Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2019/0022/Э |
Дугаар | 15 |
Огноо | 2018-12-27 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 15
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч М.Сансарсайхан (томилолтоор),
хохирогч/шүүгдэгч Б.Б-,
шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0168 11408 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б.Б-, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ............ төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, “” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа, ам бүл 3, эцэг, эхийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............
2. С.Г-, Монгол Улсын иргэн, ............... өдөр төрсөн, 2...настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “” онлайн худалдааны дэлгүүрийн борлуулагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Б- нь ......... баарны гадаа 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01-02 цагийн үед “манай найзыг цохисон” гэх шалтгаанаар Г.Б-ын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Яллагдагч С.Г- нь ........... баарын гадаа 2018 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01-02 цагийн үед “Г.Б-ыг зодсон” гэх шалтгаанаар Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Шүүгдэгч С.Г- мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....анд найз Э-тай хамт орсон...02-03 цагийн орчим баарны үүдэнд эхнэртэйгээ утсаар яриад...шатан дээр зогсож байсан чинь үл таних залуу өөдөөс маш ууртай муусайн гөлөгнүүд гээд орилоод ирж байсан. Би гар утсаа таслаад дотор талын энгэрийн халаасандаа хийхдээ тохойгоороо тэр залууг цохисон байх гэтэл хамт явсан залуу нь нүүр рүү цохих шиг болсон. Тухайн үед нүүрэнд гал бутраад нүд юм харахгүй байсан тул нүдээ бариад доошоо суусан. Тэгээд цаана тамхи татаад зогсож байсан найз Э-ыг дуудсан. Э- хуучин хамт ажиллаж байсан Б- гэх залуутай тааралдаад юм яриад зогсож байсан. Би нүдээ дараад хэсэг суусан чинь тэр хоёр залуутай хамт явсан хүүхнүүдийн нэг нь байх миний дух хавьцаа өсгийтэй гутлаар өшиглөсөн. Мөн хэн нэг нь миний эгэмний орчим өшиглөсөн...гэмтлийн эмнэлэг дээр таны нүдний солонгон бүрхэвч хүүхэн хараа нь унжаад ил гарсан байна манайх нүдний мэс заслын эмч байхгүй тул яаралтай 1 дүгээр эмнэлэг рүү яв гэсэн. 1 дүгээр эмнэлэг дээр очиход харъяаллын бус гээд 3 дугаар эмнэлэг рүү явуулсан. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 9 цагт баруун нүдний хагалгаанд орсон...тухайн үед баруун нүдний хүүхэн хараа голдоо зүсэгдэж хүүхэн хараа нь ил гарсан гэсэн оноштойгоор хагалгаанд орсон. Ерөнхийдөө нүдний орчим хавдсан байдалтай, зовхины гадна тал шилэнд зүсэгдсэн байсан. Дух жаахан халцарсан эгэм дээр хөхрөлттэй байсан...би баарны үүдэнд харааны пластик хөх туяатай, хар рамтай шилтэй байсан. Гэрэлд харлаад гэрэлгүй үед цагаан болчихдог, тэр орой нүдний шил алга болсон...миний нүд рүү саарал саравчтай малгайтай цайвар хувцастай залуу цохиод гэмтэл учруулсан..гомдолтой байна. Нүдний булчин сэргээх, хүүхэн хараа тэгшлэх мэс засал хийлгэнэ. Энэ гарсан зардал мөнгөө буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
“.......ны үүдэнд зогсож байгаад нүд рүүгээ цохиулах үед нүд гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
- Гэрч Б.Э-ын (хохирогч Г.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарны гадна талд зогсож байсан 2 залуу, 2 эмэгтэй...хүмүүс манай найз Г.Б-тай маргалдаад байсан. Тэгсэн Г.Б- нэг хар куртиктэй залууг нь цохиод авсан. Тэгсэн хажуу талд нь зогсож байсан шар куртиктэй кэпик нь малгайтай нөхөр шууд манай найзын нүд рүү цохиод унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),
- Гэрч Г.Ц-ийн (хохирогч Б.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-нд найз Б-ын гэрт...хөзөр тоглоод нэг том сав пиво хувааж уугаад караоке орохоор 02 цагийн орчим хороолол дахь гэрээс нь гарсан...ба Жи нэртэй караоке онгорхой юм шиг болохоор нь орохоор үүдний шатан дээр нь явж байхад үл таних биерхүү хар савхитай залуу миний нүүр рүү гарынхаа тохойгоор тохойлдсон...тэгээд юу болж байна, яаж байна гэсэн чинь манай найз Б- тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба тэр залуу шатны уруу тонгойгоод унасан. ...Б-д цохиулсан залуугийн баруун нүд орчим нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
- Гэрч Д.Б-ийн (хохирогч Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-нд...гэрт том савтай пиво байсныг найз Б- Ц- бид 3 хувааж уусан. Бид нар хөзөр тоглож байгаад 2 цагийн орчим караоке орох уу гэж ярилцаад... “Жавхлант” төвийн караоке ажиллаж байхаар нь орохоор үүдний шатаар өгсөж байхад үл таних залуу Ц-ийн нүүр нь тус газарт нь цохисон чинь Б- хажуугаас Ц-ийг цохисон залууг цохиод газар унагаасан, яг хаана нь цохисон гэдгийг мэдэхгүй нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон... баруун нүд нь байх доороо жаахан хавдсан харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.......ны караоке руу орох гэж явж байсан чинь манай найз Ц-ийн нүүр рүү нэг залуу шууд тохойлдсон. ...Тэгэхээр нь тохойлдсон залуугийн нүүр хэсэгт нь би Ц-ийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4366 дугаар дүгнэлт
“...хэсэг газрын үзлэг: ...баруун нүдний дээд, доод зовхи бага зэрэг хавантай, алимны салстад цус харвалттай, эвэрлэгийн захад 6-10 цагийн байрлалд цайвар саарал өнгөтэй, уг хэсэг рүү хүүхэн хараа татагдаж хэлбэрээ алдсан, баруун дээд 1-р шүдний гадна буланд паалан эмтэрсэн, 2 шүд хазах гадаргуу хэсгээрээ 0.2-0.3 см өргөнтэй таллаж хугарсан, баруун эгэмний дотор үзүүр хэсэгт 2.5х1 см, 3.3х.1.5 см шар өнгийн цус хуралттай, баруун бугуйн дотор доод хэсэгт 4х2.5см талбайд олон жижиг цуварсан байрлалтай хүрэн өнгийн зулгаралттай.
2018.04.02-ны толгойн компьютерт томографийн шинжилгээ: ...хоёр талын гаймор болон этмойд хөндийнүүдийн салст бага зэрэг зузаарсан...гэжээ.
208.04.03-ны ШУГТЭ-ийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудаст: “...Онош: Солонгон бүрхэвч хавчуулагдсан эвэрлэгийн нэвт зүсэгдсэн шархтай гэмтэл. Одоо баруун нүдний хараа 0.12...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Г.Б-ын биед баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараа бууралт 0.12 алимны салстын цус харвалт, зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний талласан хугарал, 1-р шүдний паалангийн эмтрэл, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
2. Харааны бууралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 25 хувь нөлөөлнө.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр алдагдсан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67),
- Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой найз Ц-, найз охин Б-, найз Б- нар манай гэрт ирээд хамт пиво уугаад хөзөр тоглож байгаад караоке орж дуулье гээд гарсан. Бид 4 караоке хайж явж байгаад ....ны караоке руу орох гэж явж байсан чинь манай найз Ц-ийн нүүр рүү нэг залуу шууд тохойлдсон. Ц- зүүн талын захад би баруун талын захад нь явж байсан ба бид дөрөв хоорондоо сугадалцаад явж байсан юм. Ц-ийг ямар ч шалтгаангүйгээр тохойлдсон залуугийн нүүр хэсэгт нь би Ц-ийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа цохисон. ...би найзыгаа өмөөрөөд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэрнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86)
2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой...найз нар манай гэрт ирээд хамт пиво уугаад хөзөр тоглож байгаад караоке орж дуулъя гээд гарсан...бид 4 караоке хайж явж байгаад ....ны караоке руу орох гэж явж байсан чинь манай найз Ц-ийн нүүр рүү нэг залуу шууд тохойлдсон. ...Тэгэхээр нь тохойлдсон залуугийн нүүр хэсэгт нь би Ц-ийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа цохисон. Тэгсэн ....ны гадаа байсан хүмүүс Ц- бид нар руу дайраад шатны дээд хэсгээс буугаад авто машины зогсоолуудын тэнд аваачаад намайг саравчтай малгайтай залуу доошоо дарж байгаад өвдөглөөд газар унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Цэрдэндоржийг бас хэдэн хүмүүс зодоод байх шиг байсан...биед учирсан бүх гэмтлийг саравчтай малгаатай, савхин куртиктэй залуу цохиж, зодож учруулсан намайг тонгойлгож байгаад л өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
- Гэрч О.Б-ийн (хохирогч Г.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний цамцны захнаас нэг хүн зулгаах шиг болоод байхад Ганчулуун нэг залууг нь зодсон. Тэр залуутай цаашаа зууралдаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58)
- Гэрч Д.Б-ийн (хохирогч Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины хажууд савхин куртиктэй тамхи татаж байсан залуу Б-ыг цохиж газар унагаагаад толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4402 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, баруун чихний дээд дэлбээний ирмэгт 1х0.5см хүрэн бор өнгийн зулгаралттай. Баруун сарвууны гадна гадаргууд 5х4см бүдэг хөх өнгийн цус хуралттай.
2018.04.01-ний өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ
1. Б.Б-ын биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зулгаралт, баруун сарвууны цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65)
- С.Г-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би найз Б-тэй Драгон төвийн ард биллъярд тоглож байгаад найз Б- ахтайгаа уулзах гэж байна гээд ....ны урд талд уулзахаар болсон. Очоод уулзсан чинь Г.Б- Э- гээд 2 ахтайгаа уулзаад байж байсан. Би очоод Б-ийг дагуулаад явах гэсэн чинь Г.Б- гэдэг ах нь согтуу Б- бид хоёр руу ахын дүү нар ахыгаа тоохгүй байна, хүндлэхгүй байна гэсэн утгатай юм яриад томроод дайраад байхаар нь би холдоод тамхи татаж байсан чинь хүмүүс орилолдоод ноцолдохоор нь гүйгээд очсон чинь Г.Б- ах шат руу нүүрээ дараад унасан байсан би босгох гэсэн чинь босохгүй суугаад байсан. Тэгээд шатан дээр муудалцаад байгаа хүмүүс дээр очсон Б-ийн малгайтай цамцны малгайнаас нь татаж боохоор нь би тэр залууг нь хойшоо татаж салгаад нүүр рүү нь өвдөглөчихөөд Б-ийн муудалцаж байсан хүмүүсээс салгаад Г.Б- ах дээр ирсэн. ...би Б-ийн цамцных нь малгайгаар боосон байсан хар хөх өнгийн куртиктэй залууг нь зодсон санагдаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91),
13. Хохирогч Г.Б-ын эрүүлл мэндэд учирсан гэх хохирлын баримтууд (хавтаст хэргийн 21-35), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 36),
- Шүүгдэгч, хохирогч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 100), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 101, 103, 105-114, 125-126), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 102, 104, 115-124),
- Шүүгдэгч С.Г-ы оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 133), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 127-132, 146) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-, С.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ....ны гадаа 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим, найз Г.Ц-ийг цохилоо гэх сэдэлтээр, найзыгаа өмөөрөх зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Г.Б-ын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч С.Г- нь дээрх газар, цаг хугацаанд найз О.Б-ыг цамцны захаар боолоо гэх сэдэлтээр, найзыгаа өмөөрөх зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Б-ын эрүүл мэндэд халдан цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь;
1. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө...02-03 цагийн орчим баарны үүдэнд эхнэртэйгээ утсаар яриад...шатан дээр зогсож байсан чинь үл таних залуу өөдөөс маш ууртай муусайн гөлөгнүүд гээд орилоод ирж байсан. Би гар утсаа таслаад дотор талын энгэрийн халаасандаа хийхдээ тохойгоороо тэр залууг цохисон байх гэтэл хамт явсан залуу нь нүүр рүү цохих шиг болсон. Тухайн үед нүүрэнд гал бутраад нүд юм харахгүй байсан тул нүдээ бариад доошоо суусан. ...миний нүд рүү саарал саравчтай малгайтай цайвар хувцастай залуу цохиод гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
- Гэрч Б.Э-ын (хохирогч Г.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарны гадна талд зогсож байсан 2 залуу, 2 эмэгтэй...хүмүүс манай найз Г.Б-тай маргалдаад байсан. Тэгсэн Г.Б- нэг хар куртиктэй залууг нь цохиод авсан. Тэгсэн хажуу талд нь зогсож байсан шар куртиктэй кэпик нь малгайтай нөхөр шууд манай найзын нүд рүү цохиод унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),
- Гэрч Г.Ц-ийн (хохирогч Б.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-нд найз Б-ын гэрт...хөзөр тоглоод нэг том сав пиво хувааж уугаад караоке орохоор 02 цагийн орчим хороолол дахь гэрээс нь гарсан...ба Жи нэртэй караоке онгорхой юм шиг болохоор нь орохоор үүдний шатан дээр нь явж байхад үл таних биерхүү хар савхитэй залуу миний нүүр рүү гарынхаа тохойгоор тохойлдсон...тэгээд юу болж байна, яаж байна гэсэн чинь манай найз Б- тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
- Гэрч Д.Б-ийн (хохирогч Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“.......” төвийн караоке ажиллаж байхаар нь орохоор үүдний шатаар өгсөж байхад үл таних залуу Ц-ийн нүүр нь тус газарт нь цохисон чинь Б- хажуугаас Ц-ийг цохисон залууг цохиод газар унагаасан, ... баруун нүд нь байх доороо жаахан хавдсан харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.......ны караоке руу орох гэж явж байсан чинь манай найз Ц-ийн нүүр рүү нэг залуу шууд тохойлдсон. ...Тэгэхээр нь тохойлдсон залуугийн нүүр хэсэгт нь би Ц-ийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4366 дугаар дүгнэлт “...1. Г.Б-ын биед баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараа бууралт 0.12 алимны салстын цус харвалт, зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний талласан хугарал, 1-р шүдний паалангийн эмтрэл, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр алдагдсан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67),
- Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой найз Ц-, найз охин Б-, найз Б- нар манай гэрт ирээд хамт пиво уугаад хөзөр тоглож байгаад караоке орж дуулье гээд гарсан. Бид 4 караоке хайж явж байгаад ....ны караоке руу орох гэж явж байсан чинь манай найз Ц-ийн нүүр рүү нэг залуу шууд тохойлдсон. ...Ц-ийг ямар ч шалтгаангүйгээр тохойлдсон залуугийн нүүр хэсэгт нь би Ц-ийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа цохисон. ...би найзыгаа өмөөрөөд нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86)
2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой.......ны гадаа байсан хүмүүс Ц- бид нар руу дайраад шатны дээд хэсгээс буугаад авто машины зогсоолуудын тэнд аваачаад намайг саравчтай малгайтай залуу доошоо дарж байгаад өвдөглөөд газар унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. ...биед учирсан бүх гэмтлийг саравчтай малгаатай, савхин куртиктэй залуу цохиж, зодож учруулсан намайг тонгойлгож байгаад л өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
- Гэрч О.Б-ийн (хохирогч Г.Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний цамцны захнаас нэг хүн зулгаах шиг болоод байхад Ганчулуун нэг залууг нь зодсон. Тэр залуутай цаашаа зууралдаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58)
- Гэрч Д.Б-ийн (хохирогч Б-ын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины хажууд савхин куртиктэй тамхи татаж байсан залуу Б-ыг цохиж газар унагаагаад толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4402 дугаар дүгнэлт “...1. Б.Б-ын биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зулгаралт, баруун сарвууны цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65)
- С.Г-ы мөрдөн байцаалтад өгсөн: “.......ны урд...очоод Б-ийг дагуулаад явах гэсэн чинь Г.Б- гэдэг ах нь согтуу Б- бид хоёр руу ахын дүү нар ахыгаа тоохгүй байна, хүндлэхгүй байна гэсэн утгатай юм яриад томроод дайраад байхаар нь би холдоод тамхи татаж байсан чинь хүмүүс орилолдоод ноцолдохоор нь гүйгээд очсон чинь Г.Б- ах шат руу нүүрээ дараад унасан байсан. ...Тэгээд шатан дээр муудалцаад байгаа хүмүүс дээр очсон. Б-ийн малгайтай цамцны малгайнаас нь татаж боохоор нь би тэр залууг нь хойшоо татаж салгаад нүүр рүү нь өвдөглөсөн...би Б-ийн цамцных нь малгайгаар боосон байсан хар хөх өнгийн куртиктэй залууг нь зодсон санагдаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Б-ыг цохисон болох нь хохирогч Г.Б-, гэрч Г.Ц-, Д.Б-, Б.Б-ын хохирогчоор өгсөн мэдүүлгээр, шүүгдэгч С.Г- нь хохирогч Б.Б-ыг цохисон болох нь хохирогч Б.Б-, гэрч О.Б-, Д.Б- нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Түүнчлэн дээрх зодооны улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б- нь баримтаар (хавтаст хэргийн 21-35) 1.102.721 төгрөгийг (зарим үнийн дүн арилсан) нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б- дээрх үнийн дүнд “Nikon D-3100” маркийн зургийн аппаратыг (хавтаст хэргийн 36) шилжүүлэн өгч хохирлыг барагдуулсан. Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Г.Б- нь (хавтаст хэргийн 40-41) “...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Б-ын хувьд шүүгдэгч С.Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэх тул шүүгдэгч С.Г-ыг бусдад төлөх төлбөргүй дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 580 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б-, С.Г- нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, шүүгдэгч Б.Б-, С.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч Б.Б-ын хохирлыг төлж барагдуулсан, Б.Б-, С.Г- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 нэгжээр буюу 580.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1808 0168 11408 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
- С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 580 (таван зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 (таван зуун наяан мянга) төгрөгөөр,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наяан мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, С.Г- нарт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, С.Г- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хохирогч нар нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ