нэхэмжлэгч Л.*******од олгогдоогүй цалингийн үлдэгдэл 29,083,075 төгрөг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар тооцсон алданги 14,541,537.5 төгрөг, нийт 43,624,612.5 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Т.******* миний бие 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч ******* Трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, одоог хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар миний нэр бүртгэлтэй байдаг. Гэвч миний бие 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ******* Трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдөж, үйл ажиллагаанд нь оролцоогүй.

2.2. Ажил олгогч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр дурдсан хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тухайн үед ******* Трейд ХХК-ийн толгой компани болох Нүүдэлчин групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Ш.Бүтэдэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр гүйцэтгэх удирдлагын албан тушаалаас бүрэн чөлөөлөгдөж тус компанийн тамга, тэмдэг, бүх холбогдох баримт, бичгийг хүлээлгэн өгсөн.

2.3. Гэтэл хариуцагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нар нь дараагийн гүйцэтгэх удирдлагыг томилж Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүйгээс болж шүүхийн ажиллагаанд намайг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд мэтээр буруу ойлголтыг төрүүлж байна.

Иймд миний бие ******* Трейд ХХК-ийг төлөөлөн оролцох эрхгүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 43,624,612.5 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 376,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

*******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, тус иргэний хэрэгт хариуцагчид эрх, үүрэг танилцуулаагүй, хариу тайлбар авагдаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой ажиллагаа хийгдээгүй. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.

4.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 43,624,612.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* ******* ХХК-тай 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн үлдэгдэл 29,083,075 төгрөг болохыг актаар баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй... гэж тайлбарласан байна.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

3.1. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэн, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагч ******* ******* ХХК-ийн оршин байгаа газрын хаягаар явуулсан байна.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон *******-******* дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөөний гудамж, ******* байр, ******* тоот хаягт хариуцагч ******* ******* ХХК бүртгэлгүй гэсэн тодорхойлолт *******-******* дүүргийн ******* хорооны Засаг даргаас шүүхэд ирүүлжээ. /хх29, 30/

3.2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал асан гэх Т.******* нь тус компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд төлөөлөх эрхгүй, нэхэмжлэл гардан авах боломжгүй, хувьцаа эзэмшигч нар гүйцэтгэх удирдлагыг томилж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

3.3. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлий ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа баримтаас үзвэл, ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Т.******* бүртгэлтэй байна. Гэхдээ газраас 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдөр хориг тавьсан тэмдэглэгээ байх тул Т.*******ын тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

3.4. Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримт болох ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 00/02 дугаар Ажлаас чөлөөлөх, томилох тухай тогтоолыг шүүхэд гарган өгчээ.

3.5. Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг явуулсан буюу хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгсөн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,074 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

Ч.ЦЭНД