| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0004/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 02
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч Т.Б-,
шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0490 31509 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Э-, Монгол Улсын иргэн, ................. төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .................. оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим ............... урд байрлах Шатахуун түгээх станцын орчимд иргэн Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Т.Б- мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай эхнэр бид 2, шүүгдэгч Д.Э- руу ажилдаа явах уу гээд ярьсан. Бид нар ухах нүхэндээ ирсний дараа шүүгдэгч Д.Э- багажаа авах гээд явсан. Бид нарын ухаж байсан газраас шүүгдэгчийн эхнэр бид хоёрын байсан хашаа ойролцоо байдаг. Шүүгдэгчийн эхнэр бид хоёр тал шил архиа тухайн айлын хашаанд ороод уусан. Тэгээд би их согтсон. Шүүгдэгч Д.Э- ирээд намайг өшиглөсөн. Би 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгчээс хохирлын 550.000 төгрөг авсан. Цаашид эрүүндээ хагалгаанд орно. Хагалгаанд ороход 800.000 төгрөг орно гэснийг нэхэмжилж байна...” гэв
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд
1. Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын дунд үеэр Сонгинохайрхан дүүргийн далангийн засмалын хажуугаар кабелийн утасны нүх ухдаг ажлыг Д.Э-ын хамт хийж байсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд байрлах ажлын байрандаа 12 цагийн үед явж очсон. Ингээд тухайн өдөр У-, Э- нар архи ууя гээд 1 шил 0.75 литрийн “Хараа” архи дэлгүүрээс авч ажлаасаа урагшаа 21 дүгээр хорооллын урд байрлах шатахуун түгээх станцын баруун хойд талын хүнгүй буланд очиж архиа хувааж уусан юм. Гэтэл архи дуусч байх үед Э- эхнэр У-тайгаа намайг хардаж шууд үгийн зөрүү байхгүй намайг үсдэж аваад газар унагаад толгой болон нүүр рүү 6-7 удаа хөлөөрөө дэвсэж бас өшиглөсөн. ...Түүнд зодуулсны улмаас үүдэн 2 шүд хугарсан мөн хамар, баруун хацар гэмтсэн, зүүн хацар тэр чигтээ битүү хавдсан...миний нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө 6-7 удаа өшиглөж, дэвсэлж зодсон...Энэ бүх гэмтлийг Д.Э- хөлөөрөө өшиглөж, дэвсэлж учруулсан...Эрүүний хагалгаанд ороход 800.000 төгрөг орно гэсэн тэрнээс гадна би 226.280 төгрөгний шинжилгээ эм тариа хийлгэсэн. Д.Э- надад одоогийн байдлаар 550.000 төгрөг өгсөн байгаа...Гомдолтой байна үлдсэн эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18)
2. Гэрч Б-ийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард манай нөхөр кабелийн нүх ухдаг ажил хийж байсан юм. Тэгээд Б-тай хэд хоног цуг ажилласан юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э- бид хоёр нүх ухдаг ажил руугаа явах гэж байсан чинь Б- бид хоёр луу утсаар яриад цуг ажилдаа явья гэж хэлээд хамт ажилдаа ирсэн...бид гурав ажилдаа ирэхдээ дэлгүүрээс 0.75 литрийн архи авч талыг нь хувааж уусан...Тэгээд би согтоод юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед Э- Б-ыг зодсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12736 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Хамрын нуруунд 1.8х0.7см, баруун доод зовхинд 1х1.7см, дээд уруулын дээд хэсэгт 0.5х0.4см хэмжээтэй 5 ширхэг, эрүүний зүүн дээд хэсэгт 1.8х0.8см, зүүн шанаанд 1.2х0.2см, 1.5х0.8см, духны гол дунд хэсэгт 2.8х1см, зүүн чихэнд 1.2х0.8см, цээжний баруун талд 5.2х2.3см улаан өнгийн зулгаралтуудтай. Зүүн дээд зовхи, зүүн хацар, шанаа, эрүү, хүзүүний урд дээд хэсгээр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хавдсан.
2018.10.24-ний өдрийн Толгойн КТГ-д: “...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...эрүүний ясны их бие ооч хэсгээрээ зөрүүтэй ташуу, зүүн салаанд эрүүний өнцгөөс дээш агт араа чиглэсэн зөрүүтэй ташуу тус тус хугарлуудтай. Зүүн хацар шанаа, эрүү орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ
1.Т.Б-ын биед эрүүний хоёрлосон зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамар, баруун доод зовхи, дээд уруул, эрүү, зүүн шанаа, дух, зүүн чих, цээжинд зулгаралт, зүүн дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),
4. Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би эхнэр Бат-У- болон Б- гэдэг залуутай хамт Сонгинохайрхан дүүргийн арын далангийн зам дагуу кабелийн нүх ухдаг ажил хийхээр тэнд очсон. Бид гурав ажилдаа очих замдаа 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад талыг хувааж уугаад талыг нь Б- авсан юм. Би кабелийн нүхээ ухаж байсан чинь манай эхнэр, Б- хоёр алга болчихоор нь би ажлаа хийхээ болиод хайсан чинь айлын хашаанд архи уусан байдалтай хоёулханаа байж байсан. Тэгэхээр нь би уурлаад ажил хийх гэж ирчихээд алга болчих юм гээд Б-ыг түлхэж унагаагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөж зодчихоод яваад өгсөн. Би буцаад ирсэн чинь Б- алга болсон байсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр Бат-У- тухайн үед алга болчихсон байсан ба дараа нь гудамжнаас гараад ирсэн...Би хөлөөрөө өшиглөж энэ бүх гэмтлийг учруулсан. Надаас өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
5. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 13-15, 23)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын урд байрлах Шатахуун түгээх станцын орчимд, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд байрлах ажлын байрандаа 12 цагийн үед ирсэн. Ингээд тухайн өдөр Бат-У-, Э- нар архи ууя гээд 1 шил 0.75 литрийн “Хараа” архи дэлгүүрээс авч ажлаасаа урагшаа 21 дүгээр хорооллын урд байрлах шатахуун түгээх станцын баруун хойд талын хүнгүй буланд очиж архиа хувааж уусан юм. Гэтэл архи дуусч байх үед Э- эхнэр У-тайгаа намайг хардаж шууд үгийн зөрүү байхгүй намайг үсдэж аваад газар унагаад толгой болон нүүр рүү 6-7 удаа хөлөөрөө дэвсэж бас өшиглөсөн.. Түүнд зодуулсны улмаас үүдэн 2 шүд хугарсан мөн хамар, баруун хацар гэмтсэн, зүүн хацар тэр чигтээ битүү хавдсан...миний нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө 6-7 удаа өшиглөж, дэвсэлж зодсон...Энэ бүх гэмтлийг Д.Э- хөлөөрөө өшиглөж, дэвсэлж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18)
- Гэрч Б-ийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...бид гурав ажилдаа ирэхдээ дэлгүүрээс 0.75 литрийн архи авч талыг нь хувааж уусан...Тэгээд би согтоод юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед Э- Б-ыг зодсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12736 дугаар дүгнэлт “...1.Т.Б-ын биед эрүүний хоёрлосон зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамар, баруун доод зовхи, дээд уруул, эрүү, зүүн шанаа, дух, зүүн чих, цээжинд зулгаралт, зүүн дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),
- Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би эхнэр Бат-У- болон Б- гэдэг залуутай хамт Сонгинохайрхан дүүргийн арын далангийн зам дагуу кабелийн нүх ухдаг ажил хийхээр тэнд очсон. Бид гурав ажилдаа очих замдаа 0.75 литрийн хараа нэртэй архи аваад талыг хувааж уугаад талыг нь Б- авсан юм. Би кабелийн нүхээ ухаж байсан чинь манай эхнэр, Б- хоёр алга болчихоор нь би ажлаа хийхээ болиод хайсан чинь айлын хашаанд архи уусан байдалтай хоёулханаа байж байсан. Тэгэхээр нь би уурлаад ажил хийх гэж ирчихээд алга болчих юм гээд Б-ыг түлхэж унагаагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөж зодчихоод яваад өгсөн. ...Би хөлөөрөө өшиглөж энэ бүх гэмтлийг учруулсан. Надаас өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б-ыг эхнэр уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар санаатай зодсоны улмаас хохирогчийн эрүүний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б- нь эмчилгээний зардалд баримтаар 230.600 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 13-15), үүнээс шүүгдэгч Д.Э- нь хохирогчид 550.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 18) баримтаар нотлогдон тогтоогдож байна. Харин хохирогч нь цаашид эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилснийг шүүх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хохирогч 800.000 төгрөгний эмчилгээ хийлгэнэ гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Э- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Д.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1808 0490 31509 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Ганхуяг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ