Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 123

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 11111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Э-, Монгол Улсын иргэн, ............. төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, ахын хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ресгистрийн дугаар ............., урьд,

1. Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ардын шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1992 оны 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялын заримыг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоогдож, Төв аймгийн шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 40 дүгээр магадлалаар 5 сар 21 хоногийн ялын тэнсэж сулласан.

3. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 549 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

4. Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18  дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлж 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.Э- нь 2018 оны 02 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө ............. гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Э-ийг баруун далан тус газар 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө тухайн үед согтуу агсам тавьснаас болж ийм асуудал болсон. Тухайн үед миний биед өнгөц шархтай байна зүгээр гэж үзээд Цэргийн төв эмнэлэг үзээд гэр лүү буцаасан. ...Би хөдөө ажилладаг тул хотод байдаггүй. Хаяа л хот руу орж ирдэг. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

“...Энэ гэмтлийг М.Э- хутгаар хатгаж учруулсан...би ямар хутга байсныг нь мэдэхгүй байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг М.Э- барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)

2. Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн 770 дугаар дүгнэлт

2018.02.13-ны Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжын хуудас №109 тоотоос:

“...Хэсэг газрын үзлэг: ....цээжний баруун талд LPV шугамаар 4-5 хавирганы түвшинд хөндлөн байрлалтай шархтай. Шархыг шалгахад доош урагш чиглэлтэй шарханд цусан бүлэн ихтэй байна.

2018.02.13-ны 01 цаг 30 минутанд цээжийг гэрэлд хархад: ...сээр нуруу мурийлттай...ДҮГНЭЛТ

1. Э--н биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-547),

3. Яаралтай тусламжийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуудаст “...Үндсэн зовиур: шархаар өвдөнө цус гарна. Одоогийн өвчний түүх: Дүүдээ хутгалуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 58),

4. Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ........... тоотод төрсөн ах Э-ийн хамт нэг гэрт амьдардаг юм. Манай ах харуул хамгаалалтын ажил хийдэг би хөдөлмөрийн чадвараа 60% алдсан тул гэртээ грүппийн тэтгэмжид байдаг. Ах бид хоёр 2008 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байгаа. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу цагаан сарын баяраас хэд хоногийн өмнө гэртээ би хоол хийгээд архи ууссан халамцуухан байж байсан чинь ах Э- гаднаас согтуу орж ирээд намайг хоол хийж байгаа юм уу, ахдаа шөлтэй хоол юм уу, бантан хийгээд өгөөч гэхээр нь би бүхэл мах чанаж байна шөлөнд нь гурил бантагнаад өгье гэж хэлсэн. Манай ах дүүтэйгээ ганц юм хуваагаад уучье гээд өврөөсөө 0.5 литрын “Хараа” архи гаргаж ирээд хоёулаа тэр архийг нь хувааж уусан. Би чанасан махаа гаргаад урд нь гаргаж тавиад ах хоолоо ид би гурил бантагнаад өгье гэж хэлээд бантан хийгээд аягалаад өгсөн. Тэгээд хоол идэж сууж байснаа  “чи муу пизда яагаад архи уугаад байгаа юм, архи уухаа боль” гээд над руу агсагнаад намайг “тэнэг бацаан, мангар бацаан” гээд үг хэлээр доромжлоод шана руу 2-3 удаа цохиж аваад миний гуя руу сэрээгээр хатгасан. Тухайн үед би зузаан хувцастай байсан болохоор надад гэмтэл учруулаагүй. Тэгээд миний нүүр рүү хоол цацаад... сэрээгээр хатгах гэхээр нь би гарыг нь зайлуулаад түлхээд чанасан махан дээр байсан хутгыг аваад дал руу нь нэг удаа хатгасан. Би ах Э-ийг агсагнаад байхаар нь айлгах гэж нэг удаа хатгасан. Би өөрөө түргэн тусламж дуудаад ахыгаа үзүүлээд өөрөө бас цагдаа дуудаад тухайн үед согтуу байсан болохоор эрүүлжүүлэгдсэн. Тухайн үед бид хоёрын хажууд хэн ч байгаагүй гэртээ хоёулахнаа байсан. Тухайн үед миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй зүгээр байсан...бид хоёр өмнө нь олон удаа маргалдаж байсан. Тэгэхдээ зодолдож гэмтэл бэртэл учруулж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73),

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 28),  тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 29-34), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 61-64), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 95-96, 124-128) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Э- нь ............ гэртээ, 2018 оны 02 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Э-ийн баруун далан тус газар 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ гэмтлийг М.Э- хутгаар хатгаж учруулсан...би ямар хутга байсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)

- Яаралтай тусламжийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуудаст “...Дүүдээ хутгалуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 58),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 770 дугаар дүгнэлт “...1. Э-ийн биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-547),

- Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ах...хоол идэж сууж байснаа  “чи муу пизда яагаад архи уугаад байгаа юм, архи уухаа боль” гээд над руу агсагнаад намайг “тэнэг бацаан, мангар бацаан” гээд үг хэлээр доромжлоод шана руу 2-3 удаа цохиж аваад миний гуя руу сэрээгээр хатгасан. ...Тэгээд миний нүүр рүү хоол цацаад... сэрээгээр хатгах гэхээр нь би гарыг нь зайлуулаад түлхээд чанасан махан дээр байсан хутгыг аваад дал руу нь нэг удаа хатгасан. Би ах Э-ийг агсагнаад байхаар нь айлгах гэж нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Э- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “намайг сэрээгээр хатгасан” гэх сэдэлтээр, хохирогч М.Энхбтөрийг хутгалж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э- нь хохирогч ...Э-ийгг хутгалсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар нь төрсөн ах дүү, мөн нэг хаягт оршин суудаг байх тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

Иймд шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч М.Э- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Э-, хохирогч Э- нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж М.Э- ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Иймд шүүгдэгч М.Э- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн ар нуруу буюу далны дунд шугамнаас доош, 4-5-р хавирганы түвшинд хөндлөн байрлалтай шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвар 60% алдсан байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар М.Э-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 11111111111111  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ