Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0270/З/ |
Дугаар | 001/ХТ2016/0028 |
Огноо | 2016-02-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/0028
М.У-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, О.Зандраа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч М.У-а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор М.У-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.У-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалаар надад урьдчилан мэдэгдэлгүй гэнэт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэлийн албан тушаалаас орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн атлаа миний оронд тус газарт Т.Булгантамирыг зөрүүлэн улсын бүртгэгчээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дүгээр заалтыг зөрчсөн.
Бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон бидэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шалгаруулалт хийгээгүй нь дээрх хуулиудыг зөрчсөн. Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, уг тушаалын хавсралтын 94 дугаарт бичигдсэн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, зохих бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: М.У-а нь тус газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.24-т заасан шиг нь нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин тус хуулийн 27.2.3-т заасантай нэгэн адилаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс нь газарт нэгтгэгдэх замаар өөрчлөгдөн улмаар түүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч тухайн улсын бүртгэгчийн албан тушаал нь 6 оронтой байснаа 5 оронтой болон цөөрсөн байна. Иймд М.У-ыг цомхтгосон асуудал нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.У-ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.У-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгож, М.У-ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.У-а хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг нь “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” болох талаар хоёрдмол утгагүйгээр илэрхийлж байсан. Албан тушаалтны хууль бус тушаал, эс үйлдэхүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар олгогдсон баталгаа, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн нь тодорхой бөгөөд шүүх тухайн захиргааны байгууллагын акт хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх ёстой болохоос түүнийг сэргээх боломжтой эсэхийг харгалзан шийдвэрээ гаргах ёсгүй.
2. Ажлаас нь чөлөөлсөн 388 дугаар тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасныг баримталсан нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирдоггүй, тухайн акт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.
3. Ажлаас чөлөөлөх тухай тушаал анхнаасаа хуулийн буруу заалтыг үндэслэл болгосон учраас улсын бүртгэгч нарыг буцаан ажилд нь томилох үйл ажиллагаа хуульд заасан шаардлагыг хангаагүй, зарим хүмүүсийг буцаан томилоогүй эс үйлдэхүй гарсан. Үүнийг зөвтгөх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 -т заасны дагуу албан хаагчийг шалгаруулсан мэт протокол үйлдсэн нь гэрч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлгээр тогтоогдог. Нөгөө талаар хариуцагчаас маргаж буй шалгаруулалт хийгдсэн гэх үйл баримт нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д заасан шаардлагыг хангахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4, 4.2.5, 4.2.6-д заасан зарчимд нийцдэггүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн. Мөн М.У-ын 2014 оны үр дүнгийн гэрээний “С” үнэлгээг үндэслэн шалгаруулалтаар хассан гэх нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг зөрчжээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар цуглуулж болох бүхий л нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж шийдвэр гаргасан гэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 23 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.У-а нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 388 тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байна.
М.У-а нь Иргэний бүртгэлийн газрын Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд “байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн” үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 388 дугаар тушаалаар түүнийг албан тушаалаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийн тухайд байгууллагын орон тоо цөөрсөн үйл баримттай холбогдуулан маргаагүй, харин “сонгон шалгаруулалт явуулж, чөлөөлөгдөх албан тушаалтныг сонгох байтал тэгш бус хандаж, зөвхөн намайг ажилд эгүүлэн томилоогүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.
Эндээс нэхэмжлэгчээс “сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж, хариуцагчаас “томилох эрх бүхий албан тушаалтан холбогдох хэлтсийн дарга нартай санал солилцож, хүн тус бүрээр хэлэлцэж, сонгон шалгаруулалт явуулсан” гэж маргажээ.
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ажил дүгнэх, сонгон шалгаруулах хурал болж, зөвхөн үр дүнгийн гэрээний биелэлтээр С үнэлгээ авсан М.У-ад “хасах” үнэлгээ өгсөн, мөн нэхэмжлэгчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтын талаар хэлэлцсэн болох нь Хурлын тэмдэглэлээс тогтоогдож байна.
Харин хариуцагчаас хуульд заасан бусад нөхцөл болох ажлын дадлага туршлага, мэргэжлийн түвшин, ур чадвар, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага, тусгай шаардлагыг хэн нь хэрхэн хангасан, нэхэмжлэгчийн тухайд ямар шаардлагыг хангахгүй байгаа талаар үнэлж дүгнээгүй буруутай бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчаас “Хурлын тэмдэглэлийн хоёрдугаар хавсралтаар үзүүлэлт тус бүрээр дүгнэсэн” гэх боловч энэхүү үзүүлэлт нь Хурлын тэмдэглэлээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл ур чадвар, ажлын туршлага, албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын талаар мөн өдрийн хуралд хэлэлцэгдээгүй, энэ тухай баримт байхгүй тул дээрх тайлбар няцаагдаж байна.
Захиргааны байгууллага нь бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн тохиолдолд ажилтныг албан тушаалаас чөлөөлөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулах замаар, үндэслэл бүхий тайлбар гаргах, ажилтан нэг бүрт тэгш хандах, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, дадлага туршлага зэргийг бодитойгоор, баримт нотолгоотойгоор үнэлж, дүгнэх үүрэгтэй.
Хариуцагчаас М.У-ын Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ 79 оноо буюу “хангалттай” гэж үнэлсэн атлаа гэрээний үзүүлэлт тус бүрээр оноо өгөөгүй, 79 оноог яаж тогтоосон нь тодорхойгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 4.3.1-т заасантай нийцээгүй байна.
Дүгнэж үзэхэд, захиргааны байгууллага нь чөлөөлөгдөх албан тушаалтныг сонгохдоо хуульд заасан бүх шалгуур үзүүлэлтээр дүгнээгүй, зөвхөн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, нэхэмжлэгчийн төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчжээ.
Иймээс нэхэмжлэгчийг буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхийн тогтоол нь хариуцагчийн сонгон шалгаруулалтыг хуульд зааснаар дахин явуулах эрхийг хязгаарлахгүй бөгөөд Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулж, чөлөөлөгдөх албан тушаалтныг сонгох эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн хүсэл зориг тодорхой буюу захиргааны байгууллага хуулиар хүлээсэн сонгон шалгаруулалт явуулах үүргээ биелүүлээгүй, ажлын дадлага туршлага, олон жил ажилласан байдлыг үнэлээгүй, ажилд буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор маргасан байхад давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой эсэх, холбогдох нотлох баримтыг цуглуулах” гэсэн үндэслэл зааж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
Түүнчлэн ямар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн, уг баримт нь хэрэгт ямар ач холбогдолтой болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заагаагүй, ямар учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж дүгнэсэн, түүний үр дагавар, маргааны үйл баримтад нөлөөлөх эсэх талаар тодорхой үндэслээгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ажилд буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй, сонгон шалгаруулалттай холбогдож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дэмжээгүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 388 тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлагыг дэмжээгүй нөхцөл байдлыг анхаараагүй буруутай байна.
Гэвч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т заасан шийдвэрт ноцтой нөлөөлөхөөргүй, хэргийн оролцогчид, ялангуяа нэхэмжлэгчийн зүгээс эрх зөрчигдсөн хэмээн маргаагүй байх тул хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх үүднээс магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ