Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 03

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч А.М-

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808  0512 01473 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Г-, Монгол Улсын иргэн, ........... төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, .................оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ............ тоотод оршин суух А.М-ын гэрээс сони маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч А.Г- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч А.М- мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр зурагтаа ломбарднаас авсан. Дүү маань надад хань болдог ганц хүн, энэ хэрэгт холбогдсоноос хойш гэрээс гарахгүй байгаа. Дүү маань согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй, найзууд нь их уруу татдаг...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө гэрээсээ 10 цагийн орчим өөрийн төрсөн дүү Г-ийн хамт гэрээсээ гарч явсан...Тэгээд би орой 21 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай байшингийн хаалга цоожтой, том өрөөний гэрэл асаалттай байсан. Би гэртээ ороод харахад хоймрын өрөөнд байх 40 инчийн хар өнгийн “Sony” маркийн зурагт хулгайд алдагдсан байсан...би зурагтаа “Сайн компьютер”-оос 2010 онд 1.299.000 төгрөгөөр худалдан авч байсан...А.Г- нь манайд амьдардаг болохоос биш миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12)

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай зурагтыг манай төрсөн дүү А.Г- нь хулгай хийж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй барьцаат зээлийн газарт 150.000 төгрөгөөр тавьсан байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 47 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын тойрогт байрлах “” ХХК-ны ломбарданд М.Ц- нь 40 инчийн “Sony” маркийн зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм...би 150.000 төгрөгөөр буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

3. Гэрч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 73 дугаар байрны гадна Г- гэх залуутай тааралдаад надаас бичиг баримт чинь байна уу, 40 инчийн “Sony” зурагт ломбарданд тавих гэсэн юмаа гээд хэлэхэд нь би зөвшөөрөөд Г-ын хамтаар Орбитын орчимд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Ломбарданаас Г- гараад 150.000 төгрөгөө авсан. Тэгээд тэндээсээ толгойтын эцэс дээр очиж намайг машинаас буулгасан...Г- нь миний зурагт гэж хэлж байсан. Тухайн өдөр бичиг баримтгүй явж байгаад надаас гуйхад нь зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...”Sony” загварын хуучин хэрэглэж байсан зурагт...700.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 24-27)

5. “” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээ, (хавтаст хэргийн 33-34)

6. Шүүгдэгч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би архи уугаад дахиж архи уух мөнгөгүй болохоор нь төрсөн эгч А.М-ын эзэмшлийн зурагтыг зөвшөөрөлгүйгээр авч Орбитын тойрогт байх ломбарданд 150.000 төгрөгөөр тавьж мөнгөөрөө архи уусан....Миний авч явсан зурагт бол манай эгчийн зурагт байсан. Би зөвшөөрөлгүй авсан зурагт одоо ломбарданд байгаа...би гэрээс зурагт авахдаа ганцаараа явсан. Ломбарданд зурагтыг нь тавихдаа танихгүй хүнээс гуйгаад бичиг баримтаар нь тавьсан. Зурагт авахад хэн нэгэн хүн намайг айлган сүрдүүлж дарамталж хуурч мэхэлсэн зүйл байхгүй...би мөнгөөр нь тэр хавийн танихгүй хүмүүстэй архи уугаад дуусгасан. Урьд өмнө би хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

7. Шүүгдэгчийн оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 95), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 40, 42, 44, 45), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 43) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 46 дугаар гудамжны 02 тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, архины мөнгө олох зорилгоор, төрсөн эгч А.М-ын хамт амьдарч байсан гэрээсээ “Sony” маркийн 40 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө гэрээсээ 10 цагийн орчим өөрийн төрсөн дүү Г-ийн хамт гэрээсээ гарч явсан...Тэгээд би орой 21 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай байшингийн хаалга цоожтой, том өрөөний гэрэл асаалттай байсан. Би гэртээ ороод харахад хоймрын өрөөнд байх 40 инчийн хар өнгийн “Sony” маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. ...А.Г- нь манайд амьдардаг болохоос биш миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12)

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай зурагтыг манай төрсөн дүү А.Г- нь хулгай хийж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй барьцаат зээлийн газарт 150.000 төгрөгөөр тавьсан байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 47 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тойрогт байрлах “” ХХК-ны ломбарданд М.Ц- нь 40 инчийн “Sony” маркийн зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Гэрч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 73 дугаар байрны гадна Г- гэх залуутай тааралдаад надаас бичиг баримт чинь байна уу, 40 инчийн “Sony” зурагт ломбарданд тавих гэсэн юмаа гээд хэлэхэд нь би зөвшөөрөөд Г-ын хамтаар Орбитын орчимд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-27)

- Шүүгдэгч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би архи уугаад дахиж архи уух мөнгөгүй болохоор нь төрсөн эгч А.М-ын эзэмшлийн зурагтыг зөвшөөрөлгүйгээр авч Орбитын тойрогт байх ломбарданд 150.000 төгрөгөөр тавьж мөнгөөрөө архи уусан....Миний авч явсан зурагт бол манай эгчийн зурагт байсан. Би зөвшөөрөлгүй авсан зурагт одоо ломбарданд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Г- нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, өөрийн амьдардаг гэрээсээ “40 инчийн Сони” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ганхуяагийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.М-д 700.000 төгрөгний хохирол учирснаас биет байдлаар зурагтаа буцаан авсан. Иргэний нэхэмжлэгчид учирсан 150.000 төгрөгийн шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.Г- нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г- хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г- 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар А.Г- нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1808 0512 01473 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.Г-ийг 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ