Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Б-ий, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ............ төрсөн, ......настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр):

Яллагдагч М.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 05 цаг 40 минутын үед ........... урд замд “Toyota Brevis” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хооронд болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ө.Д- жолоочтой “Toyota Prius” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас мөргөж, “Toyota Brevis” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол,  “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Инвескор” ББСБ-д шууд 2.081.000 төгрөгийн, нийт 3.041.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой би өөрийн нөхөр Б-, хадам дүү Б-, түүний найз охин О- нарын хамт хотоор зугаалж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орсон. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 04 цагийн орчим 3, 4 дүгээр хороололд...цайны газар орж хоол идээд тэндээсээ нөхөр маань найзыгаа хөдөө гаргаж өгнө гээд түрүүлээд...яваад өгсөн. Би Б-гийн “Toyota Brevis”  маркийн машины хойно, урд жолоон дээр Б-, түүний хажууд найз охин О- нь суугаад бид нар гэр лүүгээ буюу 5 шар руу хөдөлсөн. ...Би машинд суугаад...унтаад өгсөн...Тэгээд нэг сэрэхэд...1 дүгээр хорооллын арын зам руу эргэдэг гэрлэн дохион дээр зогсож байсан. Тэгээд би эргээд унтсан....тэгэж байтал түс, тас гээд л явсан...ухаан ороход би гэмтлийн эмнэлэгт сэрсэн...осол болох үед би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Б- эрүүл байсан...Толгойны зүүн дээд хэсэгт цөмөрч, зүүн нүдний ухархай цөмөрсөн, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  13-14),

2. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө...05 цаг 40  минутын үед гэр рүүгээ харих гээд ........ “Шөлөндөө” хоолны газар хоолонд орчихоод гараад 1 дүгээр хорооллын хойд замаар уруудаад явж байсан. Тэр шөнө бид нар хотоор зугаалж байгаад хамгийн сүүлд хоолонд орсон ба би ядраад унтаж байсан. Гэтэл гэнэт тасхийгээд л явсан. Манай машин нэг машины араас мөргөчихсөн. Арын суудал дээр сууж байсан Д- эгч арын сандал доор ухаан алдчихсан толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь Б- бид хоёр өргөж гаргаж ирээд байж байтал урд талын машины жолооч эмнэлэг, цагдаа дуудсан...Б- эрүүл байсан. Би унтаж байсан болохоор хэдэн киломтер цагийн хуртай явж байсныг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

- “...Осол гарахаас өмнө Б-...жаахан ядраад нойр хүрээд нүд анилдаад байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10017 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн урд хэсгээс, зүүн чамархайн урд хэсэг хүртэл толгойн орой, зулайг дамнасан 23см урт үргэлжилсэн хагалгааны шархтай, зүүн хөмсөгний дээд гадаргууд босоо байрлалтай 4см урт мэс заслын оёдлын ором бүхий сорвитой, духны төв хэсэгт 2см урт мэс заслын оёдлын ором бүхий хүрэн бор өнгийн арьсны түвшингөөс доош шигдэж орсон хатуувтар тогтоц бүхий сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2018.09.07-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-н: “...Зүүн талны хөхлөг сэртэнгээс дээш чамархай, чамархайн урд дэлбэн хэсгээс дээш үргэлжилж, зүүн талд дух ясны гадна ялтас дайрсан, 0.5-2-9см хэмжээтэй ясны сэлтэрхий бүхий, дотогш 8,7см хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний ухархайн ар хажуу хана, дотор хананы 1.5х0.7см хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, хийтэй...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага хэмжээний хавантай.

2018.09.14-ний өдрийн ГССҮТ-н толгойн КТГ-т: зүүн дух болон духны хажуу хэсэгт 4.0см өргөн хэмжээтэй трепенаци хийгдсэн. Трепенацийг нүхийг 5.5х5.6см хэмжээтэй метал бэхэлгээ хийж нөхсөн... тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан хавантай...ДҮГНЭЛТ

1. О.Д-ын биед зүүн чамархай, дух яс, зүүн нүдний ухархайн ар хажуу, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, духны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

 

4. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаар магадалгаа

“...1. М.Б- нь “Toyota Brevis” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хооронд болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

5. Гэрч Ө.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 7-ны үүрээр 5 цаг 40 минутын орчим би “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг “Toyota Prius-20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод таксинд явж байгаад 10 дугаар хорооллоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь суулгасан...тэгээд 1 дүгээр хорооллын арын зам руу ордог гэрэл дохио өнгөрөөд нөгөө хоёр хүнийг буулгах гээд замын хойд тал руу 1 дүгээр эгнээд шахаж зогсоод нөгөө хоёр хүнээс таксины төлбөрөө аваад эхлээд эмэгтэй нь машинаас буух гээд хаалга онгойлгож байтал гэнэт араас тас гээд л мөргөсөн. Тэгээд мөргүүлээд 20 орчим метр газар гулсаад зогссон...тэгэхээр нь арын машин дээр очтол арын машины жолооч нэг эмэгтэйг тэврээд замаас гаргаж тавиад, буцаж гүйж ирээд ахаа туслаач гэхээр нь машин руу нь дөхөөд очтол арын сандал доор нэг эмэгтэй ухаан алдчихсан толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь тэр жолоочтой цуг арын сандал доор ухаан алдсан эмэгтэйг өргөж машинаас гаргаад би эмнэлэг, цагдаа дуудсан...Осол болох үед хөдөлгөөн бараг байхгүй машин цөөхөн явж байсан...би машиндаа үнэлгээ хийлгэж байгаа. Үнэлгээгээр гарсан мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Гэрч Ө.Д-ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 44, 17),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний 11421700 дугаар тайланд “...“Toyota Prius 20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд...2.081.000 төгрөгийн шууд, 960.000 төгрөгийн шууд бус нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.041.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 46-47),

6. Иргэний нэхэмжлэгч Э.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өлзийбаярын Даваажав нь “Toyota Prius 20” маркийн 18-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай “Инвлескор” ББСБ ХХК-нд барьцаалж 5.800.000 төгрөгний зээл авсан. Уг автомашиныг нь Ө.Д- унаж явах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд шилжсэн. Манай байгууллагын өмч байгаа юм. Ослын талаар мэдэх зүйл байхгүй...Энэ осолд үнэлгээгээр гарсан зардлыг нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...Зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг бид иргэний журмаар шийдвэрлэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  92-93),

- Зээлийн гэрээ болон эд хөрөнг эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар  (хавтаст хэргийн 39-44),

7. Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө би найз охин О-, бэр эгч Д- нарын хамт “Энт Финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг “Toyota Brevis” маркийн 10-07 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хорооллоос 5 шар руу 1-р хорооллын арын замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 05 цаг 50 минутын орчим явж байсан. Тэгээд шөнөжин нойргүй явж байсан болохоор жаахан зүүрмэглээд анхаарал алдсаны улмаас нэгдүгээр эгнээнд зогсоод хүн буулгаж байсан “Toyota Prius” маркийн ........ улсын дугаартайн тээврийн хэрэгслийн араас машиныхаа баруун урд хэсгээр нөгөө машины зүүн хойд талыг мөргөсөн. Найз охин маань миний хажууд урд сандал дээр сууж явсан бөгөөд миний хойно арын сандал дээр бэр эгч Д- ганцаараа зорчиж явсан. Тэгээд осол болох үед суудлын голд байдаг хайрцагны арыг бэр эгч Д- мөргөж гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73)

8. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 2-3), зам тээврийн осол, хэргийн газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9), хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 29-37),

- Хохирогч О.Д-ын хохирлын 8.0000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 26), “Инвлескор” ББСБ ХХК-нд хор уршгийн 3.185.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 45, 46, 48), “Тэнгэр даатгал”-ын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ (хавтаст хэргийн 119),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 104, 20, 22), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 59-64) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч М.Б- нь ..................... арын зам ......... урд замд, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 05 цаг 40 минутын үед болгоомжгүйгээр Н.Билгүүний эзэмшлийн “Toyota Brevis” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зүүрмэглэж урдаа явсан “Инвескор” ББСБ ХХК-ийн эзэмшлийн Ө.Д-ын жолоодон явсан “Toyota Prius” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан О.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Инвескор” ББСБ ХХК-д 3.041.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь;

- Хохирогч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой би өөрийн нөхөр Б-, хадам дүү Б-, түүний найз охин О- нарын хамт хотоор зугаалж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орсон. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 04 цагийн орчим 3, 4 дүгээр хороололд...цайны газар орж хоол идээд тэндээсээ нөхөр маань найзыгаа хөдөө гаргаж өгнө гээд түрүүлээд...яваад өгсөн. Би Б-гийн “Toyota Brevis” маркийн машины хойно, урд жолоон дээр Б-, түүний хажууд найз охин О- нь суугаад бид нар гэр лүүгээ буюу 5 шар руу хөдөлсөн. ...Би машинд суугаад...унтаад өгсөн...тэгэж байтал түс, тас гээд л явсан...ухаан ороход би гэмтлийн эмнэлэгт сэрсэн...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  13-14),

- Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр шөнө бид нар хотоор зугаалж байгаад хамгийн сүүлд хоолонд орсон ба би ядраад унтаж байсан. Гэтэл гэнэт тасхийгээд л явсан. Манай машин нэг машины араас мөргөчихсөн..., ...Осол гарахаас өмнө Б-...жаахан ядраад нойр хүрээд нүд анилдаад байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 76-77)

- Гэрч Ө.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 7-ны үүрээр 5 цаг 40 минутын орчим би “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг “Toyota Prius-20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод таксинд явж байгаад...1 дүгээр хорооллын арын зам руу ордог гэрэл дохио өнгөрөөд хоёр хүнийг буулгах гээд замын хойд тал руу 1 дүгээр эгнээд шахаж зогсоод...байтал гэнэт араас тас гээд л мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10017 дугаар дүгнэлт “..1. О.Д-ын биед зүүн чамархай, дух яс, зүүн нүдний ухархайн ар хажуу, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, духны шарх гэмтэл тогтоогдлоо. ... 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаар магадалгаа “...1. М.Б- нь “Toyota Brevis” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хооронд болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

- Иргэний нэхэмжлэгч Э.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өлзийбаярын Даваажав нь “Toyota Prius 20” маркийн 18-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай “Инвлескор” ББСБ ХХК-нд барьцаалж 5.800.000 төгрөгний зээл авсан. Уг автомашиныг нь Ө.Д- унаж явах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд шилжсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  92-93),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний 11421700 дугаар тайланд “...“Toyota Prius 20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд... нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.041.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 46-47),

- Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө би найз охин О-, бэр эгч Д- нарын хамт “Энт Финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг “Toyota Brevis” маркийн 10-07 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хорооллоос 5 шар руу 1-р хорооллын арын замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 05 цаг 50 минутын орчим явж байсан. Тэгээд шөнөжин нойргүй явж байсан болохоор жаахан зүйүрмэглээд анхаарал алдсаны улмаас нэгдүгээр эгнээнд зогсоод хүн буулгаж байсан “Toyota Prius” маркийн ........ улсын дугаартайн тээврийн хэрэгслийн араас машиныхаа баруун урд хэсгээр нөгөө машины зүүн хойд талыг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дүгээр зүйл “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: гэсний а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн, 8.11 зүйлийн Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хооронд болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн зам дээр зогсож байсан машиныг мөргөснөөс болж “Toyota Brevis” маркийн 10-07 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Д-д баримтаар 8.0000 төгрөгийн,  “Инвлескор” ББСБ ХХК-нд баримтаар 3.185.000 төгрөгийн хор уршиг учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б-н жолоодон явсан тээврийн хэрэгслийг “ зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах” зорилгоор даатгасан “Тэнгэр даатгал” ХХК-аас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 5.000.000 төгрөгний хохирлыг барагдуулсан (хавтаст хэргийн 119) байна. Тиймээс шүүгдэгч М.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Харин хохирогч О.Д- нь шүүгдэгчтэй төрөл садангийн хүмүүс учир гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч түүнд хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж хохирогчийн зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүднээс цаашид гарах хор уршгийн зардлыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр маргахгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бусад дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тодруулбал шүүгдэгч М.Б-гийн холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас хохирогч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн заавал хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй гэж үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Д-, иргэний нэхэмжлэгч “Инвлескор” ББСБ ХХК-д учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан хэрэгт хураагдан ирсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1178080 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1178080 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ