Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00334/И |
Дугаар | 466 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 466
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Усжуулах 5 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, ОА65120700 регистртэй, Аким овогт Цэгмэдийн Жавзансүрэнгийн нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Аким овогт Цэгмэдийн Жавзансүрэн нь 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Завсрын цагаан гэдэг газар төрсөн боловч намайг сургуульд оруулахгүй гэж аав, ээж маань миний насыг дарж бүртгүүлснээс иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдөр буруу бичигдэж одоо 1965 онд төрснөөр олгогдсон байдаг. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа учир 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 5 дугаар 09-ний өдөр ирүүлсэн Төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаанд: “Увс аймгийн Тэс сумын 1964-1967 онуудад Цэгмэд овогтой Жавзансүрэн гэсэн төрөлт бүртгэгдээгүй” гэжээ,
2. Аким овогт Цэгмэдийн овогтой Жавзансүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар,
3. Цэгмэдийн Жавзансүрэнгийн төрсний гэрчилгээнд М.Цэгмэд, Х.Чанга нарын гэр бүлд түүнийг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрснийг 1965 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн гэж бичжээ,
4. Хөх овогтой Чангаагийн №044425 тоот Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт Ц.Жавзансүрэнг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн талаар бичигджээ,
5. Гэрч Д.Жавзангийн шүүхэд өгсөн: “Ц.Жавзансүрэн нь 1964 онд Увс аймгийн Тэс сумын 3 дугаар бригадад Завсрын Цагаан гэх газарт Цэгмэдийн 6 дахь хүүхэд болж төрсөн юм. Ц.Жавзансүрэнгийн ээж нь манай аавын төрсөн ганц эмэгтэй дүү нь учраас тэр жил манай аав дүүгээ төрөхөд нь мах шөл бэлдээд эргэж очиж байсныг санаж байна. Би тэгэхэд 9 настай гэртээ байсан юм. Түүний дараа жил нь би сумын төвд сургуульд орсон бөгөөд би сургуулийн дотуур байранд байдаг, Ц.Жавзансүрэнгийн ах Цогтоо бид хамт сургуульд суралцаж байсан. Бид амралтын өдрөөр Цэгмэд ахын гэрт очиж хоол унд иддэг, заримдаа тэндээ хоноод явдаг байлаа. Намайг 10 дугаар анги төгсдөг жил буюу 18 настай байхад Ц.Жавзансүрэн 1 дүгээр ангид дөнгөж орж байсан бөгөөд түүний гэр нь сумын төвөөс 3 километр зайтай учраас гэрээсээ гүйж сургуульдаа ирдэг байсан юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Ванчингийн шүүхэд өгсөн: “Ц.Жавзансүрэн нь 1964 оны 1 дүгээр сард Увс аймгийн Тэс сумын 3 дугаар бригадад завсрын бригадад 9 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд болж төрсөн юм. Тухайн үед эмнэлэгт бараг төрдөггүй байсан байхаа. Тэр жил манайх Тэс сумын 11 дүгээр баг, Таван улиас нэртэй газар өвөлжиж байсан, бөгөөд манай аавын дүү Цэгмэдийн гэрт охин хүүхэд төрлөө гэж манайд хэл хүргэж байсан юм. Би тэгэхэд 11 настай хүүхэд байлаа. Ц.Жавзансүрэнгийн хамгийн том эгч Ц.Жавзмаа бид хоёр нас чацуу хүмүүс байгаа юм. Ц.Жавзансүрэнгийн яг дээ талын ах Ц.Магсаржав нь түүнээс 2-оос дээш насны зөрүүтэй, яг түүний доод талын дүү нь Ц.Туяа 1966 онд төрсөн 2 насны зөрүүтэй зөрүүтэй бүгд 2-3 насны зөрүүтэй хүүхдүүд байдаг юм. Өөр надад санаж байгаа юм алга” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн нь Увс аймгийн Тэс суманд Цэгмэдийн гэр бүлд 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Цэгмэдийн Жавзансүрэнг М.Цэгмэд, Х.Чанга нарын гэр бүлд түүнийг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрснийг 1965 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн төрсний гэрчилгээ, Хөх овогтой Чангаагийн №044425 тоот Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт Ц.Жавзансүрэнг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдал, гэрч Д.Жавзан, Д.Ванчин нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Аким овогт Цэгмэдийн Жавзансүрэнг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрснөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би рашаан сувилалд сувилуулж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Аким овогт Цэгмэдийн Жавзансүрэнг 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР