Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1323

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ" ХХК-д холбогдох,

 

Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгаж, барилгыг чанар муутай барьснаас гарсан засварын зардал 4 440 746 төгрөг гаргуулах,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан дээрх орон сууцны төлбөрийн үлдэгдэл  18 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ХХХ нь 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчтай Орон сууц худалдах, худалдан авах 28 тоот гэрээ байгуулж ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот 1 өрөө 35 м.кв байранд нүүж орсон. 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээний дагуу урьдчилгаа 18 000 000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохирсон. Гэрээний 5.1-д орон сууцны 1 м.кв-ын үнийг 700 000 ам.доллар гэж бичигдсэн боловч бүх айлуудад тэр үеийн ханшаар буюу 700 000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 5-20-01 тоот мэдэгдэлээр үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч албан ёсоор надад ямар нэгэн хариу мэдэгдээгүй.

Миний худалдаж авсан байр нь 35 м.кв бөгөөд нэг м.кв-ыг 700 000 төгрөгөөр тооцвол нийт 24 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж бидний эрхийг ноцтой хохироож өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Мөн уг байр нь хавар болоход дээврээс ус гоождог. Энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж, засаж өгөхийг шаардсан боловч засаагүй. Иймд 2012 онд 322 944 төгрөгийн таазны засвар, 2013 онд 4 117 802 төгрөгийн байрны засвар, нэмэлт дулаалгын ажилд нийт 4 440 746 төгрөгийн ажил хийлгэсэн.

Иймд ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоотод байрлах 35 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг нэхэмжлэгч ХХХ өмчлөх эрхтэйг тогтоолгож, тус байрыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж, барилгыг чанар муутай барьснаас болж гарсан зардал 4 440 746 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Гэрээний үүргээ биелүүлэлгүй үндэслэлгүйгээр бусдын өмчлөлд 20 тоот байрыг шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцуулахаар гаргасан  нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь 1 м.кв-ыг 700 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани ХХХтай 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.1-д орон сууцны м.кв-ын үнийг 700 ам.доллар гэж тохиролцож, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үнийг төлөх учиртай. Үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлсээр атал орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлөхөөс зайлсхийсэн. ... Өгсөн мөнгийг нь буцааж өгөөд байраа авах сөрөг нэхэмжлэл гаргасан. Анх 24 500 ам.доллар төлөх ёстойгоос 7 дугаар сарын 07-ны өдөр 10 837.27 доллар төлсөн. Тухайн үеийн ханш 1 384,11 төгрөг байсан. Дараа нь 2 167.17 төгрөгийг төлсөн ба долларын ханш 1 384,34 төгрөг байсан тул 18 000 000 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй.

Үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсаар 4 жил өнгөрсөн. Харин дансанд 5 000 000 төгрөг хийсэн. Иймд үлдэгдэл 8 796 доллар буюу 18 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид байраа хэдэн төгрөгөөр ч зарж болно. Гэрээнд 700 ам доллар гэж тодорхой байгаа гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 35 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч нь ХХХ болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгаж, барилгыг чанар муутай барьснаас гарсан засварын зардал 4 440 746 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ХХХгаас 18 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч “ХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 250 000 төгрөг гаргуулан хариуцагч “ХХ” ХХК-нд олгож, хариуцагчийн илүү төлсөн 233 081 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601002819 тоот данснаас буцаан гаргуулж “ХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“ХХ" ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн тул гомдол гаргаж байна.

Шүүх “... орон сууцыг 1 м.кв-ыг 700 ам доллараар тооцож нэхэмжлэгчтэй гэрээ байшуулсан нв хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. “ХХ” ХХК, “ХХХ” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалтаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтыг хариуцагч хэрэгт хавсаргасан. Уг гэрээний нэмэлт нөхцөл гэх 10 дугаар зүйлд “төлбөрт нийт 35 м.кв байрууд, 4, 12, 13, 16, 17, 18, 20 тоот, 54 м.кв байрууд нийт 8 ширхэг байрыг 1 м.кв-ийг нь 700 ам. доллараас тооцож гэрээний дагуу саадгүй шилжүүлнэ гэсэн заалт байдаг. “ХХХХ ХХК-ийн захирал гэх ХХ шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж “...Тус байрны зарим ажлыг “ХХ” ХХК нь гадна фасад, дээвэр, зоорь, засал, сантехникийн угсралт, цахилгааны ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ажлын хөлсөнд тус байрны 20 тоот буюу иргэн ХХХ-ийн оршин сууж байгаа байрыг авахаар тохиролцсон.

Гарааны хөрөнгийг банкны зээлээр гүйцэтгэж дуусгана гээд байрыг нэр дээрээ шилжүүлж авсан. Гэтэл “ХХ” ХХК нь дээрхи ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд миний байрыг бусдад худалдсан байна” гэсэн байдаг. Энэ хүсэлтээс харахад хариуцагч нь 700 ам.доллараар тооцож хийсэн гэх “Хөрөнгө оруулалтаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нээс тусдаа ажлын хөлсөнд нэхэмжлэгчийн орон сууцыг авахаар тохиролцсон байхаар харагдаж байх бөгөөд эдгээр ажлын хөлс нь хэдэн төгрөг байгаа нь тодорхойгүй.

Гэтэл шүүх ажлын хөлс 700 ам. доллар гэж үзсэн нь үндэслэлгүй. Бас энэхүү “Хөрөнгө оруулалтаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь шүүхэд гаргаж өгөх зорилгоор хуурамчаар нөхөж хийсэн гэрээ юм. Түүнчлэн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тухайн худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед уг байранд зарагдаагүй орон сууц олон байсан, тэдгээр орон сууцны м.кв-ийн үнэ 700 000 төгрөг байсан болох илэрхий үйл баримтыг огт харгалзаж үзээгүй тул шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч “ХХ" ХХК-д холбогдуулан орон сууц өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах, барилгыг чанар муутай барьснаас гарсан засварын зардал 4 440 746 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаа өөрчилж, төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг гаргуулна гэж мэтгэлцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “ХХХХ ХХК-ийн захирал ХХ нь талуудын хооронд маргаантай байгаа орон сууцыг өөрийн компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн гадна фасад, дээвэр, зоорь, засал чимэглэл, сантехникийн угсралт, цахилгааны ажлын хөлсөнд авахаар тохиролцож, нэр дээрээ шилжүүлж авсан байтал хариуцагч компани миний байрыг бусдад худалдаж, эрх ашгийг ноцтой хөндөж байна” гэх үндэслэл заан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг гаргаж байжээ.

/хх-ийн 170 дугаар тал/

 

Шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцуулж, хуралдааны явцад бие даасан шаардлага гаргах талаар хүсэлт гаргасныг, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлттэй хамтатган хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

/хх-ийн 208-209 дүгээр тал/

 

Мөн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ХХ нь гуравдагч этгээдийн хувьд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг болон 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны явцад бие даасан шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, товлогдсон шүүх хуралдаан тус бүрийг хойшлуулж байжээ.

/хх-ийн 235-236, 248-249 дугаар тал/

 

Харин 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг ХХ нь мэдсэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр хэргийг түүний оролцоогүйгээр хэлэлцсэн боловч хэргийн бусад оролцогчийн хүсэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр хойшлуулсан байна. Гэвч тухайн өдөр хийх шүүх хуралдааны товыг түүнд хуульд заасан журмаар мэдэгдсэн баримтгүй атлаа эзгүйд нь хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүх ХХыг дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа эрх зүйн байдлыг нь тодорхойлж, хэргийн оролцогч болсныг баталсан шүүгчийн захирамж гаргаагүй, ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг танилцуулах ажиллагааг хийгээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, талуудын тэгш байдал, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагчаас гаргасан гэрч асуух хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр №102/ШЗ2016/08335 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх боловч гэрч ХХХ-аас мэдүүлэг аваагүй, уг гэрчийг асуух шаардлагатай эсэхийг талуудаас тодруулах ажиллагаа хийгээгүй орхигдуулсан байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА