Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 464

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, ОЖ56071718 регистртэй, Тайж овогт Гоолягийн Осорын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Г.Осор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1956 онд төрсөн. 60 настай. Би Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1972 оноос эхлэн малчин болж 1992 оны 6 дугаар сар хүртэл ажиласан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Иймд миний 1972 оны 8 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Осорын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.Осор нь Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтрүүд нь байгаа боловч тамга, тэмдэг гээд шаардлага хангахгүй байна. Иймд түүний Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Г.Осор нь Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. 1972 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлээс Г.Осорт нээсэн 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

2. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлээс Г.Осорт нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

3. 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлээс Г.Осорт нээсэн 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Гоолягийн Осорын Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Г.Осорыг шагнасан “Баярын бичиг”,  

6. Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Г.Осорыг шагнасан “Баярын бичиг”, 

7. Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Г.Осорыг шагнасан “Сайшаалын үнэмлэх”, 

8. Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн Ерөнхий хорооноос 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Г.Осорыг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

9. Гэрч П.Цэвээний шүүхэд өгсөн: “Би 1961 оноос 1965 оны хооронд Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд шуудан хүргэгчээр, 1976 оноос Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд цахилгаанчин, дизельчнээр 1992 он хүртэл ажиллаад байгууллага хувьчлагдаж “Баян-Эрдэнэ” компани болоход үргэлжлүүлэн 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1976 онд Увс аймгийн Усны аж ахуйгаас “Малчин” нэгдлийн 3 дугаар бригадад шилжин очиход Г.Осор нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан юм. Улмаар нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 6 дугаар сар хүртэл ажилласан санагдаж байна. Бид нэг нэгнээ хар багаасаа таньж мэдэх учраас би Г.Осорын ажиллаж байсан байдлыг сайн мэдэх юм. Биднийг ажиллаж байхад “Малчин” нэгдлийн даргаар Г.Баазар, Р.Батсүх нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

10. Гэрч Х.Батаагийн шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Увс аймгийн Малчин сумын 8 жилийн сургуульд галчаар ажилд орж ажиллаж байгаад, 1983 оноос “Малчин” нэгдлийн Баянмандал бригадад малчнаар 1992 он хүртэл ажилласан юм. Г.Осор нь намайг “Малчин” нэгдэлд ажилд ороход 2 дугаар бригадад малчин, тууварчнаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл бид хамт ажиллаж байлаа. Г.Осор нь ажиллах хугацаандаа нэлээн олон удаа баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан юм. Бид нэг нэгнээ 1983 оноос эхлэн таньж мэдэх учраас би Г.Осорын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

11. Гэрч П.Цэвээн, Х.Батаа нарын Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч Г.Осор нь Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан талаар бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Г.Осорын Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан талаарх цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус  тус шагнуулсан “Баярын бичиг”, мөн 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”, гэрч П.Цэвээн, Х.Батаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Г.Осорын Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал 2 жил 10 сар малчнаар, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал 13 жил, 8 сар малчнаар, нийт 16 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Осорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Гоолягийн Осорын Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил 10 /арав/ сар малчнаар, 1978 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал 13 /арван гурав/ жил, 8 /найм/ сар малчнаар, нийт 16 /арван зургаа/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Осорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР