Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0095/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                 Г.О

Улсын яллагч                                                              Т.Б

Шүүгдэгч                                                                      Г.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б-с Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г.М-т холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 2-10 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц.А-н нүүрэн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.А-н өгсөн:..Би нөхөр хүүхдийн хамт Хэрлэн сумын 2 дугаар багт амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр найзтайгаа уулзсан гээд гадуур ганц нэг юм уугаад тэр өдөр гэртээ ирж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би ажилтай байсан болохоор 08 цагийн үед ажил руугаа яваад өгсөн. Манай хүн ч гэртээ унтаад үлдсэн. Тэгээд тэр намайг ажил дээрээ байж байхад над руу залгаад гадуур найзтайгаа юм хөөцөлдөөд явж байна гээд жоохон уучихсан байдалтай ярихаар нь би нээх тоогоогүй утсаа тасалсан. Тэгээд би орой нь 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай хүн хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авчихсан хүүхдүүд маань гэртээ байж байсан. Манай хүн хажуу айлд орчихсон сууж байхаар нь би хажуу айл руу ороод чи ууж идээд байхаараа яадаг юм ууж идэх чинь хэтэрч байгаа юм биш үү гээд хэдэн үг хэлчихээд нөхрийгөө дагуулаад гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ ороод цай хоолоо хийгээд сууж байхад манай хүн жоохон үглээд өдөр нь уусан найзтайгаа жоохон түр тар хийсэн юм шиг байна лээ. Нөгөө найзыгаа миний өгч явуулах авдарыг аваад явчихгүй гээд үглэж байснаа над руу үг нь хандаад чи дандаа охиноо өмөөрч эрхлүүлдэг, танай эгч чинь хүртэл миний амьдралд оролцдог гичий нар биздээ гэж хэлэхээр нь би гэнэт уур хөдлөөд чи яахаараа гичий энэ тэрээр нь дууддаг юм гээд нөхрийг зуухны хойно сууж байхаар нь мөрөн дээр нь цохьсон чинь манай хүн цай ууж байсан стканаараа миний нүүр рүү шууд цохиод авсан. Тэгээд миний баруун нүдний хөмсөгнөөс цус гарахаар нь би шууд цагдаа дуудаад эмнэлэг дээр ирж зүүн нүднийхээ хөмсгөн дээр 3 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/

Яллагдагч Г.М-н өгсөн: ...  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай найз Даваадэлэг манайд ирээд гадуур хамт гарч юм хунар харъя гэхээр нь би хамт гадуур гарсан. Тэгээд бид хоёр гадуур гарч морины тэжээл энэ тэр  авчихаад бид хоёр 2.5 литрийн пиво 2 ширхэгийг аваад Даваадэлэгийн машинд 1 пивийг нь би ганцаараа уусан. Даваадэлэг машин барьж байгаа гээд пиво уугаагүй. Тэгээд Даваадэлэг намайг манай гэрийн гадаа буулгахад нь би үлдсэн нэг пиво аваад гэрийнхээ гадаа буусан. Тэгээд гэртээ ороод Даваадэлэгийн машинаас авч буусан 2.5 литрийн боргио пиво гэртээ уусан. Тэгээд ганцаараа 2.5 литрийн 2 ширхэг пиво уусан болохоор би нилээн согтсон зарим зүйлээ сайн санахгүй байна.  Эхнэрийн ярьж байгаагаар эхнэрийг ажлаасаа ирэхэд нь би хажуу айлд сууж байсан гэсэн. Эхнэр намайг гэр рүү оруулаад хэвтүүлэхээр нь би бие засах гэж босоод эхнэртэй маргалдаад эхнэрийг цай ууж байсан шилэн стканаараа нүүр рүү нь цохьчихсон гэсэн...би цай ууж байсан стаканаараа цохьчихсон. Станканаар цохьсоноо бол санаж байгаа... гэх мэдүүлэг  /хх-ийн 22-23 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт:  Ц.А-н биед баруун хөмсөгт шарх, дух, баруун шанаа, хөмсөг, хацрын төвгөрт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэжээ /хх-ийн 14 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 24-25 хуу/

Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 26-34 хуу/

Г.М, Ц.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /46 хуу/

Г.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

Хохирогч Ц.Аээс гаргасан гомдол, саналгүй тухай хүсэлт /хх-ийн 60 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

                                                                                                                                                                    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.М  нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 2-10 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Ц.А-тэй маргалдан нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж баруун хөмсөгт шарх, дух, баруун шанаа, хөмсөг, хацрын төвгөрт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.А, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаар дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

            Шүүгдэгч Г.М нь хохирогч Ц.А-г шилэн аягаар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Аймгийн Прокурорын газраас Г.М-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.М хүлээн зөвшөөрч /хх-ийн 60, 66, 67, 71 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Ц.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 60 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 67 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                            

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОДХҮҮ