Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 212

 

                                                      Ж.Б- холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хохирогчийн өмгөөлөгч Б.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлалтай, Ж.Б- холбогдох 201626030995 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эмэгтэй, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг  биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.

 

Шүүгдэгч Ж.Б- нь

1. “Япон улсаас хямд үнэтэй “Ланд крузер-200” маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Т.Баасангаас 21.000.000 төгрөг, иргэн Д.Галхүүгээс 29.894.000 төгрөг, нийт 50.894.000 төгрөгийг,

 

2. 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны салбарт иргэн Н.ЦэрэнпунцагтТоёота Хайландер” маркийн автомашин зарна” гэж хуурч, 10.000.000 төгрөгийг,

 

3. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Батдолгорыг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2.000.000 төгрөгийг,

 

4. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Батдолгорыг төөрөгдөлд оруулж хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.800.000 төгрөгийг,

 

5. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Unegui.mn” зарын сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ж.Мөнх-Одыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч, өөрийн дансаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг,

 

6. 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж “Архангай аймгийн нэгдсэн групп”-т “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн шатахуун түгээх станцын урд байрлах иргэн Д.Цэрэнбатын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Д.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг,

 

7. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж “Хөвсгөл аймгийн нэгдсэн групп”-т “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Даваадоржийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.900.000 төгрөгийг,

 

8. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж “Батнасан Мөнхзаяа” гэх хаяганд “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1 а-21 тоот хашаанд байрлуулсан бусдын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн И.Галхүүг төөрөгдөлд оруулж хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 1.000.000 төгрөгийг,

 

9. 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сутай буянт” зах дээр байрлах бусдын эзэмшлийн 20 тонны 4 ширхэг, 40 тонны 1 ширхэг, нийт 5 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Л.Насанбаярыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар мөн өдөр 10.000.000 төгрөгийг,

 

10. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл Facebookашиглаж “Батнасан Мөнхзаяа” гэх  хаяганд “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Баян-Өлгий аймгийн иргэн Ж.Еркинд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу чингэлэг ачуулсан гэж бодит байдлыг нуух замаар чатаар зураг үзүүлж, төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2.500.000 төгрөгийг,

 

11. 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Unegui.mn” зарын нэгдсэн сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байрлах бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн А.Анарыг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2.000.000 төгрөгийг,

 

12. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Facebook зарын сайтанд тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн Ц.Нарантуяатай холбогдож, чатаар бусдын 40 тонны чингэлгийн зураг үзүүлж, өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2.500.000 төгрөгийг,

 

13. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж “Мөөгий Мөнхбат” гэх хаягнаас “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Т.Лхагвадоржийг төөрөгдөлд оруулан хуурч, худалдан борлуулахаар тохирч, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бусдын дансаар 1.500.000 төгрөгийг,

 

14. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж “Batjii Luwsan” гэх хаягаар иргэн Т.Октябрьтай холбогдож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Транс” ХХК-ийн гаалийн хашаанд байсан 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 3.500.000 төгрөгийг,

 

15. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж зарын сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол транс” ХХК-ийн “Ачаа гаргах зөвшөөрөл”-ийн бичгийг хуурамчаар үйлдэн ашиглаж, хашаанд байсан 20, 40 тонны 3 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Бат-Эрдэнийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.200.000 төгрөгийг,

 

16. 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж зарын сайтад тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн П.Батсүхтэй холбогдож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн хашаанд байсан 20 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.800.000 төгрөгийг,

 

17. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл Facebook ашиглаж зарын сайтанд тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн Б.Тавхайтай холбогдож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Сэнгүр горхи” хотхоны урд талд байрлах 20 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар 2.000.000 төгрөгийг,

 

18. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн орчим хохирогч Н.Уламбаярт “Монгол транс” тээвэр зуучийн хашаанд байгаа гааль дээрээс суларсан чингэлэг зарна” хэмээн Дэлгэрцэцэг нэрээр 3 ширхэг зөвшөөрлийн хуудас өгч хууран, зохиомол байдлыг зориудаар бий болгож, З.Дэлгэрцэцэгийн 5749431372 дугаартай “Хаан банкны дансаар 3.000.000 төгрөгийг,

 

19. “Надад 40 тонны GESU472426, SU926771445G1 гэсэн 2 ширхэг зарах чингэлэг байна. Материал импексийн хашаанд байгаа” гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч иргэн Д.Гантөмөрөөс 5.300.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдааны төвийн хажуу талын “Хаан” банкны АТМ-аас шилжүүлснийг иргэн Б.Баянжаргалын эзэмшдэг “Хаан банк”-ны 5031207050 дугаарын дансыг ашиглан өөртөө шилжүүлэн авч 5.300.000 төгрөгийг,

 

20. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “40 тонны чингэлэг” зарна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Батцэрэнг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соло малл” дэлгүүрээс шилжүүлэх байдлаар 2.000.000 төгрөгийг,

 

21. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Энхтайванд “Япон улсаас хямд үнэтэй “Prius 20” загварын автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 1.100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн 5755105747 дугаарын дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр үргэлжилсэн үйлдлээр нийт 2.500.000 төгрөгийг,

 

22. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Нарангаравт “Япон улсаас RX450 маркийн автомашин оруулж ирнэ. Тээврийн хөлсөнд 2.000.000 төгрөг өгөх шаардлагатай” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг,

 

23. Япон улсаас хямд үнээр автомашин захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар иргэн Г.Төрболдоос 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Х.Баярмаагийн “Хаан” банкны 5753208553 дугаартай дансаар 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 129.754.0000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

 

24. Мөн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын малчин баг, хөтөл хорооллын задгай тоотод байх иргэн Т.Ганпүрэврийн эзэмшлийн 20 тонны доторлогоотой чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж 3.000.000 төгрөгийн,

 

25. 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын зүүн талын грашийн хажууд байрлуулсан иргэн Г.Эрдэнэцогтын эзэмшлийн 20 тонны 1 ширхэг чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч бусдад зарж 2.630.000 төгрөгийн,

 

26. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг дотор нь байсан эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж 6.042.948 төгрөгийн,

 

27. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж 3.500.000 төгрөгийн,

 

28. 2018 оны 6 дугар сарын 11-нээс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг, Хустай гэх газарт байсан иргэн Р.Банзрагчийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч бусдад зарж 3.592.500 төгрөгийн,

 

29. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, 60-ын даваа гэх газарт байсан иргэн Д.Сарангэрэлийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж Д.Сарангэрэлд 6.096.060 төгрөгийн,

 

30. 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн ШТС-ын урд байрлах иргэн Д.Цэрэнбатын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлахыг завдсан,

 

31. 2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бор толгой гэх газарт байх хашаанаас иргэн Б.Наранчлууны эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 20 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан,

 

32. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-ын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж 10.178.000 төгрөгийн,

 

33. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1а-21 тоот хашаанд байрлуулсан иргэн Э.Баясгалангийн эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж 5.000.000 төгрөгийн,

 

34. 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж М.Санчирт 4.600.000 төгрөгийн,

 

35. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах иргэн Р.Энхзаяагийн эзэмшлийн 20 тонны 2 ширхэг чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж 6.052.000 төгрөгийн,

 

36. 2018 оны 5 дугаар сарын 3-наас 9-ний өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Галзуу харын худаг гэх газарт байрлах иргэн Э.Гантөмөрийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж 4.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 59.891.508 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б- холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Ж.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”, “Бусдын эд хөрөнгийг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-дзааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б- оногдуулсан 2 жил хорих ялыг 8 жил хорих ялд нэмж нэгтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Ж.Б- энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон нийт 296 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 29.894.000 төгрөг гаргуулж Д.Галхүүд, 21.000.000 төгрөг гаргуулж Т.Баасанд, 10.000.000 төгрөг гаргуулж Н.Цэрэнпунцагт, 3.000.000 төгрөг гаргуулж Б.Ганпүрэвт, 2.630.000 төгрөг гаргуулж Г.Эрдэнэцогтод, 1.482.948 төгрөг гаргуулж Д.Болорт, 3.592.500 төгрөг гаргуулж Р.Банзрагчид, 5.047.500 төгрөг гаргуулж Д.Сарангэрэлд, 5.178.000 төгрөг гаргуулж Б.Батчимэгт, 1.900.000 төгрөг гаргуулж Ч.Даваадоржид, 1.000.000 төгрөг гаргуулж И.Галхүүд, 10.000.000 төгрөг гаргуулж Л.Насанбаярт, 2.500.000 төгрөг гаргуулж Ж.Еркинд, 2.000.000 төгрөг гаргуулж А.Анарт, 2.500.000 төгрөг гаргуулж Ц.Нарантуяд, 1.500.000 төгрөг гаргуулж Т.Лхавадоржид, 3.150.000 төгрөг гаргуулж Т.Октябрьт, 6.600.000 төгрөг гаргуулж Г.Бат-Эрдэнэд, 1.700.000 төгрөг гаргуулж П.Батсүхэд, 1.661.000 төгрөг гаргуулж Б.Тавхайд, 252.000 төгрөг гаргуулж Р.Энхзаяад, 4.200.000 төгрөг гаргуулж Э.Гантөмөрт, 7.400.000 төгрөг гаргуулж Н.Уламбаярт, 5.300.000 төгрөг гаргуулж Д.Гантөмөрт, 2.000.000 төгрөг гаргуулж Б.Батцэрэнд, 2.500.000 төгрөг гаргуулж П.Энхтайванд, 2.000.000 төгрөг гаргуулж Л.Нарангаравт, 6.000.000 төгрөг гаргуулж Г.Төрболдод, 2.900.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилд тус тус олгож,

Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 9 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах Майханцахир ХХК-ийн хашаанд хураагдсан 20 тонны ногоон өнгийн чингэлгийг иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилоос гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Энхзаяад олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтаас “... 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б- гаргасан гомдолдоо “... би өөрийн үйлдсэн гэмт хэргийн уршигийг ойлгон гэмшиж байна. Би 62 настай хөгшин ээж 2 нялх хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү маань төрөлхийн эмгэг өвчтэй учир Б.Оргил хүүгээ эмчлүүлэх мөнгөний хэрэг байсан учир би энэ хэргийг үйлдэхэд оролцож өнөөдөр хэргийн хариуцагч болж одоо хаалттай хорих 407 дугаар ангид тусгаарлуулан хоригдож байна. Би гэмт хэргийн хор уршиг ойлгон гэмшиж байна. Хүнд амьдарлыг ганц биеэр үүрч өвчтэй үрийнхээ байнгын зовиур шаналыг хараад суугаад байж чадалгүй гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэргийн үнэн бодит байдлыг бүхэлд хянан шалгаагүй намайг олон хоногоор цагдан хорьж хавтас хэрэгтэй огт танилцуулахгүй хэргийг прокурорт шилжүүлж хоёр шатны шүүх миний болон миний өмгөөлөгчийн хүсэлтийг үл тоон 11 жилийн ялыг хаалттай ангийн тусгайд ял эдлүүлэх боллоо. Энэ шийдвэрийг гаргахдаа зөвхөн нэг талыг барьж намайг яллах талыг барьсан. Би прокурор болон мөрдөн байцаагчид хэргийн талаар хамтран оролцогчдыг шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч тэд намайг огт хэрэгсэж сонсоогүй. Миний ард гэмт бүлэглэл байсан. Би өрх толгойлон ганц бие эмэгтэй. Намайг өмгөөлж, хамгаалах хэн ч байгаагүй. Тэд надад дарамт шахалт ихэд үзүүлдэг байсан. Миний хүүхдийг барьцаалж байгаад надаар гэмт хэрэг хийлгэдэг байсныг би үнэнээр нь мэдүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн надад явагдаж намайг олон жилээр яллаж хамгийн хатуу дэглэмд ял эдлүүлж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Миний амьдралын гачигдалтай байдлыг ашиглан тэд надаар гэмт хэрэг хийлгэсэн. Миний хүүхдийг барьцаалж намайг айлган сүрдүүлж нотлох бичиг байгааг мөрдөн байцаагч хэрэгсээгүй өөрөөр хэлбэл хуулийн хамгаалалт надад болон миний гэр бүлд байгаагүй. О.Одонгуяа, Ц.Гэрэлчимэг, А.Жаргал, Х.Сарангэрэл хэмээх эмэгтэйчүүд хэргийг зохион байгуулдаг байсан. Тэд хохирогч нартай холбогдож бүхий л зүйлийг урьдчилан зохион байгуулаад намайг явуулж мөнгө авахуулаад бага зэргийн хувь надад өгдөг байсан. Би 292 хоног цагдан хоригдож энэ үед “Корона” вирус гарч эргэлт хаагдсан учир би ар гэрийн эргэлтгүй үед ээж минь миний хоёр хүүхдээс илүүчилж намайг эргэж чаддаггүй байсан. Гэтэл энэ хугацаанд иргэний бүртгэл мэдээллийн ажилтан Э.Энхтуяа, Д.Ганчимэг нар миний ээжтэй уулзаж “хүүхэд нь нас барсан гэсэн бичиг “гэрчилгээ” гаргаад өгвөл охин чинь шоронгоос гарна. Та 1.050.000 төгрөг өг би тэр бичиг баримтыг гаргаад охиныг чинь шоронгоос гаргаад өгье” гэхэд  миний ээж үнэмшээд 1.050.000 төгрөг өгсөн байгаа юм. Тэд хамаг хэргээ надад үүрүүлээд зогсохгүй миний ядарсан ээжийг хүртэл хуурч мэхлэн тохуурхан доромжилж миний хувийн байдалд муугаар нөлөөлсөн. Энэ үед би цагдан хоригдож байсан. Бичиг үсэг мэдэхгүй ээж минь ийм бичиг баримт үйлдэх чадваргүй. Дээрх иргэний бүртгэлийн ажилтан нар Ж.Мөнхбаттай хамтран гэмт хэрэг хийдэг урьд өмнө Л.Эрдэнэчимэг нэрийг минь нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч байсан. Сарангэрэл, Жаргал, Одонгуа, Тэгшжаргал, Гэрэлчимэг, Мөнхбат нарын банкны дансны хуулгыг шалгуулах хүсэлт өгөөд байхад огт шалгаагүй миний гараар дамжин орсон байгаа. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зарим мэдүүлгийг би өгөөгүй байхад зохиомол мэдүүлгээр намайг буруутгасан. Мэдүүлгийг прокурор уншсанд маш гайхаж гомдож байна. Тухайлбал: би Цэрэнпунцагтай холбогдон мэдүүлэг огт өгөөгүй. Мөн хохирлын тооцоог үнэн зөвөөр гаргаагүй хохирлын тооцоог хянан үнэн зөв тогтоогоогүй. Очирхүү гэдэг хүний данс 5276074787 тоот дансанд Д.Галхүү 1.900.000 төгрөг 2016 оны 05 дугаар сарын 09-нд хийсэн байхад энэ хохирлыг надад гаргасан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 20-нд П.Шинэхүүд хохирогч Цэрэнпунцаг мөнгийг өгсөн. Энэ үйлдэлд Шинэхүү маш их хамааралтай байсан. П.Шинэхүү 10 сая төгрөг надаас авсан гэдгээ мэдүүлэхдээ хүлээн зөвшөөрч хохирлын мөнгийг буцаан өгөхгүй гэж мэдүүлэгтээ мэдүүлсэн байдгыг шүүх харгалзан үзэж прокурор, байцаагч нар П.Шинэхүү огт шалгаагүй. 20, 40 тоннын даацтай том чингэлгүүдийг ганцаараа хулгайлж худалдаж, цоожийг эвдэн солих гэх үйлдэлд би ганцаараа үйлдээгүй гэдгээ байцаагчид хэлэхэд шалгаж тогтоогоогүй. Энэ бүхнийг хийж хамтран оролцсон улс мөнгөний ихийг авсан хирнээ хуулийн өмнө ямарч хариуцлага хүлээлгүй ял завшиж үлдэж буйд гомдолтой байна. Тухайлбал хорооллын хөх чингэлгийг Дуйхурт өгөөд миний мөнгийг авчих найз нь Дуйхуртай ярьсан байгаа гэхээр нь би аваачиж өгсөн. Би Япон улсаас “Ланд крузейр-200” оруулж ирлээ гэж Баасангаас 21 сая, Галхүүгээс 29.894.000 төгрөгийг авсан хэмээн хариуцлага хүлээсэн. Гэтэл энэ мөнгийг машин зардаг ченж Ж.Мөнхбат, Сэрээтэр, Бямба нарын данс руу хохирогч Д.Галхүү шилжүүлсэн. Тэд энэ хэргийг хийлгэж тухайн тухайн мөнгийг авсан Ж.Мөнхбатын 2016 оны 05 дугаар сарын 05-ны “Хас” банкны данс руу ченж Сэрээтэр хийсэн. Мөн 2016 оны 05 дугаар сарын 13-нд Ж.Мөнхбатын Япон дахь “Мицүбиши” банкны дансанд “Хас” Банкны гадаад гуйвуулгаар хохирогч Галхүү мөнгийг шилжүүлсэн банкны баримт байсаар байтал байцаагч нар үнэн бодитыг шалгалгүй хохирлын тооцоог тогтоогоогүй байна. Мөн нэр бүхий хохирогч нарын чингэлгийг хулгайлахад байршил чиглэлийг тогтоон цоожийг эвдэх болон солих хохирогч нартай утсаар ярих зэрэг зохион байгуулан оролцсон О.Тэгшжаргал, О.Одонгуа, Батсүрэн, Гэрэлчимэг нарыг огт шалгаагүйг дурдмаар байна. 2019 оны 12 дугаар сарын 09-ний үйлдэл нь Г.Төрболдын ээж Гантуул нь хүүгийнхээ буцаан аван банкны камерын бичлэг мөн 6.000.000 төгрөгийг 600.000 төгрөг Г.Төрболдын хойд аав гэх П.Энхтайваны дансанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга байхад хохирлын үнэн зөвийг тогтоохоор мөрдөгч, прокурор нар бүрэн гүйцэт шалгаагүй болно. Чингэлгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэй намайг танилцуулж тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөх эсэхээс зөвшөөрвөл үнийн шинжээч дахин томилуулах хүсэлт гаргах эрхийг минь зөрчсөнд гомдолтой байна. Мөн Н.Цэрэнпунцаг хохирогчийн гомдолтой холбоотой миний өгсөн мэдүүлэг огт биш болно. Зохиомол мэдүүлэг байна. Мөн П.Энхтайван хохирогч мэдүүлгийг хянаж өгөөч П.Энхтайваны дансны хуулга байгаа. Миний бие хавтаст хэргийн Г.Хандсүрэн гэх эмчийн мэдүүлэг, Ц.Дуйхур, С.Барсболд, П.Шинэхүү, Ц.Охиноо, Б.Баяржаргал, П.Энхтайван, Б.Пунцагдаш нарын мэдүүлгүүдийг шинжлэн судалж үзнэ үү хэмээн хүсэж байна. Намайг ялтан залилагч, хулгайч хэмээн үзэж миний өгсөн мэдүүлгээр байцаагч прокурор нар шалгаж үнэн бодитыг үнэн зөвөөр тогтоож өгөөгүйд гомдож байна. Ядарсан эмэгтэй надад энэ бүх хэргийг тохож олон жилийн хүнд ялаар шийтгэсэн хэрнээ бусдын авсан бүх хохирлыг надад тохож үнэн байдлыг гуйвуулан хохирогч нарыг хүртэл давхар хохироож гэмт хэрэг үйлдсэн хүмүүс зүгээр хоцорч хуулийн шударга зарчим алдагдаад байна. Мөн хохирлын тооцоо маш их зөрүүтэй байгааг хянаж үзнэ үү. Мөн миний хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байхад миний бага насны 2 хүүхдийг асран хамгаалагчаар Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хүүхдүүдийн минь эрх ашгийг зөрчсөн сөрөг үйл ажиллагаа юм.       
 Миний хувийн байдал бага насны 2 хүүхэд, 61 настай хөгшин эхийг минь анхааран үзэж надад авагдсан хаалттай хорих ангид 11 жилийн хорих ялыг минь хөнгөрүүлж ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. Мөн намайг ашиглан амьдралын гачигдалтай байдлыг далим болгон надаар гэмт хэрэг үйлдүүлж олсон мөнгийг авдаг байсан нэр бүхий этгээдүүд О.Одонгуа, Ц.Гэрэлчимэг, А.Жаргал, Х.Сарангэрэл, П.Шинэхүү, О.Тэгшжаргал, Ж.Мөнхбат нарыг мөрдөн шалгаж хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү. Миний хүү Оргилыг нас барсан гэж хуурамч бичиг баримт үйлдэж ээж С.Аляа минь хууран мэхлэж айлган сүрдүүлж 1.050.000 төгрөг авсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтан Э.Энхтуяа, Д.Ганчимэг нарт хуулийн хариуцлага тооцож ээж Аляагаас авсан 1.050.000 төгрөгийг буцаан миний эрх зүйн байдлыг доройтуулсан улсын байгууллагын ажилтанд хариуцлага тооцож өгнө үү. Хохирлын тооцоо буруу байгааг хянан үзэж надаас болон бэлэн дансаар мөнгө авч байсан дээрх нэр бүхий хүмүүсийг мөрдөн шалгаж үнэн мөнийг тогтоож өгөхийг хяналтын шатны эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгч Б.Минжүүрдорж хэлсэн саналдаа “.... шүүгдэгч Ж.Б-ын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Болорцэцэг хэлсэн саналдаа “... хэлэх санал байхгүй” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн хийж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 09өөс 2019 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд “Япон улсаас авто машин хямд оруулж ирнэ”, “авто машин худалдана”, “бусдын эзэмшлийн” 20 болон 40 тонны багтаамжтай чингэлгийг “өөрийнх” гэж бусдыг хуурч худалдах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 39 иргэнийг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, 178.507.508 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 10аас 2018 оны 07 дугаар сарын 17ыг хүртэлх хугацаанд бусдын эзэмшлийн 20, 40 тонны багтаамжтай чингэлэг болон дотор нь байсан эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлж нэр бүхий 3 иргэнд 15.178.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б-ын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт үйлдлийн 36 удаагийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 39 иргэнд 36 удаагийн үйлдлээр учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар машин механизм ашиглан хулгайлах, мөн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 8 жил хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

 

Шүүх өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилээр тогтоосон нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан 140.809.948 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон болохыг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан бага насны 2 хүүхэдтэй эхэд оногдуулсан хорих ял эдлэх “хаалттай” дэглэмийг “нээлттэй”  гэж өөрчилж, шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... хохирлын тооцоо маш их зөрүүтэй, 11 жилийн хорих ялыг минь хөнгөрүүлэх, нэр бүхий этгээдүүд О.Одонгуа, Ц.Гэрэлчимэг, А.Жаргал, Х.Сарангэрэл, П.Шинэхүү, О.Тэгшжаргал, Ж.Мөнхбат нарыг мөрдөн шалгуулах, хуурамч бичиг баримт үйлдэж ээж С.Аляаг минь хууран мэхлэж 1.050.000 төгрөг авсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтан Э.Энхтуяа, Д.Ганчимэг нарт хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- оногдуулсан 11 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч Ж.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “... ял эдлэх дэглэм хөнгөрүүлж өгнө үү” гэснээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                             Б.БАТЦЭРЭН

 

                                                             Б.ЦОГТ

 

                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН