| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0031/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/28 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/28
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Х.Г,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н-ийн Н-т холбогдох эрүүгийн 1917000340025 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Н /РД:ИК90060219/, Завхан аймгийн Сантмаргац суманд 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 4-66 тоотод оршин суух, “Ус-Ду” ОНӨААТҮГазарт зуухны машинист ажилтай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.Н нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5-4-66 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Ц.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Н нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 4-66 тоотод гэртээ эхнэр Ц.А-тай манай дүүг уурлуулсан байна гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ажлын газрын ах манайд очоод шинэлээч гэхээр нь хамт явсан. Тэднийд 8 цагийн үед очоод 2 шил 0,5 хэмжээтэй архи уугаад 10 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Тэр үед би тасарсан байсан. Маргааш нь эхнэрээсээ асуусан чинь ийм зүйл болсон гэсэн. Тэр үеийн зарим хэсгийг санаад, зарим хэсгийг нь санахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг өнгөрч байхад манай нөхөр нилээд архи уусан гуйваж найгасан байдалтай гэртээ орж ирээд чи манай дүү Э-г уурлуулсан байна гэх утгатай зүйл яриад надаас хэрүүл нэхээд байхаар нь би өөдөөс нь надад тийм зүйл байхгүй гэж хэлтэл уурлаад босч ирээд миний зүүн хацар орчимд гараараа 2 удаа алгадсан. Би нөхрийгөө тайвшруулах гээд аргадсан. Н тайвширахгүй намайг элдэв бусаар хэлээд байсан. Мөн намайг 1 удаа гараараа багалзуурдаад, 2-3 удаа миний нүүр орчимд гараараа цохисон. Тэгэхээр нь би өөрийнхөө төрсөн эгч болох О-ийг утсаар дуудсан. Манай эгч О ирээд Н-ийг тайвшруулах гэсэн орилж чарлаад эгч бид хоёрын өөдөөс дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан зүүн хацар, баруун нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт гэмтлийг манай нөхөр Н надад учруулсан. Надад ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/
1.3. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэртээ унтаж байтал манай дүү А над руу утсаар яриад манай нөхөр Н согтуу ирээд надтай муудалцаад унтахгүй байна. Та ирээд унтуулаад өгөөч гэхээр нь би гэрт нь яваад очсон. Насандэлгэр том өрөөндөө шалан дээр суучихсан байж байсан. А орон дээрээ уйлаад сууж байсан. Би Н-т хандаад миний дүү одоо унтаж амар гэхэд үгэнд орохгүй байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Н өөрийнхөө үйлдлийг бараг мэдэхгүй болтолоо согтсон байсан. Миний хажууд зодож цохисон зүйл байхгүй. Сүүлд нь сонсож байхад намайг ирэхээс өмнө Н А-ийг 2 удаа алгадсан гэж мэдсэн. Намайг очиход А-ийн баруун хацар нь улайсан байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Маргааш нь А-ийн нүүр орчимд хөхөрсөн байсан. Урьд нь Ариунбайгалийг зодож цохиж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
1.4. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А-ийн биед учирсан зүүн хацарт, баруун нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
1.5. Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар дүгнэлтэнд: Ц.А-ийн биед зүүн хацарт, баруун нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 23 хуудас/
1.6. Аюулын зэргийн үнэлгээний маягт /х.х-ийн 6-7 хуудас/
1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 8-10 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.А-ийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, Н уучлалт гуйсан. Н-тэй сайн дураараа эвлэрсэн. На-ийн хувьд дуу цөөтэй, томоотой зантай, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг хүн. Ер нь ажил голохгүй хийдэг, үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг, эрүүлдээ элдэв янзын ааш байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/
2.2. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Насандэлгэрийн хувьд төлөв томоотой, хүнтэй хэр барагтай дугарахгүй, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг, хүний хэлсэн үгийг сайн хүлээж авдаг хүн. Гэр бүлдээ миний харсанаар анхаарал халамж сайн тавьдаг гэж боддог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
2.3. Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Насандэлгэр ахын хувьд хүнтэй их нийтэч харилцаатай, их тайван, уур уцааргүй хүн. Хамт ажиллаж байх хугацаанд өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг, хүнд их тусархуу, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байхгүй мөрөөрөө ажлаа хийгээд явдаг. Би архи ууж байхыг нь хараагүй. Хөндлөнгөөс харж байхад гэр бүлдээ халамж анхаарал сайтай байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 47 хуудас/
2.5. Говьсүмбэр аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний “Ус-Ду” ОНӨААТҮГазрын тодорхойлолт /х.х-ийн 61 хуудас/
2.6. Мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 63-66 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Н-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА