Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2016/00224/И |
Дугаар | 182/ШШ2016/00372 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2016/00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М комисс, М комиссын ажлын албанд холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х-, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, Т.Уугансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; М комиссын нарийн бичгийн даргын 2014 оны 12 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 53 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаал хууль бус болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоолоор тус тус тогтоож, намайг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу ажилдаа орохоор уулзахад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулсаар байна. Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 11 сар 9 хоногийн цалин 10,159,866 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М комисс, М комиссын ажлын алба шүүхэд болон төлөөлөгч Б.Ганболд,Т.Уугансайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; М комисс 1990 оноос хойш хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийнхэнд тусламж дэмжпэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн бусад хор уршгийг арилгах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд түүний дэргэд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв ажилладаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар батлагдсан Улсын комиссын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.8-д Улсын комисс нь дарга, нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Санхүү, эдийн засгийн сайд, Улсын ерөнхий шүүгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын цагаатгалын тасгийн дарга, Ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ гэж заасан байдаг бөгөөд тус комисс хуралдаж эрх хэмжээнийхээ хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Тус комиссын 2014 оны 5 сарын 22-ны өдрийн хуралдаанаас Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг татан буулгаж, Судалгааны алба болгох шийдвэрийг гаргасан. П.Х- нь тус Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалаар “бусдыг үл хүндэтгэн харилцах, хэл амаар доромжпох, зүй бусаар авирлах сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас халагдсан бөгөөд энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Шүүх асуудлыг шийдвэрлэх явцад буюу 2015 оны 2 сард Монгол Улсын Их Хурлын 2015 оны 1 сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Ц комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны албыг татан буулгаж, эрдэм шинжилгээний 5 ажилтны орон тоо болон цалингийн 30,000,000 сая төгрөгийг 2015 оны батлагдсан төсвөөс хасах”-аар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2015 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн Судалгааны алба татан буугдаж, төсөв хасагдсан бөгөөд нэхэмжлэгч П.Х-ын орон тоо, цалингийн төсөв бүрэн хасагдсан учир энэхүү нөхцөл байдлыг П.Х-ын энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхэд тайлбарласан боловч шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Иймээс Улсын комисс нэхэмжлэгч П.Х-т Судалгааны алба татан буугдсанаас хойших цалинг олгох боломжгүй болоод байна. Тус комисс П.Х-ын 2015 оны 1 сарын 01-ний өдрөөс 2015 ны 2 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 781,433 төгрөг тухайн үед авч байсан цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын тооцоонд 141,471 төгрөгийг суутган 639,961 төгрөг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөх боломжтой юм. Улсын комиссын Ажлын албаны ажилтнууд албан тушаалын хувьд төрийн захиргааны ангилалд, бичиг хэрэг зэрэг туслах албан тушаалууд төрийн үйчилгээний ангилал, зэрэглэлд хамаарагддаг бол Судалгааны албаны ажилтнууд ТҮШУ ангилалд хамаарагддаг байсан. Ажлын албаны 11 ажлын байранд сул орон тоо байхгүй бөгөөд төрийн захиргааны албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн олбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан нь дээрх хуультай зөрчилдөж байна. Иймээс төрийн захиргааны албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Улсын комисс шүүхийн шийдвэр биелүүлэх үү, хууль зөрчих үү гэсэн хоёр зөрчилдөөнтэй байдалд хүрээд байна. Иймд энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, П.Х-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Х- хариуцагч М комисс, М комиссын ажлын албанд холбогдуулж урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “Ц комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтаны орон тоо, цалингийн сан хасагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгч П.Х-ыг Ц комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
П.Х- ажилдаа орохоор удаа дараа хүсэлт гаргасан боловч ажилд аваагүй тул Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж 2016 оны 03 сарын 29-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 16300390 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч ажил олгогч үүрэгт ажилд нь эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5443 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 889,766 төгрөгөөр тооцож тогтоожээ.
Хариуцагч тал 2015 оны 02 сарын 02-ны өдөр “Ц комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтаны орон тоо, цалингийн сан хасагдсан гэж маргаж байгаа боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 5443 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч П.Х-ыг Ц комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн 2015 оны 08 сарын 17-ны өдрөөс 2016 оны 07 сарын 28-ныг хүртэлх 11 сар 9 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,165,156 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын тухайд:
Нэхэмжлэгч П.Х- шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно гэж зааснаар гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөгийг /хх-ийн 5 талд төлбөр төлсөн баримт/ хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М комисс, М комиссын ажлын албанаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,165,156 /арван сая нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар хариуцагч М комисс, М комиссын ажлын албанаас 80,000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч М комисс, М комиссын ажлын албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,153 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчааас 179,153 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ