Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 125/2018/0051/З |
Дугаар | 221/МА2019/0294 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0294
|
|
|
Х.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б, өмгөөлөгч М.Э, хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Д.Э нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.М-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д заасан үндэслэлийн тухайд:
Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасан хуулийн зохицуулалтыг сонгон шалгаруулалтаар томилохоор зохицуулсан байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
“Шалгаруулж авах”, “сонгон шалгаруулах” гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд шалгаруулж авна гэдэг нь эрх бүхий албан тушаалтан нь өөрийн томилсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуулийн шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа тухайн ажлын байранд ажиллаж байсан ажилтныг сонгохыг хэлдэг бол сонгон шалгаруулах гэдэг нь сул орон тоо гарсан тохиолдолд сул орон тоог нөхөх эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангаж байгааг тодруулах ойлголт юм.
Гэтэл шүүхээс сонгон шалгаруулалт нь зөвхөн тухайн ажлын байранд ажиллаж байсан албан тушаалтнуудын дунд хамааралтай юм гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б нь 2018 оны 07 сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу мэдлэг ур чадварын шалгалтыг зохион байгуулах тухайгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн үйлчилгээний албан тушаалтанд мэдэгдсэн байдаг бөгөөд 2018 оны 08 сарын 06-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар ажлын хэсгийг байгуулж, 2018 оны 08 сарын 08-ны өдөр шалгалт зохион байгуулж сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын шалгаруулж авна гэсэн зохицуулалтыг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн шүүхээс Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээний нийт дундаж оноо гэсэн багананд бичигдсэн оноог тестийн шалгалтын онооны дүн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа. Учир нь Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэр, дүн мэдээнд нийт 8 үзүүлэлтээр дүгнэж оноо тавьсан байдаг ба шалгалт гэсэн багананд тусгайлан оноо өгөөд нийт дундаж оноо гэсэн багананд нийт оноог нэгтгэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байхад юуг үндэслэж нийт дундаж оноог шалгалтын оноо гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Ажлын хэсгийн шийдвэр, дүн мэдээний 2017 оны жилийн эцсийн ҮДГ-ний үнэлгээ /хувиар/ гэсэн багананд тавигдсан оноо нь 2017 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт /хувиар/, 2017 оны жилийн эцсийн авлагын үлдэгдэл гэсэн багананд тавигдсан оноонууд нь давхцаж байгаа. Учир нь Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ төлөвлөгөөний биелэлт, авлагын үлдэгдлийг бүтэн жилээр нь дүгнэж оноо өгсөн байдаг ба гэрээний биелэлтийг дүгнэснээс хойших хугацааны биелэлт, үлдэгдлийг 2018 оны хагас жилээр дүгнэсэн байгаа. Гэтэл шүүхээс гэрээг дүгнэснээс хойш 12 сарын 31-ний өдрийн байдлаар гаргаж шалгаруулалтын нэг үзүүлэлт болгосон болох нь тогтоогдсон, давхардуулан оноо өгсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай шууд хамааралтай... орон тоо цөөрсөн тохиолдолд...нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан зохицуулалт нь орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх болохоос орон тоо цөөрсөн тохиолдолд энэ заалт хамааралгүй юм.
Мөн шүүх маргаан бүхий захиргааны актын бусад хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын “Хоёр”-ын 2.2.3 дахь заалтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/37 тоот “Х.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т заасан үндэслэлийн тухайд:
А.М-д хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалыг хавсруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/22 тоот тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг батлагдсан.
Шинээр батлагдсан бүтцээр сургалт сурталчилгаа, нэг цонхны үйлчилгээ хариуцсан байцаагч, мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоо нэгдэж сургалт сурталчилгаа, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үргэлжлүүлэн ажиллахаар томилогдсон.
Гэтэл төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч, үйл ажиллагааны нягтлан бодогч хоёрын орон тоо нэгдэж төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн бүтэцтэй болсон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан А.М-ыг дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилох ёстой байтал батлагдсан бүтэц орон тоог мөрдөж ажиллахгүй хуучин ажиллаж байсан албан тушаалын орон тоон дээр нь шинээр нэмэгдэж ирсэн сул орон тоо болох хяналт шалгалтын байцаагчийн ажлыг А.М-д хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан Б/40, 02 дугаартай тушаалууд нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд гарсан сул орон тоонд нөхөн томилогдох эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм.
Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтан С.Г-ыг Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалтыг үндэслэн шалгаруулалтад оролцуулж, хасагдсан орон тоон дээр нь үргэлжлүүлэн ажиллуулж байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн байх зарчимд нийцээгүй хууль бус үйлдэл ба энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тухайлбал анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд явуулалгүй, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, “шалгалтын комиссын дүнг үндэслэж Х.М-ыг ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчид тэтгэмж олгох үүднээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэлтсийн дарга тушаалдаа баримталсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Зүй нь анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч нарын шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээ” нь захиргааны акт мөн эсэх, түүнийг үндэслэж гарсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасантай нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц, орон тоо батлах” тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалтын баталсан бөгөөд уг тушаалын хавсралтаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо 3 байсныг 2 болгон цөөрүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн хамаарах эсэх, эсхүл нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдаж өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байсан зэрэгт холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөхөөр байна.
Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц, орон тоо батлах” тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар “Төлөвлөлт, судалгаан шинжилгээний, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч”, “Үйл ажиллагааны нягтлан бодогч” гэсэн 2 орон тоог нэгтгэж, “Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч” гэсэн 1 орон тоо бий болсон бөгөөд энэхүү орон тоо нь төрийн захиргааны, эсхүл төрийн үйлчилгээний орон тоо эсэхийг тогтоосон тохиолдолд “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, холбогдох тайлбарыг гаргуулах,
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц, орон тоо батлах” тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар “Төлөвлөлт, судалгаан шинжилгээний, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч”, “Үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн 2 орон тоог нэгтгэж, “Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч” гэсэн 1 орон тоо бий болсон байхад “Үйл ажиллагааны нягтлан бодогч” ТҮ-7, “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны тодорхойлолтууд хэрэгт авагдсанаас үзвэл орон тоо цөөрөөгүй байгааг шүүх анхаарч дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх,
3. Мөн “Үйл ажиллагааны нягтлан бодогч” ТҮ-7, “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”, “Хяналт шалгалтын байцаагч” гэсэн орон тооны албан тушаалын зэрэглэлийг зөв тодруулснаар нэхэмжлэгч Х.М-ыг өөр ажил, албан тушаалаар хариуцагч хангаж, ажиллуулах боломж байсан эсэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад ач холбогдолтой байхаар байна.
Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР