Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 124

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Д-, Монгол Улсын иргэн, ............төрсөн, 38 настай, эрэгтэй, суурь боловсролтой, тракторчин мэргэжилтэй, “...........” ХХК-д комбайнчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоё хүүхдийн хамт амьдардаг, ............оршин суух бүртгэлтэй, .........., урьд

- Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 04 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч О.Д- нь согтуурсан үедээ ..............хашааг түрээслэн амьдарч байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим өөрийн гэртээ хохирогч Ч.Б-тэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрсдийн нутгийн аялгаар ярьсанаас үл ойлголцол үүсэн маргаж, улмаас Ч.Б-гийн цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 23 хороо, Хангайн 7-7 тоотод төрсөн дүү Г-ынд ирсэн. Г-ынд ирээд...байж байхад манай найз О.Д- орж ирээд намайг манайд оръё гээд урьсан. Би тэдний гэрт ороход О.Д- эхнэртэйгээ хоёулахнаа байсан. ...Тэгээд О.Д-ын гэрт 0.75 граммын “Хараа” архи задлаад бид хоёр хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дахиад нэг шил 0.75 граммын “Хараа” архи дэлгүүрээс авчруулаад...хувааж уусан. Сүүлийн архийг ууж дууссаны дараа О.Д- бид хоёр нэлээн согтсон байсан. Ухаан санаа...орж гараад л байсан. О.Д- нэг харахад л хутга барьсан сууж байснаа миний цээжинд хатгасан. Би... түүнийг түлхэж холдуулаад гарч гүйгээд дүү Г-ынд гүйж очоод О.Д- намайг хатгачихлаа гэж хэлээд эмнэлгийн тусламж авсан. Миний цээжний зүүн талын хөхний доод хэсэгт хутгалсан байсан. Хутга дотогшоо нэвтэрч ороогүй. Хутга зөвхөн арьс нэвтэрч махны хэсэгт хатгагдсан шарх үүссэн. Энэ шархандаа хоёр оёдол Гэмтлийн эмнэлэг дээр тавиулсан.  ...Бид хоёрт өш хонзон өр авлага байхгүй. ...Бид хоёр согтуудаа л ам зөрөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14008 дугаартай дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн дээд хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай. ДҮГНЭЛТ

1. Ч.Б-гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

3. Гэрч О.Б-ын (хохирогчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би 12 цагийн үед...О.Д- болон түүний эхнэр С- нар гаднаас утсаа цэнэглэх гээд орж ирсэн.... Би ээжийг Дархан явах унаанд нь суулгаж өгчихөөд гэртээ ороход манай аавын ах болох Б- байхгүй байсан. Би гайхаад О.Д-ын гэр лүү нь ороход тэр гурав нийлсэн архи ууж байсан. Тэгээд байж байтал ууж байсан архи нь дуусаад намайг О.Д- нь...архинд явуулсан. Би дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад буцаагаад нөгөө гуравт хүргэж өгсөн. Тэгээд нөгөө гурвыг үлдээгээд гэр лүүгээ орсон. ...19 цагийн үед аавын ах болох Б- орж ирээд хутгалуулчихлаа гэсэн би гайхаад цамцыг нь тайлахад цээжин хэсэг их хэмжээний цус болоод хатсан байсан. Би яасан юм гэхэд О.Д- намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

4. Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайд...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ах Б- Дархан-Уул аймгаас ирсэн. Ахад манай эхнэр хоол хийж өгчихөөд Дархан хот руу явсан. Ахыг хоол идэж байх хооронд би урьд шөнө ээлжтэй ажилтай хоносон учир ядраад унтаад өгсөн байсан. Унтаж байтал ах гаднаас согтуу орж ирсэн. Тэр орж ирээд намайг О.Д- хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь босож ирээд ахаас хаана чинь хутгалсан юм гэхэд энд шаачихлаа гээд зүүн цээжний орчим цамцны гаднаас гараараа дарсан байсан. Би тэгэхээр нь цамцыг нь сөхөж үзэхэд зүүн хөний доод хэсэгт хутгаар хатгагдсан шарх үүссэн байсан. Тэрнээс цус гарч байсан. Би тэгэхээр нь маарль гаргаж ирээд шархыг нь боож өгсөн. Энэ үед би хүү Баттулгаар цагдаа, эмнэлэг дуудуулсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

5. Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн төрсөн ах Б- нь Дархан хотоос автобусаар манайд 14 цагийн үед ирсэн. Би тэгээд ахдаа хоол хийж өгчихөөд 15 цаг өнгөрч байхад замын унаанд дайгдаад Дархан хотруу явсан. Тэгээд намайг Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд замд явж байхад 19 цагийн орчимд манай охин М- над руу залгаад Б- ахыг...О.Д- ах хутгалсан байна гэж хэлсэн. ...Б- ахыг эмнэлэг аваад явсан. Биеийн байдал нь зүгээрээ...аймаар хутгалаагүй гэж хэлсэн. О.Д-ын эхнэр нь...эрүүл мэндийн шалтгаанаар 2 гарынхаа 2 эрхий хуруунаас бусад 8 хуруу болон 2 хөлийнхээ бүх 10 хурууг тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм. О.Д- л эхнэрээ асарч амьдардаг юм. 2 том эрэгтэй хүүхэдтэй тэр хоёр нь тусдаа амьдардаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

6. Шүүгдэгч О.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 7 дугаар гудамжны 18 тоот хашааг хөлсөлж амьдарч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн өглөө босоод эхнэр Сайнжаргалтай 1 шил 0.5 граммын “Хараа” архи хувааж уусан. Манай эхнэр согтоод унтаад өгсөн. Би түүний дараа гэрийнхээ гадаа найз ах Б-тэй тааралдсан. Б- ах  Дундговь аймагт өвөлжиж байгаа сая Дархан хотоос ирлээ гэсэн. ...Тэгээд ойрд уулзаагүй гээд бид хоёр ойр зуурын амьдрал ахуй нутаг орны талаар ярьж суугаад би түүнд хоёр шил 0.75 граммын “Хараа” архи авч өгч...хувааж уусан. Хоёулаа нилээд согтсон. Тэгээд архи ууж дуусаад маргалдаад би түүнийг цээжин тус газар нь хатгасан байсан. Б- ах Увс аймгийн хүн би өөрөө Хэнтий аймгийн хүн учир хоёулаа нутаг нутагынхаа аялгаар яриал хэл амаа ойлголцохгүй маргалдсан. Тэгээд тухайн маргаанаас болж түүнийг мах идээд сууж байсан хутгаараа хатгачихсан юм. ...Би гэм буруугаа ойлгоод Б- ахын хүүд аавдаа өгөөрэй эм авч уугаарай гээд 100.000 төгрөг өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45)

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7), хутганд үзлэг хийсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 12), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 13)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 50-60), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Д- нь өөрийн түрээслэн амьдарч байсан ...........гэртээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим, хутгыг зэвсгийн чанартай ашиглан, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаан нөхцлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, Ч.Б-гийн цээжинд хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр... манай найз О.Д- орж ирээд намайг манайд оръё гээд урьсан. ...Тэгээд О.Д-ын гэрт 0.75 граммын “Хараа” архи задлаад бид хоёр хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дахиад нэг шил 0.75 граммын “Хараа” архи дэлгүүрээс авчруулаад...хувааж уусан. Сүүлийн архийг ууж дууссаны дараа О.Д- бид хоёр нэлээн согтсон байсан. Ухаан санаа...орж гараад л байсан. О.Д- нэг харахад л хутга барьсан сууж байснаа миний цээжинд хатгасан. Би... түүнийг түлхэж холдуулаад гарч гүйгээд дүү Г-ынд гүйж очоод О.Д- намайг хатгачихлаа гэж хэлээд эмнэлгийн тусламж авсан. Миний цээжний зүүн талын хөхний доод хэсэгт хутгалсан байсан. ...Бид хоёр согтуудаа л ам зөрөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14008 дугаартай дүгнэлт “...1. Ч.Б-гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

- Гэрч О.Б-ын (хохирогчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Д-ын гэр лүү нь ороход тэр гурав нийлсэн архи ууж байсан. Тэгээд байж байтал ууж байсан архи нь дуусаад намайг О.Д- нь...архинд явуулсан. Би дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад буцаагаад нөгөө гуравт хүргэж өгсөн. Тэгээд нөгөө гурвыг үлдээгээд гэр лүүгээ орсон. ...19 цагийн үед аавын ах болох Б- орж ирээд хутгалуулчихлаа гэсэн би гайхаад цамцыг нь тайлахад цээжин хэсэг их хэмжээний цус болсон...байсан. Би яасан юм гэхэд О.Д- намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

- Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг унтаж байтал ах гаднаас согтуу орж ирсэн. Тэр орж ирээд намайг О.Д- хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь босож ирээд ахаас хаана чинь хутгалсан юм гэхэд энд шаачихлаа гээд зүүн цээжний орчим цамцны гаднаас гараараа дарсан байсан. Би тэгэхээр нь цамцыг нь сөхөж үзэхэд зүүн хөний доод хэсэгт хутгаар хатгагдсан шарх үүссэн байсан. Тэрнээс цус гарч байсан. Би тэгэхээр нь марль гаргаж ирээд шархыг нь боож өгсөн. Энэ үед би хүү Баттулгаар цагдаа, эмнэлэг дуудуулсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

- Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд замд явж байхад 19 цагийн орчимд манай охин М- над руу залгаад Б- ахыг...О.Д- ах хутгалсан байна гэж хэлсэн. ...Б- ахыг эмнэлэг аваад явсан. Биеийн байдал нь зүгээрээ...аймаар хутгалаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч О.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт .............амьдарч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр...найз ах Б-тэй тааралдсан. ...Тэгээд ойрд уулзаагүй гээд бид хоёр ойр зуурын амьдрал ахуй нутаг орны талаар ярьж суугаад би түүнд хоёр шил 0.75 граммын “Хараа” архи авч өгч...хувааж уусан. Хоёулаа нилээд согтсон. Тэгээд архи ууж дуусаад маргалдаад би түүнийг цээжин тус газар нь хатгасан байсан. Б- ах Увс аймгийн хүн би өөрөө Хэнтий аймгийн хүн учир хоёулаа нутаг нутагынхаа аялгаар яриал хэл амаа ойлголцохгүй маргалдсан. Тэгээд тухайн маргаанаас болж түүнийг мах идээд сууж байсан хутгаараа хатгачихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Д- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт авагдсан баримтаар хохирогчид 8.000 төгрөг (хавтаст хэргийн 34)-ийн хохирол учирсан боловч шүүгдэгч О.Д- нь хохирогчид 100.000 төгрөг өгсөн болох нь (хавтаст хэргийн 14) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх.

Шүүгдэгчид оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялаар тогтоож 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 50 хоногоор тогтоох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй. Харин О.Д-д урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Мөн тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт тооцогдох ба мөн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал гэх ойлголт 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдаагүй. Тиймээс О.Д-ын урьд үйлдсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл болж өөрчлөгдсөн, нөгөөтэйгүүр 2002 болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийн эрүүгийн хариуцлага хууль зүйн хувьд ижил, хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал гэх хуулийн зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуульд халсан хэдий ч ялтан гэх ойлголт мөн хуулиудад ижил утга агуулгаар ойлгогдохоор хуульчилсан байна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Д- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч О.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу хутгыг зэвсгийн чанартай ашигласан, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Д- нь урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 158 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 4 жилийн хугацаагаар тэнсэгдсэн ялтан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй бөгөөд түүнд энэ тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх...” гэж хуульчилсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нийт 50 хоногийн ялыг өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 50 хоног буюу 4 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд цагдан хоригдсон нийт хугацааг ялтаны ял эдлэх хугацаанд оруулан тооцно гэсний дагуу шүүгдэгч О.Д-ын энэ гэмт хэрэг болон өмнөх гэмт хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 202 (хавтаст хэргийн 90, 95) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл О.Д- нь өмнөх гэмт хэрэгтээ тэнсэгдэн ял эдлээгүй байхдаа энэ гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж байгаа учир түүний энэ болон өмнөх гэмт хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус  дурдаж. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, 15 см урт ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн өргөн нь 2.5 см цэнхэр өнгийн хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх буюу тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Д-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 50 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 50 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 50 хоног буюу 4 жил 1 сар 20 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ын урьд болон энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 202 (хоёр зуун хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, 15 см урт ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн өргөн нь 2.5 см цэнхэр өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Д-ын эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХЗУЛ