Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 11111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Н-, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод .......... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... биеийн тамирын дээр сургуулийн 2 дугаар курсд суралцдаг, ам бүл 6, эцэг, ах эгч дүү нарын хамт .................р оршин суух бүртгэлтэй урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...................

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н- нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ............ гудамжинд иргэн Х.Х- өөрийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсаа гээж явахад нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр...барилгийн материалын дэлгүүрээс эд зүйл худалдаж авчихаад 21 цаг 20 минутад гэр рүүгээ орох гээд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамжаар явж байтал танил Э- над руу залгасан. Би гар утсаа бариад машинаасаа буугаад дэлгүүрээс авсан зүйлүүдээ бариад гэртээ орсон. Гэртээ орж ирээд миний гар утас алга болсон гэдгийг мэдсэн. Утас байхгүй болсон гэдгийг мэдээд гар утас руугаа залгаад үзтэл холбогдох боломжгүй байсан...Би машинаасаа буух үедээ гар утсаа аваад буусан гэдгээ санаад байгаа юм. Гэр рүүгээ орох замдаа л унагаачихсан юм шиг байсан. Миний утас “Samsung Galaxy” J-7 загварын шаргал өнгөтэй, 2 сим уншдаг гар утас байсан ба 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би мобикомоос лизингээр 829.000 төгрөгөөр худалдаж авсан...хулгайд алдсан зүйл байхгүй...би өөрөө л машинаасаа буух үедээ унагаачихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...би гар утсаа эргүүлж авсан учраас надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

2. Гэрч Б.П- (шүүгдэгчийн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал орой манай төрсөн дүү Нямбаяр гэрт орж ирээд агаа та утасгүй байгаа юм чинь энэ утсыг түр барьж байхгүй юу гэж хэлээд надад “Самсунг галакси жи-7” маркийн гар утас өгсөн. Хэний утас юм бэ? гэж асуусан чинь манай найз надад хэрэглэж байгаад өгөөрэй гэж хэлсэн...гээд надад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

3. “Мастер үнэлгээ“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18/125 дугаар тайланд “...2017 оны загварын “Samsung Galaxy J7” гар утас 700.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

4. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би...гэртээ байж байгаад ........... гэрээсээ гараад явж байтал манай 18 дугаар гудамжинд шаргал өнгөтэй Самсунг галакси жи-7 загварын гар утас хэвтэж байхаар нь би тухайн гар утсыг авсан. Би тухайн олсон гар утсаа өөрийн төрсөн ах П- өгсөн...би тухайн утсыг олсон гэдгээ хэлээгүй...манай ахын гар утас нь эвдэрчихсэн утасгүй байсан болохоор манай найз намайг хэрэглэж бай гэж хэлээд өгсөн утас байгаа юм гэж худлаа хэлээд өгсөн. Манай ах олсон утас гэдгийг мэдээгүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60)

5. “Samsung Galaxy J7” гар утас хүлээлгэж өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 15)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 64, 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 66, 68), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67), “........” биеийн тамирын дээд сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 72) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Н- нь ..............., явж байхдаа бусдын өмчлөлийн гээгдэл “Samsung Galaxy J7” маркийн гар утас олж, өөрийн төрсөн ах Б.П-д өгч завшсан, шууд бус санаатайгаар иргэн Х.Х- 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь, 

-Хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ...21 цаг 20 минутад гэр рүүгээ орох гээд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамжаар явж байтал танил Э- над руу залгасан ба би гар утсаа бариад машинаасаа буугаад дэлгүүрээс авсан зүйлүүдээ бариад гэртээ орсон. Гэртээ орж ирээд миний гар утас алга болсон гэдгийг мэдсэн. ...Би машинаасаа буух үедээ гар утсаа аваад буусан гэдгээ санаад байгаа юм. Гэр рүүгээ орох замдаа л унагаачихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- “Мастер үнэлгээ“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18/125 дугаар тайланд “...2017 оны загварын Samsung Galaxy J7 гар утас 700.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

- Гэрч Б.П- (шүүгдэгчийн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ байж байтал орой манай төрсөн дүү Нямбаяр гэрт орж ирээд агаа та утасгүй байгаа юм чинь энэ утсыг түр барьж байхгүй юу гэж хэлээд надад Самсунг галакси жи-7 маркийн гар утас өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би...гэртээ байж байгаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 18-59 тоот гэрээсээ гараад явж байтал манай 18 дугаар гудамжинд шаргал өнгөтэй Самсунг галакси жи-7 загварын гар утас хэвтэж байхаар нь би тухайн гар утсыг авсан. ...манай ахын гар утас нь эвдэрчихсэн утасгүй байсан болохоор манай найз намайг хэрэглэж бай гэж хэлээд өгсөн утас байгаа юм гэж худлаа хэлээд өгсөн. Манай ах олсон утас гэдгийг мэдээгүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н- нь гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч Хишигсүрэнгийн гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Х.Х-д 700.000 төгрөгийн хохирол учирсан болох “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х-д 700.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.Н- нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн болох нь (хавтаст хэргийн 15) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н- нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчийн оюутан гэдгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

 

Эрүүгийн 11111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-ыг нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ